
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 8 сарын 31 өдрөөс 9 сарын 1 хооронд Хятад улсын Тяньжин хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралдаан АНУ-аас Хятад, Энэтхэг, Орос улсуудад тавьсан тарифын дарамт нэмэгдэж, Орос Украйны мөргөлдөөн мухардан, Газа Ираны байдал ноцтой хэмжээнд хүрч, Хятад Энэтхэгийн хилийн асуудал бүрэн шийдэгдээгүй гээд дэлхийн геополитикийн амаргүй нөхцөл байдал доор боллоо. Мөн дэлхий даяар “Дэлхийн фашизмын эсрэг дайн”-д ялсан, НҮБ байгуулагдсаны 80 жилийн түүхэн ойтой давхацсан зэрэг онцлогтой байв. Энэ удаагийн уулзалтыг 2001 оноос хойшхи цар хүрээ хамгийн том, үр дүн хамгийн их уулзалт боллоо гэж олон улсад дүгнээд буй.
Хятад улсын зүгээс 5 дахь удаагаа ахлан зохион байгуулсан энэ удаагийн уулзалтад ШХАБ-ын үндсэн 10 гишүүн, 2 ажиглагч, яриа хэлэлцээрийн 17 түнш (Лаос шинээр элссэн) гээд нийт 27 улс, 20 гаруй орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, олон улсын 10 гаруй байгууллагын төлөөлөгч ирж оролцов.
Хурлын үеэр “Тяньжиний тунхаглал” батлахаас гадна олон чухал сэдвийг хамарсан санал санаачлага, стратеги, бодлогын баримт бичгүүдийг гаргалаа.
Хятад улсын дарга Ши Жиньпин “Даян дэлхийн засаглалын санаачилга” дэвшүүлсэн нь бүрэн эрхт тэгш эрхийг дагаж мөрдөх, олон улсын хууль дүрмийг чандлан сахих, олон талт үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хүнийг гол төв болгох явдлыг уриалах, үйл ажиллагааг чиглэл болгоход анхаарах гэсэн таван үзэл баримтлалыг шингээжээ. Тус санаачилга нь Хятадын талаас дэвшүүлсэн даян дэлхийн хөгжлийн, аюулгүй байдлын, соёл иргэншлийн санаачлагын дараахи дөрөв дэх санаачлага болов. Энэ нь дэлхийн өмнөдийн улс орнуудын дуу хоолойг улам тод гаргах зорилготой гэж судлаачид бичиж байна.
Тяньжиний дээд хэмжээний уулзалтаас гарсан гол үр дүн
Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд Хятад-ШХАБ-ын эрчим хүч, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийн засаг гэсэн гурван том хамтын ажиллагааны платформыг байгуулж, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах улс төрийн шийдвэрийг эцэслэв.
Аюулгүй байдлын салбарын хувьд аюулгүй байдлын аюул занал болон сорилт бэрхшээлтэй тэмцэх нэгдсэн төв, мансууруулах бодисыг эсэргүүцэх төвийг шинээр байгууллаа.
Хүмүүнлэг, соёлын солилцоо бол ШХАБ-ын хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг. Тус чуулганаар Хятадын тал “Хятад-ШХАБ-ын дээд боловсролын хамтын ажиллагааны төв”, “Мэргэжлийн технологийн боловсролын хамтын ажиллагааны төв” -ийг тус тус байгуулна гэв. Энэ хүрээнд ирэх 3 жил гишүүн орнуудад солилцооны хөтөлбөрт 1000 залууг хамруулах амлалт өгөв. Ингэснээр гишүүн орнууд дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээ зэрэг салбарт хамтран ажиллах боломж улам нээгдэх нь ээ.
“ШХАБ-ын 2035 он хүртэлх хөгжлийн стратеги”
ШХАБ ирэх 10 жилийн хугацааны стратегийг боловсруулж, “аюулгүй байдал, санхүү, эдийн засаг, засаглал” гэсэн дөрвөн талын үүргийг нэгтгэв. Бодлогодоо тохируулга болгох үүднээс ногоон тогтвортой хөгжил, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан технологи инноваци, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гэсэн салбаруудыг хамрах өндөр чанартай хөгжлийн үйл ажиллагааны 6 төлөвлөгөөг дэвшүүллээ.
Эрчим хүчний хамтын ажиллагаа бол ШХАБ-ын эдийн засгийн хөтөлбөрийн цөм агуулгуудын нэг байдаг. Чуулганы үеэр гишүүн орнууд эрчим хүчний салбарын бодит хамтын ажиллагааны талаар өргөн хүрээний нэгдсэн ойлголтод хүрч, “ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн эрчим хүчний тогтвортой хөгжлийн тухай тунхаглал” зарлав. Тунхаглалд талууд эрчим хүчний салбарын хамтын төслийг хэрэгжүүлнэ, үүнд эрчим хүчний дэд бүтцийг шинээр байгуулж, өргөтгөхөөс гадна шинжлэх ухаан технологи инноваци нь эрчим хүчний хамтын ажиллагаанд чухал байр суурьтай болохыг тодотгосон. Үүнтэй зэрэгцэн “Хятад улс-ШХАБ-ын эрчим хүчний хамтын ажиллагааны платформ” байгууллаа. Энэ нь гишүүн орнуудын шинжлэх ухаан судалгааны байгууллагууд дэвшилтэт эрчим хүчний технологийн салбарт хамтарсан судалгааг цаашид хөхиүлэн дэмжихийн дохио болов.
