sonin.mn
Өмнөговь аймгийн нутагт байхгүй баялаг гэж үгүй бололтой. Хаана л бол алт, нүүрс, үнэт эрдэнийн чулуу гарах болж. Цагаан шүр, чулуужсан мод, чулуужсан яст мэлхий, улаан “шүр” чулууг байгаа газраас нь хайр найргүй ухаж төнхсөн бол одоо бүр алмааз олдлоо гэх яриа олныг шуугиулаад авав.
 
Энэ талаар аймгийн МХГ-ын даргаас мэдээлэл авах гэж хоёр ч удаа очсон боловч эзгүй таарсан юм. Харин цахим хуудсанд энэ талаар доорх мэдээлэл гарсныг уншигч танд хүргэе. 
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан орон нутгийн Мэргэжлийн хянал­­тын байгууллагын удирдлагуудтай видео хурал хийжээ. Энэ үеэр Монголоос алмааз олд­сон тухай ярьсныг эх сурвалжууд хэлэв.
 
Эх сурвалжийн хэлж буйгаар, Өмнөговь аймгийн нутгаас алмааз их хэмжээгээр олдсон бололтой. Тус айм­­гийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулгаас энэ талаар тодруулахад, “Манай аймгийн Цогт-Овоо сумын нутгаас алмаазтай төстэй чулуулаг олдсон.
 
Яг алмааз гэж хэлэхэд эрт байна. Элсэн чихрийн ширхэг шиг хэмжээтэй чулуулгууд их хэмжээгээр олдож байгаа гэсэн. Бид тэр чулуулгаас дээж авсан. Удахгүй Геологийн төв лабораторид дээжийг нь явуулж шинжлүүлнэ” гэв.
 
Цогт-Овоо сумын нут­гаас алмааз эрдэнэ олдсон гэх мэдээлэл гэрлийн хурдаар тархсан. Нутгийн иргэд шөнө оройгоор алмааз олдсон гэх газарт бөөн бөөнөөрөө хүрз, жоотуу барин дайрч ухаснаас байгаль орчныг сүйтгэх эрсдэлтэй байна.
 
Ойр хавийн сумын иргэдэд ч дээрх мэдээлэл хүрснээс машинтай хүмүүс цугларч эхэлжээ. Газар дээр нь очсон иргэд алмааз гэх чулуулгийг шүдэнзний мод, скочинд наалдуулан авч байгаа гэнэ.
 
Зарим нь олсон чулуугаа иргэдэд маш өндөр үнээр зарсан гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагад хүрсэн. Одоогоор Цогт-Овоо сумын нутагт цугласан “нинжа” нарыг хүчлэн тараах ажлыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрынхан явуулж байгаа.
 
 
Эх сурвалж: "Монгол говь" сонин