sonin.mn
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш буюу 6 дугаар сарын 3-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. 
 
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.
 
Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран автомашингүй өдрөөр зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Гүйгчдийн дунд Зэвсэгт хүчний мэргэжлийн болон сонирхон хичээллэдэг олон алба хаагч багтсаны нэг нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, Монгол Улсын олон өдрийн ганцаарчилсан гүйлтийн рекорд эзэмшигч, спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц ажээ. 
 
Тэрээр энэ өдөр хамгийн холыг зайг буюу 42 км замыг цэргийн дүрэмт хувцастайгаа туулахаар төлөвлөөд байна. Энэ тухайгаа ярихдаа “Олон улсын тэмцээн учраас дэлхийн болоод манай улсын мэргэжлийн шилдэг тамирчид оролцоно. Миний хувьд түрүүлэхдээ биш оролцох нь чухал гэж үзээд холбогдох зөвшөөрлөө ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрынхнаас аваад гүйх бэлтгэлээ хангаж байна” гэсэн хариулт өгсөн юм.