sonin.mn

Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн байцаагч Ч.Тамираатай ярилцлаа

-Гаалийн хуулийг санаатайгаар зөрчиж, татвараас зайлсхийх тохиолдол нэмэгдсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-2014 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын Гаалийн байгууллага 2760 зөрчил илрүүлсэн. Эдгээр зөрчилд нийтдээ 500 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн зөрчлүүдтэй холбоотойгоор 600 орчим сая төгрөгийн барааг улсын орлого болгож, гурван тэрбум төгрөгийн барааг түр саатуулан шалгаж байна. Аравдугаар сарын 31-ний байдлаар 76 эрүүгийн гэмт хэргийг илрүүлсэн.

-Өвлийн улирал эхлэхээр улсын хилээр дархан цаазат, ховордсон амьтны эд эрхтэнг гаргах нь ихэсдэг. Уг зөрчлийн илрүүлэлт ямар байна вэ?

-Түүх соёлын дурсгалт зүйл болон ховордсон амьтны эд эрхтэн, эвэр туурай, арьс үс, хориглосон барааг хууль бусаар улсын хилээр гаргах, оруулж ирэх зөрчил нэмэгдэж байна. Өвлийн улиралд ховордсон ан амьтны эд эрхтэн, эвэр туурайтай холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгддэг.

Өнгөрсөн сарын 23-нд БНХАУ-ын иргэн Ши гэгч Хятад улс руу зорчихдоо өөрийн авч явсан ачаандаа 17 ширхэг чонын арьсыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нуун далдалж хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ховордсон амьтан ургамлыг гурван зэрэгт хуваадаг. Нэн ховор, ховор, элбэг амьтан ургамал гэдэг.

Эдгээрээс нэн ховор, ховор зэрэглэлд орсон амьтан ургамлыг ашиг орлого олох зорилгоор хил дамнуулан худалдаалахыг шууд хориглосон байдаг. Элбэг амьтан, ургамлыг тухайн улс орны байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр судалгаа шинжилгээ, өсгөн үржүүлэх зорилгоор цөөн тоогоор худалдан борлуулахыг зөвшөөрдөг.

Өвөл ан амьтны арьс, үс, эд эрхтэнг нь улсын хилээр авч гарахаар муудахгүй гэсэн нийтлэг ойлголт иргэдийн дунд байдаг. Гаалийн байгууллагын хяналт шалгалтаар нэн ховор буюу устаж мөхөх аюулд орсон ирвэсийн арьс, баавгайн савар, аргалын эвэр, чонын эвэр, туурай, арьс, үнэг хярсны мах, арьс, эдлэг шонхрын мах, цагаан загасыг агнасан байдалтайгаар улсын хилээр гаргах гэж байсныг барьсан 10 орчим хэргийг илрүүлсэн. Тиймээс бид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа.

-Иргэд хууль бусаар буу болон галт зэвсэг, сум их хэмжээгээр оруулж ирдэг. Энэ төрлийн зөрчил хэр гарч байна вэ?

-Хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр оруулахыг завдах, их хэмжээний татвараас зайлсхийх гэсэн гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд давамгайлж байна. Ерөнхийдөө сүүлийн үед зохион байгуулалттай, санаатай үйлдэж байгаа гэмт хэргүүд нэмэгдэж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн сарын 28-нд АНУ- аас Монгол руу ирсэн дотроо хоёр суудлын автомашинтай, түүвэр ачаа бүхий чингэлгийг гаалийн байгууллагын ажилчид эрсдэлтэйд тооцож шалгасан. Шалгалтыг Улаанбаатар хот дахь Апитимагийн гаалийн хяналтын бүсэд хийсэн.

Энэ чингэлгийг Монгол Улсын иргэн 45 настай Г гэгч хүлээн авахаар гаальд мэдүүлсэн байгаа. Нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд remington мөн win- chester маркийн галт зэвсэг, 220 ширхэг сумыг улсын хилээр хууль бусаар оруулж ирэхийг завдсан.

Мөн зөвшөөрөлгүй, дахин шалгалтаас нуун далдалсан байдалтайгаар улсын хилээр оруулж ирэхийг завдсан гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг илрүүлээд байна. Газар дээр нь нотлох баримт цуглуулж баталгаажуулаад Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн.

Өвлийн улирал болохоор их хэмжээний ан агнадаг. Тиймээс хууль бусаар ан агнах зорилгоор оруулж ирсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. АНУ болон Европоос ирдэг түүвэр ачаа бүхий чингэлгүүд эрсдэл ихтэй.

-Иргэд галт зэвсэг болон сум оруулж ирэхдээ хаанаас зөвшөөрөл авах ёстой байдаг вэ?

-Галт зэвсэг, сумыг улсын хилээр оруулж ирэхийн тулд Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллага манайд мэдүүлээд хяналт шалгалтын дор оруулж ирдэг.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болоод НӨАТ-аас чөлөөлж байгаа юу?

-Иргэд аж ахуйн нэгж байгууллага татвараас зайлсхийдэг. Засгийн газраас бодлого гаргаж, 2014 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг Гаалийн болоод НӨАТ-аас чөлөөлсөн.

