sonin.mn

Төвдийн яруу найрагч эмэгтэй Цэрэн Бээжинд суугаа Данийн Элчин сайдын яамны байранд болох утга соёлын ёслолд оролцон Хунтайж Карлосын сангийн нэрэмжит шагналаа гардан авах ёстой байтал хятадын эрх баригчид хориг тавьсан байна. Зохиолч бүсгүйг аюулгүйн албаныхан гэрээсээ зөвшөөрөлгүй гарч ийш тийш явахыг нь хатуу хориглосон бөгөөд гэрийнх нь гадаа тусгай харуул, туршуул зогсоон харгалзуулжээ.

Цэрэнд дээрх шагналыг Төвдийн ард түмний эрх чөлөөний төлөө зоригтой тэмцэн, дуу хоолойгоо хүргэж байгааг нь үнэлэн олон улсын зүгээс олгохоор шийдсэн аж. Дэлгүүр хоршоо гээд хаашаа ч явсан Цэрэн гадаа байгаа харуулуудаас зөвшөөрөл авч байж явж байгаа бөгөөд түүнд энэ бүх арга хэмжээний тухай хэн ч, юу ч тайлбарлаагүй байгаа аж.

Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"