ШХАБ энэ удаагийн уулзалтаар доллараас хэт хамааралтай байдлыг бууруулах, бүс нутгийн санхүүгийн бие даасан шинжийг нэмэгдүүлж, үндэсний валютаар төлбөр тооцоо хийх ажлыг улам өргөтгөх ёстой талаар онцлов. ШХАБ-ын Банкны Хоорондын Консорциум нь бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааны чухал талбар болохын хувьд үүрэг роль нь улам бэхжээд байна. Хятадын тал ирэх 3 жилд консорциумын гишүүн банкуудад шинээр 10 тэрбум юаний зээлийг олгож, бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал төслийг дэмжихээ илэрхийлсэн. Үүнээс гадна “Хятад-ШХАБ-ын ногоон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны платформ”, “Дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны платформ”-ыг байгуулна гэдгээ ч мэдэгдэв. Энэ нь ирээдүйд санхүүгийн урсгал ногоон хөгжил болон дижитал эдийн засаг зэрэг шинэ тутам хөгжиж буй салбар уруу илүүтэй урсаж, бүс нутгийн эдийн засгийн шилжилт, өсөлтөд санхүүгийн ихээхэн дэмжлэг болохоор байна.
Монгол улсад ирэх боломж
Монгол улс бол ШХАБ-ын уулзалтад ажиглагч байр сууринаас оролцож ирэв. Энэ удаа ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр ахлуулсан төлөөлөгчид оролцсон билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндсэн илтгэлдээ Монгол улс худалдаа, хөрөнгө оруулалт, ХАА, эрчим хүч, зам харилцаа, хүрээлэн буй орчин, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэг зэрэг олон салбарт талуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, бид цаашид хоёр хөрш улсаас гадна бүс нутгийн хамтын ажиллагаанд улам гүнзгий оролцох улс төрийн байр сууриа илэрхийлсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг танилцуулсан билээ.
Энэ удаагийн уулзалтын үеэр Монгол улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц болох чухал үйл явдал боллоо. Энэ нь 9 сарын 2 өдөр болсон Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүн нарын 7 дахь удаагийн уулзалтаар Оросын Газпром болон Хятадын CNPC “Сибирийн хүч 2” хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан явдал юм.
Тус хийн хоолойн төсөл хэдэн жилийн өмнөөс хүчтэй яригдаад нэг хэсэг намжаад байсан билээ. Үнэхээр хэрэгжвэл ганц эрчим хүчний арилжааны шинжтэй бус стратегийн том агуулгатай мега төсөл юм. Орос улсын хувьд хийн хоолойн ажил хэрэгжвэл өрнөдийн улс орнуудаас тус улсад тавиад буй эдийн засгийн хориг арга хэмжээг сөрж зогсох, эрчим хүчний экспортын зах зээлээ олон талт болгож, санхүүгийн орлогыг нь тогтворжуулж, Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг урагшлуулах чухал хөдөлгөгч хүч болно. Хятад улсын хувьд тус улсын эрчим хүчний импортын гарцыг нэмэгдүүлж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын баталгааг хангах чухал үүд, мөн шингэрүүлсэн хийг зөөвөрлөхөд далайг түшиглэх байдлыг бууруулж, эрчим хүчний хангамжийн тогтвортой, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд тусална. Харин Монгол Улсын хувьд тус төслийн ач холбогдол асар том. Олон жил ч ярьцгаасан. Манай улсад Хятад, Оросын эрчим хүчийг газраар тээвэрлэх зайлшгүй шаардлага бүхий геостратегийн байр суурийг бий болгоно. Түүнчлэн тус төсөл нь Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээний хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл болж, цаашид Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг ч хөдөлгөх юм. Эцэст нь хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр манай улсыг Хятад, Орос гэсэн хоёр хөрш улсын эдийн засагтай нягт уяж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжлийн бат бэх баталгаа нь болно. Мэдээж ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Транзит Монгол улс” болох зорилготой нягт уялдах юм.
ШХАБ нь Евразийг хөндлөн гулд дамнах бүс нутгийн байгууллага болохын хувьд Монгол улсад Төв Ази, Өмнөд ази цаашлаад Ойрхи дорнодын улсуудтай ойртох, хамтран ажиллах чухал талбар. Дунд зэргийн хөгжилтэй улсын хувьд манай улс ШХАБ гэх мэт талбараар дамжуулж, дэлхийн хийгээд бүс нутгийн их гүрнүүдтэй харилцах, эрх тэгш яриа хэлэлцээр өрнүүлэх, ингэснээр өөрийн орны санаа тавьж буй асуудал, сорилтоо бодитоор илэрхийлэх, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах хэрэгсэл юм.
МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D), “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн тэргүүн, хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ, Chuluunerdene.t@gmail.com
Сэтгэгдэл0