sonin.mn


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажиллалаа.


Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 81 хувьтай байгаа бөгөөд дулааны шугамыг өргөтгөж, хуучин суурийг буулгаж, шинээр суурь цутгаж, авто замыг шинэчилж байна. Авто замын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа юм. Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон ийнхүү шинэчилж буй.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байна. Тус замыг өргөтгөснөөр Наадамчдын шинэ гүүртэй холбогдож, замын хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Нийслэлээс төв замын ачааллыг хуваалцах холбоос замыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Долоодугаар сард багтан бүх замын газар шорооны ажлыг дуусгаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шинэ замуудын үндсэн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Нэг, хоёрдугаар тойрог зам төслүүд болон нийтийн тээврийн олон төрөлт хэрэгслийг нэвтрүүлэх төслүүдэд хот ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр ““Хөсөг трейд”-ийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэл үргэлжлэх Эрчим хүчний гудамжны авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх суурийн ажил дууссан. Есдүгээр сарын 1-нээс өмнө хучилтын ажлыг дуусгана. Мөн авто замын ажлын хүрээнд хийгдэж буй дулааны шугам сүлжээ өргөтгөх ажлыг долоодугаар сарын 1-нд бүрэн дуусгана. Явган замыг долоодугаар сарын 1-15-ны хооронд хучиж дуусгахаар төлөвлөсөн. Гэрэлтүүлгийн ажил 80 хувьтай, явган замын ажил 50 хувьтай байна” гэв.



Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Алтайн гудамжнаас Галдан бошигтын гудамж хүртэлх 798 метр урт шинэ гол гудамж замын ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус авто замын ажил 22 хувьтай үргэлжилж байна. Авто замын ажлын хүрээнд 3536.17 шоо метр талбайд ургамлын үе хуулж, 9835.35 ам метр талбайд ул хөрсийг тэгшилж, нягтруулсан. Цахилгаан дамжуулах шугамын ажил 60 хувьтай, холбооны худаг сувагчлал байгуулах ажил 90 хувьтай, явган замын суурийн ажлыг хэсэгчлэн хийж гүйцэтгэж байна. Авто замын ажлыг “Дэд бүтэц консалт” ХХК гүйцэтгэж байгаа юм.