sonin.mn
Эрхэм уншигч таны амар амгаланг эрж мэндчилж байна.
 
Эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч буй иргэн хүний хувьд иргэн бүрт оногдсон ариун дээд үүрэг гэж байх ёстой гэж би боддог.
Тэр нь иргэн бүр эрх зүйн боловсрол мэдлэгээ байнга сэлбэн дээшлүүлж, ухамсараасаа улбаалан түүнийхээ хэмжээгээр төр засаглалын бодлого шийдвэрт идэвхтэй оролцох, түүгээрээ наанадаж өөрийнхөө эрхийг хамгаалах, бусдын эрхийг зөрчихгүй байх, цаашлаад нийгмээ зөв замаар хөгжүүлэхэд санал бодлоо нэмэрлэж, оролцох явдал гэж ойлгодог.
 
Түүнгүйгээр хүмүүнлэг ардчилсан эрх зүйт нийгмийг цогцлоон байгуулахаар зарлан тунхаглаж, сайн сайхан уриа дэвшүүлээд, яриад бичээд ч өдий төдий хууль эрх зүйн бичиг баримт бүтээгээд ч түүнийгээ нийтээр хэрэгжүүлэхдээ өнгөрсөн 20 жилийнх шигээ цаашид хандвал ямар ч үр дүнгүй бөгөөд харин ч нийгмээ эмзэг байдал руу улам түлхэх болно.
 
Учир нь нийгмийн тархи нь төр. Эрх зүйт төрийн утга учир нь тухайн нийгэм улс орныхоо нийтлэг эрх ашигт  бүрэн нийцсэн хууль зүйг бий болгож, түүнийгээ улс орондоо ягштал мөрдүүлэх явдал.
 
Манай орон нийгмийн ардчилсан замыг сонгоод багагүй хугацаа өнгөрсөн ч төр  засгийн дээд төвшнөөсөө эхлээд хүмүүс өөрийнхөө хувийн ашиг сонирхолыг улс нийгмийнхээ нийтлэг эрх ашгаас дээгүүр тавьж, түүнийхээ эдийг засгийн талыг урьтал болгож, ухамсарлуулан гэгээрүүлэх  ажлыг нь орхигдуулснаас эрх зүйг  шүтсэн, шударга ёсыг дээдэлсэн нийгмийг бүтээхээсээ өмнө өнгө мөнгийг шүтсэн, шударга ёсыг уландаа гишгэсэн нийгэм болгох тал руугаа хэлтийж, авлига хээл хахууль газар авч, байгалийн баялгаа цөлмөн хулгайлж, газар нутгаа худалдаж, бас байгалийн сүйрэл рүү хөтлөх хүртлээ улс орон, ард түмнийхээ  эрх ашгийг хохироосоор ирсэн нь баян хоосны ялгааг гааруулж, тооны харьцааг эрс зөрүүтэй хэмжээнд хүргэв. Энэ мэт байдалд иргэн би бухимдахдаа та бүхэнтэй санал бодлоо хуваалцаж, бухимдлаа гадагш гаргаж байна.
 
Дээр товч дурдсан асуудлууд болоод бусад зүйлүүдтэй холбоотойгоор  санал бодлоо хуваалцах арга зам, боломжийг ашиглахаар “Монгол говь” сониноор дамжуулан та бүхэнд  ил захидал илгээж байна. Хэрэв  санал бодлоо солилцохыг хүсвэл энэ сониноор дамжуулах буюу цаг зав гарган хувиараа биечлэн уулзах өдөр цаг товлон үзэл бодлоо хуваалцвал та бүхэнд ихэд баярлах болно.
 
Иргэн Л.Хэнмэдэх. 
 
Харилцах утас 89268850, 96228850.
 
Эх сурвалж: "Монгол говь" сонин