sonin.mn

МАН-ын бага хурал маргааш болох гэж байна. Одоогийн байдлаар МАН-ын даргад нэр дэвшихээ зарлаад буй цорын ганц хүн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан.


УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн, МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор зарласан түүний элдэв сурталчилгаа одоо бүрэн цөмөрч, хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон эсэх талаар тайлбар өгөх асуудалд орчихоод байна.


Нөгөөтэйгүүр намынхаа Ерөнхий Нарийн Бичгийн даргаар найман жил ажилласан гэх Д.Амарбаясгалан нь МАН-ын дотоод зөрчлийг нийгмийн хэрүүлийн сэдэв болгож орхисон нь тус намын жирийн гишүүдийн хувьд тун эмзэг тусч байгаа аж.


"Манай намынхан сууж байгаад л Н.Өнөрцэцэгт ял өгөх үү? яах вэ? гэж ярилцсан. Би бол зөвшөөрөөгүй" гэсэн түүний хов яриа Д.Амарбаясгалан ямар мундаг сайхан сэтгэлтэй хүн бэ? гэсэн яриаг биш энэ Ардын Нам гэдэг чинь ямар харгис улс төрийн хүчин юм бэ? гэсэн зэвүүцлийг иргэдийн дунд үүсгэнэ.


Өөрөөр хэлбэл МАН-ын нэр хүндийг нийгэмд асар ихээр унагах ажлыг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга асан Д.Амарбаясгалан өөрөө хийчихлээ гэсэн үг. Нөгөөтэйгүүр элдэв гэмт хэрэгт нэр холбогдсон хүнийг МАН-ын дарга болгох нь Ардчилсан Намынханд тун ашигтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуулиар "Админерал", нүүрсний хулгай, Н.Хасбаатарын үхэл гэх мэт сэдвийг л яриад, Д.Амарбаясгалангийн өчигдөр хэвлэлийн хурал гэгчээрээ ярьсан ховыг дэлгэрүүлээд түгээгээд байхад л бараг ялалт баталгаатай гэсэн үг. Иймээс ч Д.Амарбаясгалан МАН-ын дарга болчихвол зүгээр юм даа гэж АН-ын тодорхой хүрээнд ярьсан байж болзошгүй байна.



Э.Мягмар