sonin.mn
Чингисийн талбайд их эзэн Чингис хааныг тодруулах ёслол хийх гэтэл зөвшөөрөл өгөөгүй байна. Аргагүй шүү дээ. Зуны дэлгэр энэ цагт гадаад, дотоодын олон нүд харж байхад. Гэхдээ мал ч нядалдаг, дэнлүү ч хөөргөдөг, бөхөө ч барилдуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэнд бол хийчихжээ. Хувьд очсон юм чинь ийм л байдаг.
 
Хэнтийн аймгийнхан Өндөрхааныг Чингис хот болгож орхисон. Эгээ л ижил зиндааны хүмүүс нэгнээ дууддаг шиг. Уг нь бол нэрийг нь хэлэхийг цээрлэж хүндэтгэдэг утгаар бол хуучин нэр нь хичнээн сайхан байв. 
 
Одоо Өвөрхангайгаас ирсэн гэх хүмүүс их хааны хойд дүрийг тодруулах нь. Нийгэмд эзэлсэн байр суурьгүй, дээл хунар өмсөж элдвийн юм ярьсан нэг хүнийг гаргаад ирэх байх. Тэгвэл хааныгаа доромжлох хамгийн доод шатанд очлоо гэсэн үг. Нөгөө хүнийг нь нийтээрээ тохуурхана. Өнөөх нь “Би Чингис” гээд л цамнаад байх болов уу. Тоглоом тохууны балаг хааны нэрийг л сэвтүүлэх биз дээ. 
 
Удахгүй есдүгээр сарын 22-нд дахин чуулж хааныг зарлах юм байх. Сая өнгөрсөн ёслолд нь харин хүмүүс нэг их очоогүй нь сайшаалтай. Дэлхий сөнөнө, бурхнаар бөөлжинө гэх мэтэд барьц алдаж гүйцгээсээр туршлагажсан шиг. Г эхдээ зохион байгуулж буй хүмүүсийн хувцас хэрэглэл, тооноос харахад хүчээ авчихаж магадгүй л байна лээ. 
 
Одоо тэр хүмүүсээс бусад бүх монголчууд нэгдэж байгаад хааныхаа нэрийг хар шороонд хутгалдахаас аврахын тулд хэн ч л очихгүй байх хэрэгтэй байна даа. Буддын шашинд лам нарын хойд дүрийг зарлаж байснаас аль ч бөө мөргөлтэй оронд хааныг амилуулах гэж байсангүй. Хойд дүр гэдэг ч эхлэл нь мухар сүсэг дээр дөрөөлсөн улстөрийн тоглоом байсан юм гэнэ билээ.
 
Ж.Энх
Эх сурвалж: