сонин mn
Үндэсний бөхийн холбооны тэргүүний төлөөх тэмцэл сүүлийн 14 жилийн турш үргэлжилсэн. Энэ байдал ирэх бямба гариг буюу 10-ны өдөр эцэс болох нь гэсэн хүлээлт ажиглагчдад байв. Учир нь, шүүхийн шийдвэрийн дагуу МҮБХ-ны “Ээлжит бус их эе” зарлан хуралдуулах тухай сурталчилгааг дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд, яруу найрагч Ү.Хүрэлбаатар зэрэг бөх сонирхогч маш эрчимтэй цацсан билээ.
 
Өнгөрсөн хугацаанд “Ээлжит бус их эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийн зүгээс аймгуудын үндэсний бөхийн холбоо, үндэсний бөхийн дэвжээдийн удирдлагад албан бичиг хүргүүлсэн байна. Үүний дагуу ч зарим аймгийн бөхийн холбоо хуралдаж, тэргүүнээ сонгох хуралд оролцох гишүүдээ тодруулаад байгаа аж.
 
Харин энэ байдлыг МҮБХ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Тус үндэслэлээр Р.Нямдоржийн багаас “МҮБХ-ны хэвийн ажлыг Х.Баян-мөнх, А.Сүхбат, Д.Амгаа, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нар зориудаар тасалдуулахаар оролдож хууран мэхэлж, хурал зохион байгуулах гэж байна” хэмээн тайлбарлажээ.
 
Мөн нэр дурсан дээрх бөхчүүд хуурамч гарын үсэг үйлдэж, шүүхийн байгууллагыг хуурсан гэдгийг МҮБХ-ноос үзэж, өнгөрсөн наймдугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулах хүсэлт өгчээ.
 
Мөн л МҮБХ-ноос өчигдөр гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан А.Сүхбатын багаас хариу тайлбар тавив. Тэдэнд байгаа баримтаас харвал гурван шатны шүүх хэлэлцээд Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох хурлыг албадан хийлгэх шийдвэр гаргасан байна. Цөөн үгээр хэлбэл, МҮБХ-ны одоогийн удирдлагыг А.Сүхбатын тэргүүлээд байгаа баг гурван шатны шүүхэд ялсан гэсэн үг. Энэ талаар А.Сүхбат ”МҮБХ гэдэг байгууллага бидний өмч биш. Мөн Р.Нямдоржийн эзэмшдэг компани ч биш. Их эеийг хуралдуулах шүүхийн шийдвэр шат шатандаа ижил гарчихаад  байхад гүрийсээр хэдэн ч жил болов. 26 жил энэ суудалд суусан, одоо болно л гэж байгаа юм” хэмээсэн.
 
Угтаа 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралджээ. Харин энэ хурлыг Р.Нямдорж тэргүүний зүгээс хүчингүй гэж үзсэн байна. Учир нь, Цэцдийн зөвлөл 67 гишүүнтэй. Үүнээс тухайн үед таван гишүүн нас барсан байжээ. Үлдсэн 62 гишүүнээс тухайн хуралд дүрэмд заасны дагуу гуравны хоёр нь бүрдсэн байхад заавал 67 байх ёстой гэж МҮБХ-ноос үзсэн байна. Энэ талаар МҮБХ-ноос одоог хүртэл ямар нэгэн тайлбар хэлээгүй байгаа юм. Харин энэ байдлыг дархан аварга А.Сүхбатын багаас “Ёс бус үйлдэл” хэмээн тайлбарласан. Үүний зэрэгцээ МҮБХ-ны “Ээлжит бус их эе”-ийг ирэх бямба гаригт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд хийхээр болсон тухай дуулгав. Тус хуралд аймаг, сумдын төлөөлөл нийт 200 гаруй бөх цуглах аж.
 
МАРГААН ЦААШ ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ
 
Нөхцөл байдлаас ажиглахад А.Сүхбатын багаас бөхчүүдийн хурлыг энэ удаад амжилттай зохион байгуулах магадлал өндөр. Гэсэн хэдий ч шинэ зууны босгон дээрээс булаалдаж эхэлсэн МҮБХ-ны тэргүүний төлөөх тэмцэл дуусахгүй. Учир нь Р.Нямдоржийн баг энэ хурлыг албан бус гэж үзэх  нь ойлгомжтой. Харин ч МҮБХ-г булаан авч, Монгол бөхийн өргөөг хувьдаа авах гэсэн хэсэг бүлэг хүний тэмцэл байсан гэдгийг маш хүчтэй сурталчлах нь гарцаагүй. Энэ байдал тун саяхан болж өнгөрсөн албан бичиг авах, авахгүй тухай жижиг зүйлээс л гэхэд тодорхой харагдаж байгаа юм.
 
А.Сүхбатын баг буюу ирэх амралтын өдөр болох хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс МҮБХ-нд албан бичиг өгч, “Төлөөлөл оролцуулаач” гэсэн хүсэлт явуулахад Р.Нямдорж тэргүүн “Хүлээж авах боломжгүй” гэсэн тайлбар хэлж, бичгийг нь аваагүй байна. Нөхцөл байдал ийм тул энэ бүхний нөгөө талд шинээр сонгогдсон тэргүүн тамга тэмдгээ авах гэж улайрах нь маргаангүй.
 
Өмнө нь суудлын төлөөх хэрүүл өрнөдөг байсан бол ирэх долоо хоногийн эхний өдрөөс тамга, тэмдгийн хэрүүл болж хувирахаар байгаа юм. Р.Нямдорж энэ хурлыг албан бус гэж үзэж байгаа тул тэргүүний төлөөх сунгаанд мэдээж оролцохгүй. Тиймээс жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг үлгэрийн адил тус хурлаас хэн нэгнийг тэргүүнээр өргөмжилж л таарна.
 
ШИНЭ ТЭРГҮҮНИЙ ЭРЭЛД
 
“Аваргуудын зөвлөл”-өөс “Гацуурт” группийн ерөнхийлөгч Л.Чинбатыг “МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшээч” гэсэн хүсэлт явуулсан байна. Л.Чинбат, Д.Сумъяабазар аваргын тэргүүлдэг тус зөвлөл хоёрын дунд ямар нэгэн хэлэлцээр байхыг ч үнэндээ үгүйсгэхгүй. Энэ мэт байдлыг эс тооцвол “Гацуурт”-ын ерөнхийлөгч энэ удаад хүчтэй өрсөлдөгч байх нь ойлгомжтой болж ирлээ.
 
Хамгийн наад зах нь Д.Сумъяабазар, А.Сүхбат аварга нар түүний ар талд бий. Харин түүний эсрэг UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшинг “зогсоох” тухай яриа ч бөх сонирхогчдын дунд ам дамжин нисэх болов. Зохион байгуулагчдын зүгээс танхимаас нэр дэвших эрх нь хэн бүхэнд нээлттэй гэж байгаа хэдий ч яг одоогийн байдлаар энэ хоёр эрхмийн нэр гарч байгаа юм. Р.Нямдорж тэргүүний  хувьд энэ сунгаанд оролцох бүрэн боломжтой боловч энэ нь түүний алхах зам биш гэдгийг ухаарсан нь илт байгаа юм. 
 
Зохион байгуулалттай болж буй энэ хуралд Р.Нямдорж оролцож, одоо байгаа албан тушаалаа хэвээр авч үлдэхийн тулд нэр дэвших юм бол орчин цагийн хүүхдүүдийн хэллэгээр “Үсгүй арчуулна”. Хамгийн гол нь энэ хуралд оролцогчид “Р.Нямдоржийг зайлуулъя" гэсэн ганцхан санаан дээр нэгдсэн байх нь тодорхой байгаа юм. Харин А.Сүхбат, Д.Сумъяабазар нар тэргүүнд өрсөлдөх боломж хуулиараа байхгүй. Учир нь, МҮБХ-ны дүрэмд “Холбооны тэргүүн орон тооны байна” гэсэн заалт бий.
 
БӨХ ГЭСЭН НЭРИЙН АРД ЮУ НУУГДДАГ ВЭ
 
МҮБХ-ны одоо байгаа бүтцийг шүүмжилдэг нөхөд “Р.Нямдорж монгол бөхийг завхруулсан” гэж үздэг. Харин Р.Нямдорж ба түүний багийнхан “Бөхийн өргөөг бизнесийн байгууллага болгох гэсэн увайгүй хүмүүс” гэж сөрөг талаас тодорхойлдог. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл тэмцэл үргэлжилсээр байна. Үнэндээ энэ байдал нэг бүлэг нь суудлаа хамгаалах, нөгөө бүлэг сандлыг нь булаах тухай л хэрүүл юм. Харин аль ч тал нь МҮБХ-ны удирдлагын баг жилд ямар хэмжээний ашиг олдог вэ? гэдэгт тоймтой хариулт өгдөггүй. Сөрөг тал нь жилийн орлогыг багцаалддаг хэдий ч тоо гаргаж ярихаар ашгийн төлөө шунасан болж харагдах гээд байдаг. 
 
Харин Р.Нямдоржийн баг орлого зарлагаа шилэн болгохоор хувьдаа завшсан мөнгө нь ил болчих гээд байдаг байж болох. Үгүй бол хамгийн найдвартай хийгээд Р.Нямдоржийг унагах сайхан боломж бол санхүүгийн тайлан, шалгалт л даа. Мөнгө завшдаг нь тогтоогдвол хэн ч удирдуулахыг хүсэхгүй. Гэвч А.Сүхбатын баг яагаад энэ сэдвийг бүхэлд нь хаяв. Магадгүй энэ цаг үед хамгийн оновчтой асуулт энэ ч байж болох юм. Ингэж бодохоор бөхийн хөгжлийн төлөө биш баялгийн төлөөх тэмцэл гэж хардаг олон иргэний зөв ч юм шиг...
 
Д.Ганбаатар
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин