sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнөөдөр 16 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух бөгөөд энэ үеэр тус буудлын VIP танхимд хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.
Филиппиний Манила хотод болсон FIBA-гийн 3x3 сагсанбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон С.Тулга дасгалжуулагчтай шигшээ багийн тамирчид шилдэг наймд шалгарч түүхэн амжилт үзүүлсэн билээ.
Энэ удаа эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг гурван хожил, нэг хожигдолтой хэсгийн хоёрдугаар байраар шалгарч цааш өрсөлдөх эрхийг авсан юм. Тэд 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д дэлхийн хүчтэй багууд болох Филиппин, ОХУ, Бразил улсын багийг тус тус хожин шилдэг наймд үлдсэн. Улмаар дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн багт хожигдож YIII байр эзэлсэн. Мөн Ази тивийн багуудаас манай баг ганцаараа хэсгээсээ шалгаран хасагдах шатанд өрсөлдөх эрх авлаа.
ДАШТ-ийг зохион байгуулсан Филиппин 11 дүгээр байр эзэлсэн бол Япон 14, Йордан, Индонез 19, 20 дугаар байрт тус тус шалгарлаа. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын шилдэг тамирчид орсон. Монгол Улсын 3х3 шигшээ багийн чансаа Азидаа нэгдүгээрт бичигдэж байна. Мөн энэ амжилтаараа “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой болжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг