sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ тамирчдаа коронавирусний халдвар авахаас хамгаалахын тулд энэ зун Токиогийн Олимпын наадамд оролцохгүй байхаар болсон тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.
Ийм шийдвэрийг гуравдугаар сарын 25-нд Пёньянд болсон БНАСАУ-ын Үндэсний Олимпын хорооны /ҮОХ/ хурлын үеэр гаргасан байна.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын ҮОХ-ны хурал видео хурал хэлбэрээр болжээ. Хуралд оролцогчид "олон нийтийн спортын арга хэмжээ зохиохтой холбоотой практик асуудлууд" -ыг хэлэлцсэн байна. Спортын сайдын албан тушаалыг давхар хашиж байгаа ҮОХ-ны дарга Ким Ил Гук болон бусад оролцогчид үг хэлэхдээ, "олон улсын спортын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" шаардлагатай талаар ярьжээ.
Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-ноос наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг