sonin.mn
Монголын Боксын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Э.Сайнбилэг, Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр, олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган нар мэдээлэл хийлээ.
Э.Сайнбилэг энэ үеэр: "Манай холбооны удирдах зөвлөлийнхөн өчигдөр яаралтай цахимаар хуралдаж, дөрвөн шийдвэр гаргалаа.
 
Үүний нэг нь МУГТ Э.Цэндбаатар нь удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан учраас ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон Монголын шигшээ багаас хассугай гэсэн шийдвэр гаргасан" гэв.
 
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр энэ тухай: “Бокс бол ёс суртахуун, дэг жаягийн өндөр стандарттай спорт. Хэдийгээр мундаг гавьяатай тамирчин ч гэлээ ийм олон удаагийн  алдааг нь бид зүгээр өнгөрөөж чадаагүй учраас удирдах зөвлөл уг шийдвэрийг гаргасан.
Тамирчин хүн гавьяа байгуулахаас гадна нийгэмдээ зөв хүн болж төлөвших ёстой. Гэтэл Э.Цэндбаатарын үйлдэл түүнийг үлгэр дуурайлал болгодог залууст муугаар нөлөөлбөл яах вэ? Гавьяат ч бай,  хөдөлмөрийн баатар ч бай адилхан хариуцлага хүлээх ёстой. 
 
Зодооны асуудлынх нь нарийн ширийнийг бид мэдэхгүй, цагдаа шалгаж байгаа гэсэн. Гэхдээ шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагт архи уугаад, зодоон хийгээд яваад байж болохгүй учраас бид хариуцлага тооцож байна"
 
гэв.
 
 
Х.Цэцэн