sonin.mn
Ахмад төмөр замчин Б.Цэгмидтэй ярилцпаа.
 
-Та гадаадад тэмцээнд оролцож медалийн арвин ургацтай ирсэн гэж сонслоо?
 
-Чех улсын Прага хотод хүчний гурван төрөлтийн мэргэжлийн тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, ахмад гээд бүх төрөлд тамирчид өрсөлдсөн. Манай улсаас хоёр клубээс 14 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Би гурван алтан медаль, нэг мөнгөн медаль авлаа.
 
 
-Багаараа ямар амжилт үзүүлэв?
 
-100 гаруй хүнтэй ОХУ-ын баг эхний байрыг эзэлж, Английн баг 50 гаруй хүнтэй ирж удаалсан. Монголын баг тамирчид гуравдугаар байрт орсон. Арван есөн алт, арван нэгэн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.
 
 
-Олон хүнтэй баг, цөөн хүнтэй багийн хооронд ялгаа бий байх?
 
-Тэр мундаг тамирчид чинь ганц тэмцээндээ л оролцоно. Бид хэд болохоор багадаа хоёр, дээд тал нь таван тэмцээнд орно. Ялгаа бий. Би гэхэд гурван төрөлд ороод хүчээ нөөх зорилгоор нэг тэмцээн өнжих жишээтэй.
 
 
-Алив тэмцээн, уралдаанд оролцоход замын зардлаас эхлээд мөнгө шаардагдана. Хэрхэн шийдвэрлэв?
 
-Чех явахад дөрвөн сая орчим төгрөгийн зардал шаардагдсан. Замын захиргааныхан маань нэг сая 900 мянган төгрөгийн зардал өгсөн. Энэ чинь Чехэд очоод ирэх онгоцны зардлыг шийдвэрлэчихэж байгаа юм. Намайг ингэж дэмждэг Замын захиргааныхандаа их баярлаж, талархаж байдгаа хэлэхэд таатай байна.
 
 
- Хүчний бэлтгэл хийхэд уураг авах гээд шаардлагатай зүйлс бий болов уу?
 
-Сард багаар бодоход 50 мянга, цаашлаад 100 мянган төгрөгийн уураг, витамин хэрэглэнэ.
 
 
-Уралдаан тэмцээнд оролцоход бай шагнал хэр өгдөг вэ. Эсвэл медальтай л буцаад байна уу, тамирчид?
 
-ОХУ-ын Новосибирьскийн тэмцээнд оролцсон. Би дэлхийн хоёр дээд амжилт шинэчлэн тогтоож, дөрвөн алтан медаль авсан. Ахмадуудын төрөл гэж байхгүй гээд насанд хүрэгчдийн тэмцээнд түрүүлсэн тамирчдад мөнгөн шагнал өгч байлаа. Чехэд болсон тэмцээн ч адилхан. Гэхдээ бид сэтгэл зүрхээрээ, идэвх зүтгэлээрээ л явж байгаа юм.
 
 
-Медаль авах дэлхийн рекордыг шинэчлэх хоёрын ялгаа гэвэл?
 
-Бид хэдийгээр ахмад насныхаа ангилалд тэмцээнд оролцож байгаа ч дэлхийн хэмжээний тамирчидтай өрсөлддөг Медаль авах нэг хэрэг Дэлхийн дээд амжилтыг шинэчилнэ гэдэг тамирчин хүний гол зорилго. Гадаадын тамирчид нэг л төрөлд оролцоно. Дээд амжилтыг шинэчилж чадахгүй бол жаахан сэтгэл дундуур байх шиг
 
 
-Энэ хугацаанд хүндийг өргөлтийн ахмад тамирчид ямар амжилт үзүүлэв?
 
-1997 онд Германы Биеийн тамирын хорооноос семинар зохион байгуулахад нь би очиж таараад ахмад тамирчдаа ингэж оролцуулах хэрэгтэй юм гэж бодсон. Эх орондоо ирээд нэг хэсэг ахмадууд хүнд, хүчний өргөлтөөр хичээллэж тоо нь нэмэгдсэн. Зарим нь амжилт үзүүлсэн. Гэвч хөрөнгө мөнгөний байдал бас нөлөөлдөг л дөө. Одоогоор ахмад тамирчид маань дэлхий, олон улсын чанартай тэмцээнүүдээс 80 гаруй медаль аваад байна. 51 нь алтан медаль.
 
 
-Хүндийг өргөлтөөр богино хугацаанд амжилт олж болдог уу?
 
-Чи Ц.Оюунчимэг гэж хүндийг өргөлтийн бүсгүйтэй холбогдуулж асуугаад байх шиг Над дээр ирсэн юм. Хоёр жил орчмын өмнө. Уян хатан, жин 70 гаруй кг, нэлээд бяртай нь анзаарагдсан. Бэлтгэл хийх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. 2012 онд Ази тивийн мастеруудын аварга, энэ жил дэлхийн аваргын тоглолтоос мөнгөн медаль авч, олон дээд амжилт шинэчлэн тогтоосон.
 
 
-Манай улсад хүндийг өргөлт хэзээнээс хөгжив?
 
-Дэлхийн хэмжээнд 1985 оноос эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн тэмцээн эхэлсэн. Манай улсад бол 1990 оноос эмэгтэйчүүд хүндийг өргөлтөөр хичээллэсэн. Би анх Энхтуул гэдэг охиныг дагуулж Азийн наадамд оролцуулж байлаа.
 
 
-Та хэдэн оноос хүндийг өргөлтөөр хичээллэсэн бэ?
 
-1957 оноос гэхээр 50 гаруй жил болсон байна. Дунд нь, УБТЗ-даа арваад жил ажиллаж жаахан завсарласан.
 
 
-Шавийн эрдэм багшаас гэдэг. Нөлөөлөх үү?
 
-Нөлөөлнө. Тухайн хүнийхээ биед тохирсон дасгал, бэлтгэл хийлгэх учиртай. Орчин үед тамирчид хэрхэн бэлтгэлээ хийж байна гэдгийг судлах ёстой. Ц.Оюунчимэг эхлээд Хөхөө дасгалжуулагч, сүүлийн жил гаруй хугацаанд Цэрэнням дасгалжуулагч дээр хичээллэж байгаа. 
 
 
-Хүндийг өргөлтийн тэмцээнд дасгалжуулагчидтайгаа хоёулхнаа очоод орсон тухай ч яриа гарсан. Танд тийм зүйл тохиолдсон уу?
 
-Би ганцаараа тэмцээнд оролцсон удаатай. Ганцаараа учраас богино хугацаанд өмсгөлөө өмсч амжихгүй. Германчуудаар туслалцуулж байсан. Ер нь, олуулаа явах хэрэгтэй л дээ.
 
 
-Манай улсын эмэгтэйчүүдээс ганцхан Гавьяат тамирчин Н.Баярмаа л байх юм?
 
-Гавьяат тамирчин Н.Баярмаагийн тухайд 1999 онд дэлхийн аваргад оролцохдоо түлхэлтээр дөрөв, нийлбэр дүнгээр долдугаар байр эзэлсэн тамирчин. 2004, 2008 оны олимпод орсон туршлагатай. Ази тивийн аварга болсон. Олимпийн аварга болбол болчихмоор л санагддаг
 
 
-Шалтгаан нь?
 
-Дасгалжуулагч нь солигдсон. Өнгөрсөн жил өргөж байснаа энэ жил өргөж дийлэхгүй байх жишээтэй. Саяхан болсон дэлхийн аваргад есдүгээр байрт орсон байна лээ. 
 
 
-Дэлхийн аваргад оролцоход, медалийн тавцанд зогсоход хэдэн кг өргөсөн байхад шаардлага хангах вэ?
 
-Н.Баярмаа бол огцом 115 кг түлхэлтээр 135 кг өргөнө. Ийм хэмжээнд өргөхөд Дэлхийн аваргаас медаль хүртэх боломжтой.
 
Д.Дамдин
 
Эх сурвалж: "Ганзам" сонин