sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /Anadolu/. Геополитикийн эрсдэл, дэлхийн эдийн засгийн төлөвийн талаарх болгоомжлол, Төв банкуудын алтны эрэлт, Холбооны нөөцийн сангийн /ХНС/ бодлогын хүүгээ бууруулах шийдвэр зэргээс шалтгаалан алтны үнэ энэ онд 40 гаруй хувиар өсөөд байгаа ба 1979 оноос хойш нэг жилийн хугацаанд хамгийн их хувиар өсөх төлөвтэй байна.


Энэ он гарах үед нэг унц алтны үнэ 2623 ам.доллартой тэнцэж байсан юм. Улмаар нэгдүгээр сард өмнөх сарынхаас 6.67 хувь, хоёрдугаар сард 2.17 хувь, гуравдугаар сард 9.26 хувь, дөрөвдүгээр сард 5.26 хувь, тавдугаар сард 0.03 хувь, зургаадугаар сард 0.41 хувиар тус тус өссөн байна.


Харин долоодугаар 0.39 хувиар буурсан боловч наймдугаар сард эргэн 4.8 хувиар өсөж, есдүгээр сард 8.54 хувиар өсжээ. Ийнхүү унц алтны үнэ түүхэн дээд түвшинд буюу 3791 ам.долларт хүрснээр он гарснаас хойш 43 орчим хувиар өсөөд байна. Ингэснээр 1979 оноос хойш алтны үнэ жилийн хугацаанд 126.5 хувиар өсжээ.


“Capital Economics” компанийн уур амьсгал, түүхий эдийн эдийн засагч Хамад Хуссейн “Anadolu” агентлагт мэдээлэхдээ, АНУ-д бодлогын хүүг бууруулах магадлал нэмэгдэж, ХНС-гийн хараат бус байдал, өрийн тогтвортой байдалтай холбоотой болгоомжлол үүссэн нь алтны үнийг түүхэн дээд түвшинд хүрэхэд нөлөөлсөн байна. “Төв банкны худалдан авалт, Хятад дахь хөрөнгө оруулагчдын эрэлт зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан алтны үнийн өсөлт үргэлжлэх хандлагатай байна. Үүний үр дүнд ирэх онд унц алтны үнэ 4000 ам.долларт хүрэх магадлалтай” гэж тэрбээр нэмж хэлжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг