sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын спортын холбоодтой хамтран судласнаар Монголын 8 спортын төрлийн 17 тамирчинд олимпын тэтгэлгийг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос олгож байна.
Монголын үндэсний олимдын хороо /МҮОХ/-ноос спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсний дагуу судалж үзээд уг шийдвэрийг гаргажээ.
“Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт багтсан, олимпын спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, Олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос тэтгэлэгт хөтөлбөр зарладаг уламжлалтай. Энэ удаагийн хөтөлбөрт: Д.Сумьяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү /бүгд жүдо/, О.Гүндэгмаа, Ц.Анударь, Э.Даваахүү /бүгд буудлага, Б.Чинзориг, М.Намуун /бокс/, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/, П.Тэмүүжин /таеквондо/, Д.Гантулга /хөнгөн атлетик/, Ж.Гантөгс /байт харваа/, М.Анхцэцэг, /хүндийг өргөлт/ нар багтжээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан тамирчин нь тухайн Спортын холбоо, МҮОХ, ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэж байгаа бөгөөд сард 415 ам.доллар буюу тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100, холбооны үйл ажиллагаанд 26, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байгаа. Хөтөлбөр нь 2017 оны есдүгээр сард эхэлсэн юм байна. Токиогийн олимпын наадам хойшилсон учраас гэрээ нэг жилээр сунгагдаж, 2021 оны наймдугаар сар хүртэл үргэлжлэх боломжтой болжээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг