sonin.mn

ТОКИО. /Koydo/. Японы Батлан хамгаалах яам тус улсын эмэгтэйчүүдэд өөрийгөө хамгаалах хүчний сөнөөгч онгоцны нисгэгч болохыг анх удаа зөвшөөрнө. 

Ийм арга хэмжээг хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх тухай урьд нь баталсан хуулийн дагуу авч байгаа аж.

Япон хүүхнүүд “F-15” болон “F-4” сөнөөгч онгоцны нисгэгч болж болно. Үүний тулд тэд гурван жилийн сургалтад хамрагдах ёстой.

Дээрх шийдвэрийг гаргахдаа Японы Батлан хамгаалах яам АНУ болон Их Британийн туршлагыг мөрдлөг болгосныг онцлон дурдаж байна.

Японы эмэгтэйчүүд тус улсын өөрийгөө хамгаалах хүчний туслах анги нэгтгэлүүдэд болон эмнэлгийн ажилтны хувиар алба хаадаг байна. Тэдний зарим нь тээврийн болон эргүүлийн нисэх онгоцны нисгэгчийн үнэмлэхтэй аж.

Хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулийг Японы парламент энэ оны наймдугаар сарын сүүлээр баталжээ. Хүн амынх нь тоо түргэн хурдацтай буурч байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авах нь чухал гэж тус улсын эрх баригчид үзжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: ”Монцамэ” агентлаг