sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 27/КАZINFORM/. Өчигдөр буюу баасан гарагт Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр индэрт гарч ирэх үед Арабын, Африкийн орнуудын болон Европын хэд хэдэн улсын хэдэн зуун дипломатчид чуулганы танхимыг орхин гарчээ.  

Үүний сацуу танхимд байсан зарим улсын төлөөлөгчид суудлаасаа босож, Б.Нетаньяхуг дэмжин удтал алга ташиж байв.  




Энэ үеэр Нью-Йоркийн Таймс сквер гудамжинд олон мянган жагсагчид замын хөдөлгөөнийг хааж, Израилын явуулж буй ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.




Үгийнхээ эхэнд Израилын Ерөнхий сайд ХАМАС-т барьцаалагдсан, одоо амьд байгаа 20 хүний нэрсийг уншаад, тэдний ар гэрийнхэнд хандаж үг хэллээ. Барьцаанд байгаа хүмүүсийг бүгдийг нь суллах, ХАМАС-ын зэвсгийг хурааж, Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, иргэний засаг захиргааг байгуулах, аюулгүй байдлын “шилжилтийн үеийн” хяналтыг Израилын талд даатгах зэрэг Израилын тавьж буй болзол нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайн нэн даруй зогсоно хэмээн Б.Нетаньяху мэдэгдсэн байна.

“Бид та нарыг хором ч мартаагүй байгаа, та бүхнийг гэр оронд чинь буцаан авчрахын тулд Израил бүхнийг хийх болно” гэж тэрбээр барьцаалагдсан иргэдэд хандан хэллээ.

Түүний хэлсэн үгийн үндсэн хэсэг нь Иран ба түүний холбоотнуудын зүгээс учруулж аюул заналтай холбоотой байв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Израил улс Тегераны цөмийн ба пуужингийн хөтөлбөрүүдийг зогсоож, Ливаны “Хезболла” бүлэглэлийг дарж, ХАМАС-ын гол хүчийг устгаж, Ирак, Йемен дэх шийтүүдийн бүлэглэлүүдийн хүчийг сулруулсан гэдгийг Б.Нетаньяху дурдсан байна.




Энэ үеэр түүний пиджакны энгэр дээр QR кодыг наасан байсан бөгөөд түүнийг уншуулахад 2023 оны 10 дугаар сарын 7-нд болсон ХАМАС-ын халдлагыг харуулсан дүрс бичлэг гарч ирэх ажээ.  

Израилын Ерөнхий сайд үг хэлэх үеэрээ “The Curse” гэдэг нэртэй газрын зургийг үзүүлээд, түүн дээрээ Иран, Йемен, Ливан, Сири дэх Израилын гол дайснуудын үйл ажиллагааг “саармагжуулан зогсоосныг” хар бэхээр тэмдэглэсэн байв. Хэрвээ Ирак дахь бүлэглэлүүд Израилд халдвал тэднийг мөн адил хувь тавилан хүлээж буйг Б.Нетаньяху анхааруулжээ. 




Б.Адъяахүү