sonin.mn

Авлига. Дандаа л ярьдаг хүн бүхний мэддэг сэдэв л дээ. Гэхдээ дахиад нэг сануулчихья. Угаас “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр сануулж бай" гэдэг шиг авлига алга болоогүй гэдгийг байнга ярьж баймаар байдаг юм. Учир нь авлига оршин байгаа цагт түүний гадна амьдрах аргагүй. Тийм болохоор аль болох л багасгах талыг анхаарч явах хэрэгтэй болно. Их мөнгөтэй хүн хэн нэгэнд түүнээсээ өгөөд ажлаа амжуулчихдаг явдлыг авлига гэдэг юм биш. Тэр хаана ч болж өнгөрсөн нийтэд хамаатай зүйл. Түүний эцсийн төлөгч нь энгийн иргэд л байдаг. Яг л татвар төлж байгаа мэт авлига төлж амьдардаг гэсэн үг. ТҮЦ-ээс ганц ширхэг тамхи авсан ч гаалийн татвар нь шингэчихсэн байдаг шиг. Амьдарч байгаа л бол татвар өгч таардаг.

Түүн шиг авлигын урт гар нь бидний халаасанд дүрээтэй байдаг нь хамгийн эмгэнэлтэй. Тухайлбал, орон сууцны барилга байлаа. Түүнийг барих ажлыг хурдхан эхлэхийн тулд хэн нэгэн төрийн албан хаагчид авлига өглөө гэж бодьё. Авлигад өгсөн мөнгө зардалдаа ороод явна. Ингээд барилга баригдаж дууссаны дараа метрквадратын үнээс ашгаа олохын тулд авлигаа ч бас нэмээд тооцчихож байгаа юм. Байр худалдаж авахдаа л бид давхар авлига төлдөг хэрэг. Аливаа бизнест давуу байдал олж авах гэж өгсөн төлбөрийн бутархай мөнгө бүрийг хэрэглэгчид нь өгдгийн тод жишээ бол энэ.

Байр байлаа ч, бохь байлаа ч энэ хамаатай. Тийм болохоор "авч, өгөхийг мэддэггүй” хэн байлаа ч авлигатай холбоотой амьдардаг. Энэ л үүнийг мартахгүй, жигшиж явах шалтгаан юм. Авлига арилаагүй цагт шударга нийгэм тогтохгүй.

Ж.Баяр
Эх сурвалж: "Нийслэл таймс"