Гэтэл татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахгүй техник тоног төхөөрөмжийг улсын хилээр хууль бусаар оруулах үйлдлүүд гарсан. Нэг үгээр хэлэхэд, татвар төлөхгүй байх зорилгоор өөр барааг оруулж ирэх гээд байдаг. Татварын хөнгөлөлтөд алт, уул уурхай, барилгын тоног төхөөрөмж багтдаг.

Харин согтууруулах ундааны тоног төхөөрөмж орохгүй. Гэтэл зарим иргэн худал нэр бичиж, хууль бусаар тоног төхөөрөмж оруулж ирэх гэдэг. Өөрөөр хэлбэл, жижиг зориулалтын бус тоног төхөөрөмжийг жижиг дунд үйлдвэрийнх гэж худал мэдүүлж татвараас зайлсхийх санаа зорилго агуулж байгаа. 76 эрүүгийн гэмт хэргийн тал нь татвараас зайлсхийсэн байсан.

-Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн чөлөөт бүсээр Оросын холбооны улсаас эм тариа оруулж ирэх зөрчил их гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн чөлөөт бүсээр Оросын холбооны улсаас Монгол Улсад оруулж ирж байгаа иргэд эм, эмийн бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэх нь их. Эм, эмийн зүйл гэдэг нь онцгой эрсдэлтэй.

Улсын хилээр хууль бусаар оруулж ирж хяналтгүйгээр хэрэглэвэл иргэдийн эрүүл мэнд, удмын сангийн аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй. Гэтэл ОХУ руу зорчсон монгол иргэд хаана, хэзээ үйлдвэрлэсэн, найрлага нь тодорхойгүй эмийг оруулж ирдэг.

Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй эмийн бүтээгдэхүүнээ хямд үнээр зарж ашиг олох зорилготой хүмүүс байдаг. Ийм төрлийн гэмт хэрэг арвыг илрүүлж харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Иргэдэд анхааруулж хэлэхэд, хугацаа нь дууссан, гар дээрээс худалдаалж байгаа эмийн зүйлсийг авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байгаа.

-Он гарснаар олон хүн хар тамхины хэргээр ял авлаа. Улсын хилээр хар тамхи оруулж гаргах зөрчил хэр их илэрсэн бэ?

-Хар тамхи, мансууруулах бодис болон үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг улсын хилээр оруулж, гаргах дамжин өнгөрүүлэхийг үндэсний хууль тогтоомж болоод олон улсын гэрээ конвенциор хориглосон. Хар тамхи мансууруулах бодис нь өндөр эрсдэлтэй бараа учраас шууд гэмт хэрэгт тооцдог.

Энэ онд л гэхэд хар тамхитай холбоотой гурван гэмт хэргийг илрүүлж цагдаа, тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын хилээр хар тамхи авч гарахыг завдсан хоёр үйлдэл байгаа.

Иргэн Г БНХАУ руу зорчин явахад нь гаалийн байгууллага эрсдэлтэй гэж үзэн шалгалт хийсэн. Шалгалтаар лабораторийн аргаар гаргаж авсан icе хэмээх 160 грамм мансууруулах бодис хэрэглэх багаж хэрэгслийн хамт авч явааг Замын-Үүдийн гаалийн газар илрүүлсэн.

Энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Гурван хэрэг илрүүлсэн гэхээр бага сонсогдох байх. Гэхдээ хар тамхи мансууруулах бодисын өчүүхэн бага тун залуусын оюун санаа, эрүүл мэнд, үр удамд нь муугаар нөлөөлж, хордуулж байна.

-Зарим хэрэг өөр улсын хил дээр очиж илрэх тохиолдол бий. Иргэд ч Монгол Улсын гаалийн байгууллага муу ажилладаг гэж шүүмжилдэг. Ажилчид нь авлигад өртсөн гэдэг. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Улсын хил дээр манайхаас өөр олон байгууллага ажилладаг. Хилийн мэргэжлийн хяналтын газар, Хил хамгаалах байгууллага, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар, Хилийн тагнуулын болон мөн тухайн бүсэд ажилладаг цагдаагийн байгууллага бий. Бүх байгууллага өөр өөрсдийн чиглэлээр хяналт тавьж ажиллаж байгаа.

Үйл ажиллагаа нь давхарддаггүй. Зарим тохиолдолд хар тамхи, эм, эмийн бүтээгдэхүүн, ховордсон ан амьтны эвэр туурай, эд эрхтэнтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэхийн тулд тодорхой үйл ажиллагаа явуулдаг.

Хууль хяналтын байгууллагууд дотроо мэдээлэл солилцоод хамтын ажиллагааны хүрээнд зарим гэмт хэргийг мэдсэн хэрнээ мэдээгүй царайлж өнгөрүүлдэг. Нэг үйлдлийг өнгөрөөж байгаа ч хууль хяналтын байгууллага хянаад өнгөрөөж байна гэсэн үг.

Жишээлбэл, энэ ачаа хаана очиж бууж байна. Хэн хүлээж авч, хэн рүү илгээж байна гэдгийг харж гэмт хэргийн бүлэглэлийн сүлжээг илрүүлдэг юм. БНХАУ, ОХУ-ын гаалийн байгууллагатай энэ тал дээр хамтарч ажилладаг.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: