sonin.mn

Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/ нь 2012 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны бэлтгэл, зохион байгуулалт хангалтгүй, сонгуулийн дүн хүчингүй гэсэн байр сууриа дараах үндэслэлээр дахин илэрхийлж байна. Үүнд:
Сонгогчдын оролцоо 1992 онд 95 хувь байснаа 2008 онд 76 хувь болж, 2012 онд 65 хувь хүртэл буурч ирсэн байдалд улс төрийн намууд, улс төрчид, СЕХ-ноос дүгнэлт хийх шаардлагатай байна. Асуудал өнөөдөр ардчиллын хамгийн чухал ажиллагаануудын нэг болох сонгуульд итгэх нийгмийн итгэл алдарч байгаа сөрөг чиг хандлагыг зогсоох, сонгуулийн шударга байдлыг ханган баталгаажуулахад оршиж байгаа юм.
Энэ удаагийн сонгууль шударга бус, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн сонгууль боллоо. Мөн “том” гэгдэх улс төрийн намууд сонгуулийг явуулсан нь сонгуулийн хууль тогтоомжид заасан ёс зүйн хэм хэмжээ, түүний дотор шударга өрсөлдөөний хэм хэмжээг зөрчсөн бөгөөд баян ядуу, хот хөдөөгийн ялгаа хэрээс хэтэрч ядуурал газар авсан манай орны хувьд ёс суртахуунгүй явдал гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хууль тогтоомжийг сонгууль ойртуулж батлан гаргаснаас бэлтгэл ажил хангагдаагүй, сонгогчдын бүртгэл будлиантай, тоног төхөөрөмжийг санал хураах өдрөөс 3-хан хоногийн өмнө орон нутагт хүргэж, сургалтыг хагас өдөрт хийж байсан. Санал авах байрны хаягийн мэдээллийг сонгогчдод хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгөх нөхцлийг хангах ажил учир дутагдалтай байсан. Санал авах байранд ажилласан төрийн албан хаагчдын зүгээс сонгогчдыг хууль бусаар дарамтлах явдлаас сэргийлэх арга хэмжээ аваагүй, сонгуулийн ажиглалтыг бараг утга нь алдагдтал хэт журамлан зохицуулсан юм.
СЕХ нь санал авах, тоолох болон саналын хуудсанд тэмдэглэгээ хийх тухай заавар, журмаа удаа дараалан засварлаж, сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа хаагдаж буй 6-р сарын 26-ны өдөр 127 тоот тогтоолоо ”чоно борооноор” гэгчээр гаргаж хамгийн сүүлчийн өөрчлөлтийг хийсэн болно. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж “санал тоолох төхөөрөмжид уншигдсан бүх саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцсугай” гэснээр санал хураалтын дүнг тойрсон маргаанууд үргэлжилсээр байна.

Тухайлбал, Булган аймаг буюу 4-р тойргийн санал хураалтын нэгдсэн дүнгээс харахад өгсөн саналын хуудасны тэн хагасаас илүү хувь нь хүчингүй, дүнгийн бүх тоон мэдээлэл зөрж байгаа нь төхөөрөмжийн програм асуудалтай, санал авах, дүнг нэгтгэх ажиллагаанд маш болхи, зүй бус оролцоо байсныг илтгэнэ. Булганд нийт бүртгэгдсэн 38152 сонгогчоос 26365 нь саналаа өгсөн ажээ. Гэтэл өгсөн саналын хуудасны 13662 буюу 51,82% нь хүчингүй, 25732 буюу 97,70% нь хүчинтэй гэсэн ойлгомжгүй тулгалт хийсэн байна. Хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг тоолвол 39394 болж, санал өгсөн сонгогчийн тоог бүү хэл, уг тойрогт бүртгэлтэй нийт сонгогчийн тооноос ч хэтэрсэн байна. Энэ жишгээр бусад 25 тойргийн дүнд итгэх боломжгүй юм.
Булганы жишээнээс хоёр дүгнэлт хийж болно. Нэгд, уг тойрогт хүчинтэй саналын хуудас зөвхөн 48,18%-тай болох нь сонгуулийг хүчингүйд тооцох үндэслэлийг бий болгож байгаа юм. Хоёрт, 2012 оны автоматжуулсан сонгууль нь өмнөх сонгуулиудын зөрчил, дутагдлыг арилгах нь бүү хэл хоёр сонгогч тутмын нэгийнх нь сонгох эрхийг бүдүүлгээр зөрчсөн байна. Улмаар, СЕХ-оос ИХН-д албан ёсоор өгсөн нэгдсэн дүнг харахад улс даяар нэг ч саналын хуудас хүчингүй болоогүйд үнэмшихэд бэрх байна.

