sonin.mn
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулахдаа Эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтыг нэгдсэн цахим програм хангамж хэрэглэхээр тусгасан.  Эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг  удирдамжид үндэслэн бичих,  цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч, төлөөлөгч нарт эмийг таниулах, нэвтрүүлэх  үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болголоо. Эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, эмийн жишиг үнийг нэвтрүүлэх, шат бүрт эмийн үнийн зохицуулалтын эрх зүйн орчныг орууллаа. Энэхүү хууль батлагдсанаар эрүүл мэндийн  салбарт тулгамдаж буй  асуудал болох эм, эмнэлгийн  хэрэглэгдэхүүний чанар, аюулгүйн байдлыг хангах зохистой хэрэглээг төлөвшүүлэх, нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна гэдгийг онцлов.
 
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Антибиотик эм жороор олгох ёстой. Гэтэл өнөөдрийн зах зээл дээр чөлөөтэй зарагдаж байна. Харин цаашид энэ хууль гарснаар  энэ бүх асуудлыг зохицуулах уу?
 
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсад антибиотикийн хэрэглээ төдийлөн сайн хяналтад байхгүй байна. Үүнээс болж эмэнд тэсвэртэй нянгийн  тархалт нэлээдгүй их байна. Цаашид бид энэ тал дээр сайн хяналтыг хэрэгжүүлнэ. Энэ ажлын хийхийн тулд жорын системийг бүрэн цахимжуулна. Аль түвшний аль ч шатны эмнэлэгт  жор бичүүлэхэд жор нь эмийн санд цахимаар орчдог байх зохицуулалт хийнэ. Харин жоргүй үед эм олгосон бол хяналт тавьдаг Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг байгуулахаар хуулийн өөрчлөлт орсон явж байна. Ирэх жилээс антибиотикийн хэрэглээнд өндөр хяналт тавих боломж бүрдэж байна.
 
 
 
Манай улсад эмийн найрлагыг бүрэн тогтоодог эмийн лаборатори байхгүй. Одоогоор улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын газарт нэг ллабораторитой. Цаашид шинэчилсэн хуулиар Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг дээр өндөр чанарын түвшнийг тогтоодог олон улсын лабораторитой  болох зорилготой ажиллаж байна.
 
 
УИХ-ын гишүүн Г.Мөнхбаатар: Эмийн зар сурталчилгааг хэрхэн хянах вэ. Үнэн зөв мэдээлэл хэрхэн өгөхийг хуулийн төсөлд оруулах ёстой. Эмийн хяналтын асуудлаа агентлагт шилжүүлэхийг дэмжиж байна.