sonin.mn
  • Төрийн тэргүүн У.Хүрэлсүх Энэтхэгт айлчилна
  • Айлчлал үр дүнтэй болж өнгөрнө гэсэн итгэлтэй байна
  • Энэтхэг бол яалт ч үгүй манай гуравдагч хөрш
  • Бүр стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш
  • Яагаад тэгж үнэлэх болов, Энэтхэг гэж ер нь хэн юм бэ гэдэгт хариулт болгож 6 жилийн өмнө бичиж байснаа эргэж бүрэн эхээр нь толилуулъя
  • Та эндээс Энэтхэгийг геополитикийн ба геостратегийн өнцгөөс олж харах болно
  • Бас найрсаг харилцаат стратегийн тусгай түнш Японоо ч таниад ав

 

Гуравдагч хөршийн бодлого гэх өнцгөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гадаад бодлогын үйл ажиллагааны үл мартагдах нэгэн гавьяа зүтгэлийг (Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын идэвхи санаачилга голлоно) энд тайлбарлахаас аргагүй болж байна. Ерөнхий сайдын Японд 2018 онд хийсэн нэгэн айлчлалыг ШХАБ-тай хослуулан тэгж нэрлэж дүгнэх гэж байна.

 

“Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улс хоёр” гээд эхлэх айлчлалын мэдэгдлийн агуулга манай гуравдагч хөршийн бодлогыг дахин тунхаглажээ гэмээр. Манай улс Японыг бүс нутаг дахь чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр улсын өргөн хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн сацуу бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлуудаар харилцан уялдаа холбоотой ажиллах эрмэлзэлтэй, Монгол Улсын “гуравдагч хөрш” улсууд дотроос нэн тэргүүнд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон чухал түнш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлов гэсэн нь, мөн “харилцан уялдаа холбоотой” гэсэн нь нэг бодлого, нэг дуу хоолойтой байх ШХАБ-ын “Шанхайн үзэл санаа”-тай тэр бүр нийцэх үү? Нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, дуу хоолойгоо нэгтгэх “Шанхайн үзэл санаа” хөгжүүлэх тухай Циндаод дээд түвшинд яригдсаныг би хэлж байна.


 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын мэдэгдэлд, 2017 оны 3 дугаар сард байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв гэсэн байх ба цэрэг-улс төрийн хувьд хоёр хөрш оронтой яг одоо илд зөрүүлэхийн босгон дээр буй Японтой тогтоосон харилцаагаа бид “улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг” хэмээн эрэмбэлсэн нь гадаад бодлогоо ил зарлаж хэрэгжүүлдэг Оросын хувьд лав таатай байхгүй болов уу.


Цаашхи мөрүүд ч таагүй уур амьсгалыг дэвэргэх шалтаг болж болзошгүй: Японы БХЯ-наас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн 6 жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын сацуу Монгол Улс болон АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон Улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв гэжээ. 


 Газар нутгийн маргаанаас болж Дорнод Хятадын тэнгист мөргөлдөхдөө тулж буй, Японы өөрийгөө батлан хамгаалахын статусыг нь ахиулаад шууд батлан хамгаалах цэргийн номлол руу шилжиж буй хэмээн хардаж, байнга хэрүүл өддөг Хятадын хувьд дээрхи үгс өгүүлбэр ямар сэтгэгдэл төрүүлэх бол? Орос ил хэлдэг, ил эсэргүүцдэг, Хятад далдуур ямар алхам хийх бол?


Ерөнхий сайд нар бүс нутаг болон олон улсын байр сууриа нотлохдоо: Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон Улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчлалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв гэсэн нь нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, дуу хоолойгоо нэгтгэх “Шанхайн үзэл санаа”-тай шууд харшилна.


Цаашлаад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл, Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжинэ гэсэн нь НҮБ-д Орос өөрийн холбоотноо хайж буй энэ цаг үеийн уриа дуудлага мөн үү гэх хардлага, гоморхол Москвагаас цухалзаж магадгүй.


