sonin.mn
Эх орны хилийн тэнгэр цэлмэг, ган багана минь ганхашгүй байхыг манаж зогсох залуусаа эргээд ирлээ. Наран мандах нутагт намар сайхан болж байна. Зундаа бол 40 хэмийн халуун юу ч биш гэгдэж өвөлдөө 30 хэм гарч хүйтэрдэг гэх Замын-Үүдийн хил тайван байна.
 
Манай улсын эдийн засгийн болон өргөн хэрэглээний бараа материалын 80 хувийг энэ хилээр дамжуулан манай улс зах зээлээ хангадаг гэж бодохоор Замын-Үүд бол манай улсын хамгийн том үүд хаалга нь гэчихвэл маргах хүн гарахгүй биз. 
 
Мэдээж хил орчмын бүс гэдэг бол онцгой анхаарал татсан халуун цэг мөн ч гэлээ тэнд ажиллаж амьдарч буй залуусын орон байр, нийгмийн асуудал хөндөх сэдэв яалт ч үгүй мөн байна. Ханан гэртээ халуун хоол тамшаалж суугаа хүн орон гэргүйн зовлонг ерөөс ойлгохгүй.
 
Төрийнхөө сүлдийг тэргүүндээ залж мөрдсөөрөө гангарсан тэдэнд ажил мэргэжлээсээ өөр гоёх гоёл даанч алга. Хилийн зурвасаас хийсэн бидний сурвалжлага Мэргэжлийн хяналтынхны ажил амьдралтай танилцсанаар өндөрлөв. Зөвхөн ХМХ-ын гэх их айлд 110 гаруй хүн харъяалагдаж байна.
 
Үүний 70 гаруй хувь нь шинэ залуу боловсон хүчин гэдгийг Д.Мөнхжаргал дарга хэлэв.  Тэрбээр мөн “Нийслэлээс 780 км-т алслагдаж хилийн онцгой зурваст ажиллаж амьдарна гэдэг бол бахархам үйл хэрэг мөн ч гэлээ залуучуудынхаа нийгмийн асуудалд бодлогоор анхаармаар санагддаг юм.
 
Манай ажилчдын ихэнх нь хоёр юм уу гурваараа нийлж айлын халаасны өрөө түрээслэж амьдардаг. Ажилчдын тохитой орон сууц байхгүйгээс хань нөхөр, үр хүүхэд, аав ээжээсээ холдох үүнийг дагаад гэр бүл дотор сөрөг уур амьсгал бий болох гэх мэт хүний л амьдралын үнэт зүйлс алдагдахад хүрдэг.
 
Энэ байдлыг халахын тулд ажилчдын орон сууц барьж чадахгүй юм гэхэд арилжааны банкуудтай гэрээ байгуулж ипотекийн зээлд хилчдээ хамруулах боломжтой боллоо.Мэдээж залуучуудын хувьд тогтвортой ажлын байраас гадна нийгмийн асуудлаа шийдсэн цагт ажилдаа амжилт гаргана” гэдгийг онцоллоо. 
 
 
Манай улсын импортын барааны 70-80 хувийг Монгол Улсын хилээр шалгаж хүлээж авдаг энэ хэсэгт эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг түлхүү хиймээр санагдсан. Учир нь өмнөх жилүүдэд 5700 гаруй бодис бараа бүтээгдэхүүнийг Замын-Үүдийн хил дээр хянаж шалгадаг байсан бол өдгөө энэ тоо 2170 болтлоо эрс буурсан байх юм. 
 
МХЕГ-ынхаан, ийм байж болох уу. 3600 гаруй нэр төрлийн бодис барааг хянаж шалгахгүйгээр шууд хил давуулж ашиглаж, хэрэглэж болно гэх үндэслэлээр эрсдлийн хяналт шалгалтыг хийхээ больсон байх юм. Энэ журам заалт чинь өнөөх манай улсын хийгээд хүн ам, удмын сангийн аюулгүй байдалтай харшлаад байгаа юм биш үү. 
 
Хуулийн ийм хуудуугүй худрагагүй цоорхойгоос үүдэж хэн дуртай нь Хятад, Эрээний сайн мууг гахай гахайгаар нь бүүр цаашлаад тонн тонноор нь оруулж ирэх боломжтой болчихжээ.
 
Манай улсад хяналт шалгалтын нүднээс далдуур орж ирж болно хэмээн зөвшөөрсөн бараа материалын жагсаалтын толгойг барилгын салбарын материал тэргүүлж байна. Тухайлбал, цемент, имульс...
 
Ерөөс сав баглаа боодол, жин хэмжээндээ байгаа үгүй эсэх нь хэнд ч хамаагүйгээр үл барам шалгаж, торгох жинлэж чанар стандартын шаардлагад нийцэж байгааг нь хянах боломжгүй болжээ. 
 
Ийм амьдралаас хол тасархай хууль тогтоомж санаачилж баталж болох уу. Мөн анхаарал татсан дахин нэг эргэж хармаар асуудал нь 70 сая төгрөгийн өртөгөөр боссон хилийн зааг дээрх барилгын материалын хяналт шалгалтын лаборатори байв.
 
Дээрх 3600 гаруй нэр төрлийн бодис, бараа бүтээгдэхүүнийг хянаж шалгахгүй хилээр нэвтрүүлсэнээр 70 сая төгрөгөөр боссон өртөг бүхий энэ лаборатори хэнд ч хэрэггүй болж хувирч байгаа хэрэг биш гэж үү.
 
Тэгэхээр одоо нь өмнөхөө үгүйсгэсэн ардах нь урдахаа халсан иймэрхүү ажлын үр дүнг дахин битгий гаргаасай даа. Юутай ч МХЕГ-ынханд хил дээрх залуусаа орон гэржүүлэхээс эхлээд улс орныхоо эрүүл аюулгүй байдалтай харшлах шийдвэрүүдээ эргэж харах ажлууд мундахгүй байгааг дуулгая.
 
М.Мөнхтунгалаг 
 
Эх сурвалж: