sonin.mn
Шийдэл
(Алдаж үл болох нэмэлт өөрчлөлт)
 
Энэ цаг үеийн хамгийн халуун сэдэв, иргэн бүрт хамаатай асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Иргэн бүрт хамаатай гэхийн учир та бидний амьд явах, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг үндсэн суурь эрхүүд бүгд Үндсэн хуулиар л баталгаажин оршиж байдаг билээ. Мөн өмчтэй байх, халдашгүй байх зэрэг эрхийг олгогч ардчилсан тогтолцоот нийгмийг мөн л Үндсэн хууль өөрөөрөө тунхаглан тогтнуулж байгааг хэлэх нь зөв. Тэгэхээр яалт ч үгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудад бол хүн бүрт хамааралтай нэн чухал асуудал юм. Бид 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж байсан.
 
Ардчилсан гэхийн учир энэ хуульд бид хүний эрхийн тухай ойлголтыг хамгийн ихээр суулгаж өгч чадсан. Үүнээс хойш 2000 онд долоон зүйл заалтыг өөрчилсөн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Энэ өөрчлөлтийг “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээх цол гуншингаар бид мэддэг. Эдгээр өөрчлөлтүүд олон асуудлын эх үүсвэр болоод байгаа, засах шаардлагатай зүйл заалтууд байгааг сүүлийн гурван парламент дамжин ярьсаар, өөрчлөлтийн төсөл боловсруулсаар ирснийг бид мэднэ. Тэдгээрийг шинжлэн үзэхэд нээрэн л зарим зүйл заалтыг өөрчлөх цаг үеийн шаардлага байгааг бид бүгдээр олж хардаг. Гэхдээ хамгийн чухал нь энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг “долоо хэмжиж нэг огтол”-н хийх ёстой. Үүнд иргэд олон нийтийн анхаарал, хараа хяналт маш чухал юм. Ийнхүү бичихийн учир бид түрүүчийн алдаагаа давтах ёсгүй. Нэг өөрчилсөн зүйл заалтдаа бид хуулиараа найман жил, практикаар бараг 20-иод жилдээ өөрчлөлт хийж чадахгүй.
 
Ард нийтийн санал асуулга хэмээх их давааны өмнө ирээд байгаа энэхүү нэмэлт өөрчлөлтийн төслөөс анхаарал татаж буй, олон нийт анхааралдаа авч дүгнэн шинжилвээс зохих ганц нэг заалт дээр өөрийн саналаа хэлье. Уншигч та ч мөн өөрийнхөө өнцгөөс дүгнэнэ биз ээ.
 
Хамгийн эхэнд дурдах зүйл заалт бол байгалийн баялгийн тэгш, ончтой хуваарилалтын асуудал юм.
 
Өнөөдөр манай улсын нийт хүн амын 29,6% нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Бид үйлдвэржээгүй, ажлын байрны багтаамжаа олигтой нэмэгдүүлж чаддаггүй, боловсролын систем, эрүүл мэндийн салбарын хоцрогдол гэхчилэн олон асуудлын үр хөврөл өнөөдөр нийгэмд дундаж давхаргын эзлэх хувь маш нимгэн болжээ. Нийгмийн хэт ялгарал нь улс оронд сайн сайхан ирээдүйг авчирдаггүй. Үндсэн хуульдаа бид “байгалийн баялаг нь ард түмний өмч мөн” гэж заасан хэдий ч түүний хуваарилалт тэгш бус явсаар ирснийг хүн бүр хүлээн зөвшөөрөх биз. Байгалийн баялгийн лиценз эзэмшин баяжсан 30 гэр бүлийн тухай шуугиан ч оргүй хоосон зүйл биш юм. Энэ нийгэмд тэгш бус хуваарилалт байгаа учир иргэд бухимдалтай байна.
 
Нэг компани л гэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 220 гаруйг эзэмшиж байхад энгийн иргэд хоногийн хоолоо олох гэж зүдэрч буй нь тэгш бус байгаа нь үнэн юм. Бид яагаад байгалийн баялагтай орнуудын сайн туршлагыг нэвтрүүлж болохгүй гэж? Дэлхийд алдартай Норвегийн сан шиг сантай болохыг яагаад зорихгүй байна вэ? Энэ удаагийн өөрчлөлтөөр л монгол хүн бүр Монгол Улсынхаа байгалийн баялгаас хувь хүртэх тэгш боломж олгосон зохицуулалтын үндсийг Үндсэн хуульдаа бат бөхөөр суулгаж өгөх нь маш чухал юм. Стратегийн ач холбогдол бүхий орд газраас гадна эдийн засагт нөлөө бүхий орд газруудын ч 51 хувиас доошгүй хувийг ард түмэн эзэмшиж, байгалийн баялгийн сангийн хуримтлалд орж байх нь маш зөв юм. Ингэж байж байгалийн баялгийн өгөөжийг иргэд тэгш хүртээмжтэй хүртэнэ.
 
Гэхдээ хамгийн чухал нь энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг "долоо хэмжиж нэг огтол"-н хийх ёстой. Үүнд иргэд олон нийтийн анхаарал, хараа хяналт маш чухал юм. Ийнхүү бичихийн учир бид түрүүчийн алдаагаа давтах ёсгүй. Нэг өөрчилсөн зүйл заалтдаа бид хуулиараа найман жил, практикаар бараг 20-иод жилдээ өөрчлөлт хийж чадахгүй.
 
Дараагийн нэг чухал зүйл заалт бол сонгуулийн тогтолцоо юм. Манай улсын сүүлийн жилүүдийн нэг шүдний өвчин энэ яах аргагүй мөн. Эрх баригч нам нь сонгууль болохоос өмнө өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрэм зохиож байгаа нь улс оронд, улс орны ардчилалд тун хохиролтой, хортой зүйл юм. Бид дэлхийн сайн туршлагуудаас монголдоо нутагшуулан авах нь зөв юм.
 
Олон судлаачдын хэлж буйгаар төсвийн мөнгийг жалга дов руугаа татан хороож үр ашиггүй болгож байдаг мажоритар системээс нэг алхам урагшлах нь зөв гэж харж байна. НҮБ-аас манай улсад өгсөн зөвлөмжид “холимог систем нь монголд тохирно” хэмээн онцолсон байдаг.Мэдээж яг одоогийн нөхцөл байдалд намд итгэж намын жагсаалтад санал өгөх нь эрсдэлтэй харагдаж байна. Тэгэхээр нэмэлт, өөрчлөлтийн төслөөр улбааг нь үүсгэн улс төрийн намын тухай хуулийг чамбайруулж өгөх хэрэгтэй.
 
Улс төрийн нам нь улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг, хүн амын нэг хувь хүртэлх тооны дэмжигчдээр анх үүсгэн байгуулагддаг, санхүүгийн ил тод байдал өндөртэй, дотоод ардчилал нь маш сайн хөгжсөн байх зэрэг шалгууруудыг хууль эрх зүйн орчноор бүрдүүлж өгснөөр эрүүл төр бүрэлдэхэд нэн чухал үүрэгтэй юм. Эндээс улбаалаад төрийн албаны томилгоог ч эрүүлжүүлэх боломжтой. Нам дагаж гүйснийг томилох бус мэдпэг, чадварыг үнэлэх цаг болсон.
 
Мөн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь нэн чухал асуудал.
 
Энэ цаг үед хууль хүчний байгууллагаар нэгнийгээ намнадаг улстөржилт их болсон шиг санагдана. Шударга шүүх, шүүхэд итгэх иргэдийн итгэл бол энэ нийгмийн амин сүнс. Шүүх шударга байж гэмээнэ хууль дээдэлсэн хүмүүнлэг нийгэм цогцолно. Шүүх шударгаар ажиллахын тулд төрийн эрх мэдэл бүхий институцүүдээс ангид байх хэрэгтэй. Хэр зэрэг ангид байлгаж чадна төдий чинээ шударга байх боломжтой. энэ хэсгийн нэмэлт, өөрчлөлтийг иргэд, олон нийт анхааралтай ажиглаж, хуулийн төсөлд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх нь чухал юм.Шүүх өөрөө хараат бус байх нь иргэдийн хуульт засаглалд итгэх итгэлийг бэхжүүлж байдаг.
 
Дээрх гурван асуудлыг Үндсэн хуульдаа ончтой нэмэлт, өөрчлөлтөөр оруулж өгвөл олон сайн өөрчлөлтийг авчирна хэмээн итгэж байна. Хэрхэн ончтой хуулийн хэллэгээр оруулж өгөхийг мэргэжлийн судлаачид илүү нарийвчлан боловсруулах нь лавтай. Үүнээс бусад Засгийн газрын тогтвортой байдлыг хангах зэрэг заалт нь тэр хэвээрээ орох нь зөв гэж харсан. Учир нь 1992 оноос хойш дунджаар 1,8 жилийн настай Засгийн газрууд ажилласан нь өнөөгийн нийгмийн олон асуудлын бас нэг эх үүсвэр мөн юм. Төрийн бодлого тогтвортой хэрэгжиж чадахгүй байх нь иргэд бидэнд, улсын хөгжилд, төсөвт л хамгийн их хохиролтой байдаг. Нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой хэсэгт мөн иргэдэд л таалагдаж санал авах гэсэн суурь судалгаа, үндэслэл муутай заалт байгааг судлаачид шүүмжилж байсан. Сумын Засаг даргыг иргэдээс шууд сонгодог байх нь нэгдмэл улсынхаа тогтолцоог гажуудуулах нэг элемент болох вий гэсэн болгоомжлолыг хүмүүс илэрхийлж байсныг бид ч мөн тунгаах хэрэгтэй юм. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг хариуцлагын тогтолцоо, УИХ- ын гишүүний давхар дээлийн асуудал зэргийг цэгцэлж өгч байгаа нь сайшаалтай. Харин тэр гишүүний бүрэн эрхийг сунгах, тоог нэмэх зэрэг нь тийм ч сайн туршлага биш юм. Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд эрх мэдлийг нь сайжруулж өгч байгаа ч бас буруу замаар будаа тээгээд явахад нь хазаарлаж болох хариуцлагын заалтыг нь ч мөн орхигдуулж үл болох юм.
 
Дахин хэлэхэд бид алдаатай нэмэлт, өөрчлөлт оруулахгүйн тулд иргэн бүр анхаарч, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид энэхүү төсөлд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх нь нэн чухал юм. Нэг намын үнэмлэхүй олонхиос бүрдсэн парламентын үед бид орж буй өөрчлөлтийн заалт, цэг таслал бүрийг нарийн анхаарч харах нь бидний ирээдүйнхээ өмнө хүлээж буй үүрэг юм.
 
 
Наран Трейд ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.БОЛДХЭТ