sonin.mn


Өнөөдрийн байдлаар нутаг дэвсгэрийнх нь 70 гаруй хувь нь буюу хайгуул, ашиглалт олборлолтын 66 лицензтэй байгаа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд МУГЖ Самандын Жавхлан очиж тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийжээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сум Монгол улсын хэмжээнд хамгийн том нутаг дэвсгэртэй улсын урд хилийн хамгийн том сум юм. Үлдсэн 30 хүрэхгүй хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог аж. Одоогийн байдлаар 16 томоохон компани олборлолт хийж байна. Эдний дунд 14 жил олборлолт хийсэн компани ч байна.

Гурван том уурхайн 120-140 тонын даацтай 1500 орчим машин тус нутгийн баялгийг өдөр шөнөгүй хятад руу зөөж байна. Эрдэнэсийн энэ хараал, уул уурхайн хор уршигаас болж тус сумын 1350 өрх, 6000 гаруй хүн ам 130,000 гаруй толгой мал өнөөдөр уух ус, гишгэх газар бэлчих бэлчээргүйд хүрсэн аюул нэгэнт тулж иржээ. Тиймээс малчид эрх ашгаа хамгаалах зорилгоор хөдөлгөөн байгуулан тэмцэж байна. Тэдний тэмцлийг эрх мэдэлтэй компаниуд үл тоож байгаа ба учир Самандын Жавхлан хүч зориг, урам дэм өгөхөөр тус суманд очжээ. Иргэд малчидтай хийсэн уулзалт үр дүнгээ өгч /ул ус, газар шороогоо хамгаалахаар Гурвантус сумын малчид, хөдөлмөрчид 100 хувийн санал нэгтэйгээр нэгджээ.



Энд цөөн хэдэн баримт дурьдвал:
- Төрөх эмэгтэйчүүд дутуу төрөлт, уушигны өвчтэй хүн, бүтэлттэй хүүхэд
төрөх зэрэг үзэгдэл гарах болжээ.
- Малын уушиг нь устсан, өнгө нь өөр болсон гэдгийг малчид хэлж байна.


Гурвантэс сум Ноён, Сэрвээ, хойт талаараа Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэ жинст, өмнө талаараа Өвөр монголын Эзнээ хошуутай хиллэдэг. 100 гаруй булаг, шанд, рашаантай, говийн сумд дундаа хамгийн олон голтой сум юм. Энд монголын үзэсгэлэнт газрын нэг болох “Хэрмэн цав” оршдог. Энэ нутгийг 50-80 сая жилийн өмнө нуур тэнгис, ой мод бүхий “Үлэг гүрвэлийн” орон байсан тухай судлаачид бичжээ. Түүнчлэн эртний хөхтөн, нялцгай биет, дун, хавч, яст мэлхий, матар, чулуужсан өндөг зэрэг олон төрлийн амьтан, ургамлын үлдэгдлийг эрдэмтэд энэ нутгаас олж, нээсэн байдаг.

Гурвантэс сумын нутаг Нэмэгт, Гилбэнт, Ханын хэц, Тостын ууланд хадны сүг зураг ч элбэг байдаг. Заг, Жигд, Хайлаас, Тоорой, Сухай, Яргай, Харгана, Буйлс зэрэг мод бут, Улаан гоёо, Чихэр өвс, Лидэр, Хулангийн ундаа, Морин шарилж, Алтан гагнуур, Хятангар, Загсгал, Арц зэрэг эмийн ургамал: Цулхир, Хүмүүл, Таана, Сонгино, Бажуун зэрэг хүнсний ургамал, Заг бударгана, Шаваг, Дэрс, Зэгс зэрэг бэлчээрийн олон төрлийн ургамал ургадаг газар. Энэ бүхэн уурхайгаас болоод устаж үгүй болоод байгаа аж.

Ч. Батцэцэг

Эх сурвалж: unen.mn