Иймээс ИХН нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хамгаалах, ардчиллын хэм хэмжээг эрхэмлэн дээдлэх үүднээс дараахь шаардлагыг СЕХ-нд тавьж байна.

Үүнд:
1. Улс төрийн намуудын оролцоотойгоор тойрог бүрт бүртгэлтэй сонгогчдын тоотой хувь тэнцүүлсэн тооны хэсгийг шодох аргаар хавсралтад заасны дагуу сонгож, хяналтын тооллогыг 2012 оны 9 сарын 30-ны дотор гар аргаар явуулж, автомат тооллогын дүнтэй харьцуулсан дүнг өдөр тутмын сонинд нийтлэн, СЕХ-ны цахим хуудсанд байрлуулах;

 


2. Тойргийн санал хураалтын дүнг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 46.3-т заасан үзүүлэлтээр мөн хуулийн 48.1-д заасны дагуу тойрог тус бүрээс СЕХ-ын 2012 оны 5-р сарын 15-ны өдрийн 61 тоот тогтоолын 5, 6-р хавсралт болох маягтуудад оруулсан байдлаар 2012 оны 8 сарын 31-ний дотор өдөр тутмын сонинд нийтлэн, СЕХ-ны цахим хуудсанд байрлуулах. Дахин санал хураалт явуулсан тойргуудын дүнг хуульд заасан үзүүлэлтээр нэгтгэж мөн энэ арга хэлбэрээр цаг тухайд нь мэдээлэх;


3. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 49.1-д заасны дагуу нэгтгэж гаргасан сонгуулийн дүн, мөн хуулийн 49.3-т заасны дагуу Ерөнхийлөгчид айлтгасан нам, эвслийн авсан суудлын тооны тухай мэдээллийг бүрэн эхээр нь нэн даруй өдөр тутмын сонинд нийтлэн, СЕХ-ны цахим хуудсанд байрлуулах.


4. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу санал авах, тоолох төхөөрөмжийг худалдан авах, уг төхөөрөмжийн програм хангамжийг бэлдэх гэрээ байгуулахтай холбогдох СЕХ-оос гаргасан шийдвэрийг нэн даруй өдөр тутмын сонинд нийтлэн, СЕХ-ны цахим хуудсанд байрлуулах.


5. 2012 оны УИХ-ын сонгуульд ашигласан 28 тэрбум төгрөгийн өртөгтэй санал авах, тоолох төхөөрөмж, түүний программ хангамж, төхөөрөмжийг ашиглах журам, ашигласан байдалд хөндлөнгийн үнэлгээг энэхүү төхөөрөмжийг үйлдвэрлэсэн болон нийлүүлсэн улс, компаниас өөр улс, компанийн мэргэжилтнүүдээр хийлгүүлж, дүнг энэ оны орон нутгийн сонгууль явуулахаас наад зах нь 21 хоногийн өмнө өдөр тутмын сонинд нийтлэн, СЕХ-ны цахим хуудсанд байрлуулах.


6. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 5.1.1-д “сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах шийдвэрийг гаргахад улс төрийн намуудын зөвшилцлийг хангах” гэж заасан үндсэн зарчмыг хэрэгжүүлж, Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намын оролцоо бүхий зөвлөгөөнөөр санал тоолох төхөөрөмжийн үнэлгээний дүнг хэлэлцүүлэн уг төхөөрөмжийг цаашид ашиглах эсэх талаар зөвшилцөлд хүрэх, зөвлөгөөний тэмдэглэл, дүнг цаг тухайд нь өдөр тутмын сонинд нийтлэн, СЕХ-ны цахим хуудсанд байрлуулах.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь ардчиллын хэм хэмжээ, иргэд, сонгогчдынхоо эрх, улсынхаа хууль тогтоомжийг эрхэмлэн хүндэтгэж дээрх шаардлагуудыг хүлээн авч биелүүлнэ гэдэгт Иргэний хөдөлгөөний намын эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчид, дэмжигчид итгэж байна. ИХН нь сонгуулийн хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг цаашид боловсронгуй болгоход Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