sonin.mn
Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн АН-ны хорооны гишүүд намынхаа ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын талаар тун ноцтой баримтыг дэлгэж байсан билээ. Тодруулбал, түүнийг тус дүүргийн АН-ын дарга байхдаа 2012 оны Орон нутгийн сонгуулиар МАН-тай нууц гэрээ байгуулан өөрийнхөө гар хөл болох 34 хүнийг тодорхой эрх мэдэлтэй албан тушаалд томилж, Сонгинохайрхан дүүргийг өөрсдийн гарт оруулан, АН-ыг эзэгнэлээ хэмээн мэдээлсэн. Тэгвэл Л.Эрхэмбаярын хийсэн нууц гэрээний зарим зүйл нь ил болж эхлээд байна. Тухайлбал, түүний гар хөл гэж нэрлэгдсэн, урьд нь хэний ч танихгүй М.Чинболдыг дүүргийн Засаг даргаар томилж, Санхүү Төрийн сангийн хэлтсийн даргаар Л.Эрхэмбаярын хувийн компани болох “Түмэн Шувуут”-ын няглан бодогчоор ажиллаж байсан С.Болорцэцэг гэх эмэгтэйг томилсон нь энэхүү нууц гэрээний нэг хэсэг нь байжээ. 
 
Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын эрх үүргийг зохицуулах хэсэгт нь “ИТХ, дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албадын удирдах бүрэлдэхүүний албан тушаалын томилгоог хоёр тал харилцан тохирч хавсралтаар батална” хэмээн заасан нь дээрх хүмүүст ийнхүү албан тушаалын боломж олгох тохиролцоо байж. 
Хамгийн ноцтой нь Л.Эрхэмбаяр даргын журмын нөхдөөсөө нууцлан хийсэн нэгэн хачирхалтай тохиролцоо нь дүүргийн Засаг дарга М.Чинболд Засаг даргын нөөц хөрөнгийг өөрийн эрх мэдлийн хүрээнд батлуулж, жил болгон батлуулсан төсөвт хөрөнгөө хэтрүүлсэн тодотголтойгоор нэмүүлдэг байжээ. Тухайлбал, тэрбээр ойролцоогоор 500 орчим сая төгрөгийг жил бүр зарцуулдаг бөгөөд үүн дотор нь нэг удаагийн хандив тусламж нэрийдлээр их хэмжээний мөнгийг удаа дараа хувийн харилцах данс руу нь шууд шилжүүлсэн баримтын зах зухаас нь АН-ын гишүүд дэлгэн тавьсан юм.
 
Баримт 1. 
Тус дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч даргын албан тушаалтай Н.Ганаагийн хувийн данс руу гурван удаагийн үйлдлээр 36.0 сая төгрөг, тус дүүргийн МАН-ын дарга асан Д.Баярсайханы хувийн харилцах данс руу нь 24.0 сая төгрөгийг тус тус шилжүүлж байжээ. 
Ямартай ч одоогоор олонд дэлгэгдсэн энэхүү санхүүгийн мэдээлэл нь дээрх нэр бүхий албан тушаалтнуудад хуваарилж, баримт нь ил болсон нь л гэнэ. Уг нь дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөд ихээхэн мөнгө хуримтлагддаг гэдгийг хэн хүнгүй мэднэ.
 
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн оны сүүлээр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр тус газрын ажилчид Засаг даргын нөөц хөрөнгөөр гадаадад аялж зугаалсан үйлдлийг нь мэргэжлийн байгууллага шалган тогтоож, хууль зөрчсөн болохыг нь баталж байсан. Тэгэхээр Засаг даргын нөөц хөрөнгийг юунд яаж зарцуулдаг нь ч тодорхой болж байгаа юм. Тиймээс тус дүүргийн ИТХ-ын хэсэг төлөөлөлөгчид энэхүү нөөц хөрөнгийн мөнгийг хаашаа, хэний данс руу, хэдэн удаагийн үйлдлээр хэдэн сая төгрөг шилжүүлснийг нь нягталсны дараа АТГ-т хандаж асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар болжээ. Түүнчлэн Л.Эрхэмбаяр даргын хувийн компани болох “Түмэн шувуут” ХХК нь өнгөрсөн оны “100 шилдэг бүтээн байгуулалт”-д багтаж байсныг олон нийт санаж байгаа. Тэгвэл энэхүү шинэ үйлдвэр нь хэний мөнгөөр, хаанаас яаж санхүүжсэн болохыг нь тодорхой баримт дээр түшиглэн мэдээлэх болно гэдгээ Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд онцлон мэдэгдэж байсан юм. Ямартай ч эх сурвалжууд дээрх хууль бус үйлдлүүд нь зөвхөн эхлэл нь, эдгээрээс гадна ихээхэн ноцтой баримтууд гарч ирж байгаа учир сайтар нягталсныхаа дараа олон нийтэд мэдээлэх болго гэдгээ ч хэлж байв. Ямартай ч сүүлийн үед Сонгинохайрхан дүүргийн дарга нарын хууль бус үйлдлүүд олны анхаарлыг тун их татах болоод байна.
 
Эх сурвалж: