sonin.mn
НЬЮ-ЙОРК. /UN/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Сомали дахь Африкийн Холбооны энхийг сахиулах ажиллагааны /ATMIS/ Доод Шабелле мужийн Було-Мареер суурин дахь цэргийн баазад “Аль-Шабааб” бүлэглэл тавдугаар сарын 26-нд террорист халдлага үйлдсэнийг эрс зэмлэн буруушаажээ.
 
 
Аюулгүйн Зөвлөлийн гишүүд халдлагын үеэр амь насаа алдсан Уганда улсын энхийг сахиулагчдад хүндэтгэл илэрхийлээд, хохирогчдын ар гэрийнхэнд болон Уганда улсын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
 
 
Мөн Аюулгүйн зөвлөлийн гишүүд Сомали улсад үүргээ нэр хүндтэйгээр үргэлжлүүлэн гүйцэтгэж буй “ATMIS”-ийн бүх алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, Сомали улсад энх тайван, тогтвортой байдлыг хангах үйлсэд хүчин зүтгэж буйд талархал илэрхийлжээ.
 
 
Түүнчлэн террорист халдлага үйлдсэн гэмт этгээдүүд, зохион байгуулагчид, санхүүжүүлэн ивээн тэтгэгчдэд шүүхийн хариуцлага хүлээлгэх шаардлагатайг цохон тэмдэглээд, энэ асуудлаар Сомали улсын Засгийн газар болон бусад холбогдох эрх бүхий байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг бүх улс оронд уриалсан байна.
 
 
Терроризм, түүний бүх хэлбэр нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн ноцтой аюулын нэг гэдгийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүд дахин нотолжээ.Сомали улсын нийслэл Могадишо хотоос баруун өмнөд зүгт 120 орчим км-ийн зайд орших “ATMIS”-ын Було-Мареер дахь цэргийн бааз тавдугаар сарын 26-нд “Аль-Шабааб” бүлэглэлийн босогчдын халдлагад өртсөн байна. Улмаар Угандагийн цэргүүд баазыг эргүүлэн хяналтдаа авсны дараа тус улсын энхийг сахиулагчдын 54 цогцос олджээ. 
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг