sonin.mn

Сар шинэ хуучраагүй байхад атан тэмээ алжааж хүрдэг Өвөрмонголын Алшаа нутагт хөл тавих хувь тохиов. Арван оны тэртээ албаны шугамаар тус аймгийн төв Баянхотод очихдоо тэмээ, чулуу, гоёо гурав энэ нутгийн нэрийн хуудас юм уу даа гэсэн бодолтой буцсан.


“Хачин чулууны музей” гэж өвөрмөц сонин үзмэртэй музей үзсэн сэн. Энэ удаад хоног хугацаанд шахагдалгүй уужуу тайван явсан болохоор үзсэн дуулсан минь арай илүү байлаа.


Домог түүхээс мэдэх болсон алдарт Бадайн жаран, Тэнгэр элсийг нь үзэж чадаагүй, Эзнээ хошууны түүхт Хар хотын туурийг сонирхож чадаагүй ч Баруун, Зүүн хийдэд зочилж, номын дэлгүүр, орон нутгийн музейгээр орж, монгол айлд уригдаж, судлаач, сэтгүүлч, зохиолч, эмч гээд олон мэргэжлийн хүмүүстэй хуучилж, энэ нутгийнхан “Өнө өргөн Алшаа олдохуйяа бэрх нутаг” хэмээн ардын дуундаа бахдан дуулдгийн чухам утгыг сэтгэл зүрхээрээ мэдрэв. Хаврын хавсарганы ид үеэр очсон ч Алшаа нутгийн тэнгэр алсаас ирсэн биднийг ивээж аяс намуун, налгар сайхан байлаа. Ер нь Алшаа нутгийн байгалийн үзэсгэлэнг бахдаж, алшаа түмний бахархал болсон дуу аялгууг сонсъё гэвэл Монгол улсын дуучин МУСТА Б.Энхмэндийн дуулсан “Хан тэнгэр Алшаа” дууны клипийг Youtube-ээс үзэх хэрэгтэй гэдгийг тэнд очоод сонсов.


Би говьтой, уултай нутгийн хүн учраас говь нутгийн байгаль, цаг уурын онцлогийг сайн мэднэ. Алшаа бол аргагүй л тэмээний диваажин байхаар нутаг юм. Хүн ам нь түүхийн ээдрээт цаг үеүдэд ойж гарсан ойрадууд, харваж гарсан халхууд учраас хэл соёлын хувьд харилхаж хачирхах юм алга.


Нутгийн буурлуудын хэлэлцдэг байсан хуучны үг хэллэгийг тэдний амнаас сонсохоор цаг хугацааны машинаар аялан хүүхэд насандаа эргээд оччихсон мэт санагдана. Уулга алдах нь, уярч дуулах нь ч, зочилж дайлах нь, хуучилж хөөрөх нь ч монголоороо сайхан байна. Энэ нутгийн аль сайхныг хэлж барахав дээ. Цагийг тань хэмнэх үүднээс олныг үл өгүүлэн нэгэн сайн эмч, эмнэлэг хийгээд цаг төрийн үймээн хувь хүмүүний амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай түүхийг сонирхуулсугай.


Нэг. АРДЫН ДУУ ШИГЭЭ АЛДАРШСАН “АЛТАН МОНГОЛ” ЭМНЭЛЭГ


“Арван найман настайдаа атан тэмээ унаад айлаас айл дамжсан эмч явлаа” хэмээн аяс намуунаар өгүүлэх настанг Алтантуяа гэнэ. Элсэн говьд ганц бүсгүй айлаас айлын хооронд хэрэн явах гэдэг юу болохыг говь мэдэхгүй хүн бол төсөөлөхгүй. Монгол, хятад, түвдийн уламжлалт анагаах ухааны эрдмээс тус тусын ахмад эмч нараар заалгаж, дээр нь орчин цагийн анагаахуйн боловсрол эзэмшсэн Алтантуяа эмч тавь гаруй жил мэргэжлээрээ ажиллаж, мэдлэг туршлага хоёрын аль алиныг арвин хуримтлуулсан нь ярианаас нь мэдэгдэнэ.


“Монголын уламжлалт анагаах ухааныг жинхэнээр нь өвлөн хадгалж, хөгжүүлж байгаа газар бол манай Алшаа нутаг. Манайд Түвд, Хөхнуурт суралцсан сайн эмч, оточ нар дээрдээ их байсан. Би өөрөө Сүрэнжав, Жигмэд зэрэг алдартай сайн эмч нарын шавь” хэмээн тэрээр хуучилж байна.


Уламжлалт эмчилгээний “Алтан Монгол” эмнэлгээ 2006 онд байгуулснаас нь хойш Өвөр Монгол төдийгүй Шинжаан, Хөхнуураас хүртэл зорин ирж, шавь болсон эмч нарын тоо хэдий нь 80 хол давсан гэнэ. Энэ хооронд түүний нэр хилийн чинадад ч танил болж, Америкаас шагнал хүртэж, гадаад дотоодын олон өвчтөн тэдний эмнэлгийг зорин ирдэг болжээ. “Хамгийн хол нь одоогоор Оросын Санкт-Петербург, бас Японоос хүмүүс ирдэг. Монголоос бол олон хүн ирж эмчлүүлсэн дээ” гэж тэр хэлсэн. Алтантуяа эмч хүүхдийн суулгах өвчний тухай судалгааны ном хэвлүүлж, суулгалтын эсрэг “Эгшээ” нэртэй эм бүтээсэн нь Бүх Хятадын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн эм болсон гэнэ. Үнэхээр гайхамшигтай эм хэмээн хүн болгон шагших аж. “Миний бүтээсэн элэгний эм бас сайшаал шагнал хүртэж, амжилттай сайн байгаа. Бөөрний өвчний судалгаа маань ч урагштай явж байна. Хүн ер нь үргэлж сурч, шинийг санаж сэдэж байх хэрэгтэй” гэж Алтантуяа эмч хэлсэн. Жаран насандаа цахим технологийг өөрийшүүлж, 70 насандаа жолооч болсон үнэхээр дайчин, ажил хэрэгч эмэгтэй аж.


Ер нь Алшаа нутгийн эмэгтэйчүүд манай говийн бүсгүйчүүд шиг ихэд эрэмгий дайчин, шулуун шударга зантай болох нь хөлсний тэрэгний жолооч, хөдөө нутгийн малчин бүсгүй, ер үг сольсон эмэгтэй бүрийн үг хэл, үйлдэл хөдөлгөөнөөс мэдрэгдэх юм билээ.


Баяннуурт ирэхийн тулд манай монголчууд ихэвчлэн Хөх хот орж, тэндээсээ онгоцоор нисдэг юм байна. Эрээнээс хил дагасан хурдны замаар машин хөлөглөн ирдэг нь ч бий гэнэ. Өөр бусад замаар ч ирдэг л юм байна. Биднийг Баянхотод байх хугацаанд Завхан, Хөвсгөл, Улаанбаатараас ирсэн хүмүүс тэднийхээр үйлчлүүлж байсан. “Танай Говь-Алтайгаас манайхыг зорьж их олон хүн ирсэн шүү” гээд таних, эс таних олон хүнийг сураглаж хүний нэр, зүс тогтоохдоо муу намайг хөөрхөн ягтаав.


Алшаагийнхан их дууч ард түмэн юм. Хориод жилийн өмнө "Алшаа монгол ардын дууны эмхэтгэл" гээд 8 боть ном гаргачихсан ард түмэн дуучин байхаас ч яахав. Өвөрмонголын алдарт дуучин Дэдмаа гэхэд л энэ нутгийн хүн. Манайхан “Дуу хуурын өлгий Дундговь” хэмээн маргашгүйгээр хүлээн зөвшөөрдөг шиг Алшаа дуу, ялангуяа ардын дуу нь ихэд алдартай. Тэгвэл өдгөө Алтантуяа эмчийн үүсгэн байгуулсан уламжлалтын “Алтан Монгол” эмнэлэг бас л ардын дуу шигээ алдаршиж байгаа аж. “Алтан Монгол” эмнэлэгийн тухай илүү мэдээлэл авахыг хүсвэл “Талын Монгол ТВ” хуудаснаа 2024.03.19-нд байршуулсан нэвтрүүлэг бас байдаг юм байна.


Хоёр. “ҮЗЭЭД ХОЙШОО ХАРАХАД ИЙМ Ч ХОЛ АЛТАЙ...”


“Хоёр улсын хилийн худалдаа анх нээгдэхэд манай Алшаагаас Монголд очсон хоёр дахь хүн нь би” гэж Улааннарс гуай сонирхуулав. Хилийн дээс алхаад зорьж очсон газар нь Говь-Алтай гэнэ. Тийн зорьж очих учир бас байж. Тэрбээр:


-Манай өвөг дээдэс уг нь одоогийн Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн хүмүүс юм билээ. Би бол энэ нутагт төрж өссөн хүн. Эмээ маань хоёр гуравхан настай байхдаа тэндээс гарснаа дурсаж ярьдаг байсан юм. Монголд цаг төрийн байдал хэцүү болох үед аав ээж нь хоёр хүүхдээ хамаатандаа үлдээгээд дүрвэхээр шийдсэн ч нэг хүүхдийг чинь харж үлдье, нөгөөг нь өөрсдөө аргал гэсэн юм гэнэлээ. Нэг их сартай шөнө яаран сандран ачаалаад хөдлөхөд нохой нь хуцаж, хоттой хонь нь дэрхийн босоод л үлдсэнийг эмээ маань тодхон санадаг, дурсан ярьдаг сан хэмээн өгүүлсэн юм. Цөвүүн цагийн эрхээр холдон хагацсан хамаатан садангууд ийнхүү 3 үеийн дараа урин цаг айлчлахад уулзан золгох хувь тохиожээ.


Цээл сумын Дэрстэй багийн нутаг бол хуучнаар Засагт хан аймгийн Дайчин засгийн хошууны үзүүр хязгаар нутаг. Тийн бодохуйд манай нутгийнханхан дуулах дуртай “Ганган халиун” дууны “Үзээд хойшоо харахад ийм ч хол Алтай даа” гэх мөр санаанд харван орж ирэв.


Засагт ханы халх урианханы хоёр хошууныхан 1500-гаад оны дундуур хан төрийн зарлигаар Халдун хайрхнаасаа хагацаж, харуулын албанд тохоогдон баруун хязгаарт ирээд нутгаа санан гансрахдаа энэ дууг зохиож “Харуул харсан манийгаа харж л үзэх нь яалаа даа” хэмээн дуулдаг байсан болов уу гэж бодогддог. Мөн ч их нүүж суусан ард түмэн шүү. Монголын баруун урд хязгаарыг харж манаж суусан халх урианхайн Дайчин засгийн хошууныхан Галдан хааны үед Ойрад, Халхын дайны хөлөөс дайжин 1688 онд хошуугаараа Хөхнуурт очиж хэсэг нутаглаад 1723 онд уугуул нутагтаа эргэн ирсэн. Цөөн хэсэг нь Хөхнууртаа үлдсэн. 1731 онд Зүүнгарын хант улсын их бага хоёр Цэрэндондовын довтолгоонд өртөн сүйдсэний улмаас хошуугаараа Алшаа руу дайжиж 8 жил суугаад 1731 онд нутагтаа эргэн ирсэн. Тэгж удаа дараа дүрвэж зугатаж явахдаа хоёр зуу гаруй жил сууж идээшсэн Алтайгаа санагалзан “Үзээд хойшоо харахад ийм ч хол Алтай даа” хэмээн дуулж л явсан байх.


Хорьдугаар зуунд энэ хошууныхан нүүж суусан, ирж одсон нь бас л их. Шинэ зуун дөнгөж эхэлж байхад ган гачиг, хасгийн дээрмээс болж нэг хэсэг нь уван цуван дүрвэсэн.


Ардын засаг бэхжиж амжаагүй байхад Дамбийжанцанг дагаж хэсэг айл нүүсэн. 1929-1932 онуудад чинээлэг хэсгийн хөрөнгө хураалт, хамтрал коммун, хар шар феодалын эсрэг тэмцэл, нугалаа завхрал, эд барааны хомсдол зэрэг олон шалтгааны улмаас бөөн цөөнөөрөө бас нүүж дайжсан. Тийн явахдаа мөн л “Эргээд хойшоо харахад ийм л хол Алтай минь” хэмээн дуулж л явсан биз. Энэхүү олон удаагийн дүрвэлтээр ойж гарсан монголчууд Сүбэйгийн Ёрхон, Мазуньшань, Ганьсугийн Сунань, Жаньеэ, Алаг уул, Алтан тэвш, Эзнээгийн Өнт гол, Алшаа баруун хошууны Алтан цог, Эрвээхэй, Нөөрхэй, Сартай, Сүмбэр сумаар тархан суурьшиж, баруун тал руу гарсан нь Хами, Бархөл, Цонж, Өрөмч хүртэл цацагдсаныг бидний хэдэн нөхөд 2023 онд хэвлүүлсэн “Говь-Алтайн түгээмэл толь” бүтээлдээ (Х.314-315) тодорхой бичсэн буй. Цагийн цалгианд бутарч цацсан шагай шиг тарсан олон монголчууд минь дээ, хөөрхийс.


Цагийн хөрвөлгөөн гэдэг хүмүүний тавиланд мөн ч их нөлөөлөх юм даа. Алшаа баруун хошуунд Алтай нутгаас угшилтай хүмүүний түүхийг сонордож ахуйд 2023 оны долоодугаар сард Иссык-Көл нуураас холгүй орших Караколын сарт халимагуудтай ууланд нэгэн өдрийг саатан өнгөрөөсөн минь бодогдов.


Исламын ёсоор ач хүүг нь хозлох ёслолын зүүн хойморт ахлан суусан торгууд өвгөн холын зочин намайг хүндэтгэн дэргэдээ суулгаад эхнэрийг маань “Алив бэр ид уу” хэмээн дотночилж билээ. Биднийг үдэхдээ нэг их халуун дотноор тэврээд “Ай, бид чинь Галданцэрэн хааныхаа нутгийг сахиж сууна даа” хэмээн өгүүлсэн. Бахархалтай ч гунигтай үг шүү. Энэ мэтээр хаа газарт монгол хүмүүнтэй уулзаад салахдаа “Байгаа байгаа газартаа монголоороо сайхан амьдарцгаая даа” хэмээн өөрийн эрхгүй өгүүлдэг билээ, би.



Урианхан Б.ГАЛААРИД