Хоёр улсын Ерөнхий сайд нар НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д тусгагдсан зүйлсийг хамруулсан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлж, хуульд суурилсан эрх чөлөөт, нээлттэй далайн дэг журмыг дэмжих амлалтаа нотлов. Усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих, худалдааг саадгүй хийх, хүлээцтэй байх, эрх зүйн болон дипломат үйл явцыг бүрэн хүндэтгэж, олон улсын эрх зүйд суурилсан энхийн замаар маргааныг шийдвэрлэхийн чухлыг онцлов гэсэн нь Өмнөд Хятадын тэнгист тэр хавийн улс орнуудтай газар нутгийн маргаантай асуудал дэгдээгээд буй Хятадын байр суурийг далдуур онилсон, шүүмжилсэн байх магадлалтай хэмээн БНХАУ хардаж магадгүй юм. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улстай нэгдмэл үнэт зүйлстэй Монгол Улс нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.


Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг нааштай үнэлж, Япон Улс тус уулзалтад Монгол Улсыг нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв гэсэн нь Монгол Улс ШХАБ-аасаа өөрөөр, илүү давуулж бүс нутгийн олон улсын өөр институц эрэлхийлж байдаг, гадаад бодлогын олон асуудал дээр Японыг “нэгдмэл үнэт зүйлс”-ээрээ дэмжих юм байна гэх сэтгэгдэл төрүүлж болох юм.


Монгол-Японы харилцааг түр хойшлуулаад харин тэр “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа гэдэг рүү орж тайлбарлая. “Шанхайн үзэл санаа”-тай шууд харшилна гэчихсэндээ тайлбар өгье. Энэхүү “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” гэдэг нь Евразийн үзэл санааны тухай Орос, Хятадын (ялангуяа Орос) бодлогыг сөргүүлж, Хятад ба Оростой хүчний тэнцвэр барих зорилгоор АНУ-аас дэвшүүлсэн шинэлэг үзэл баримтлал бөгөөд Японыг АНУ стратегийн холбоотноороо энэ бодлогодоо шууд татан оруулаад байгаа бол Япон нь бүс нутгийн түнш Монголоо энэ удаа татан орууллаа хэмээн хоёр хөршөөс хардаж магадгүй юм. Хардах ч эрхтэй юм. 


Хятад сэхлээ, сэргэлээ, одоо яах вэ гэдэг геополитикийн тооцоон дээрээс “Энэтхэг, Номхон далай”-г анх Вашингтонд олж харжээ. Роберт Мэннинг гэх америк эрдэмтэн бичиж байна: Орчин үеийн түүхэн дэх хамгийн эрчтэй, аюултай өрсөлдөгчтэйгээ тулгарч, тэгснээрээ Азид хэрэгжүүлэх бодлогынхоо чиг хандлагыг гаргахдаа АНУ энэхүү үзэл баримтлалыг олж авсан гэжээ. «Энэтхэг-Номхон далайн стратеги» хэмээн нэрлээд бүр Үндэсний аюулгүй байдлын стратеги гэх баримт бичигтээ (National Security Strategy of the United States of America. December 2017. The White House) тусгажээ. Үүгээрээ америкийн стратегичид юу илэрхийлэв? Юуны өмнө бүс нутгийн тухай ойлголтыг тэлж өгчээ. Ази-Номхон далай гэдэг газар зүйн ойлголтыг баруун зүг тэлээд Энэтхэгийн далай хүргэжээ. «Дорно зүг рүү хар, дорно зүгт ажилла!» гэх Энэтхэгий бодлогыг угтуулжээ. Ерөөсөө АНУ-ын бодлогод Энэтхэгийн ач холбогдлыг өргөж өгчээ. Хоёр их далайн сав газрын их театрт эдийн засаг-стратегийн чухал тоглогч нь Энэтхэг болоод явчив аа. 2018 онд 40 жилийнх нь ойг тэмдэглэсэн Хятадын реформ, нээлттэй хаалганы бодлогын дүнд Хятад нь огцом, төсөөлшгүйгээр хүчирхэгжин босч иржээ. Тэр нь АНУ-д маш том нээнтэг, эрсдэлийг учруулах хэмжээнд очлоо хэмээн үзжээ. Хүчирхэгээр босч ирснээр барахгүй дэлхийн эдийн засагтай маш нягт интеграцчилагдаж, дэлхийн дэг тогтооход хүчтэй оролцож, аргагүй эрхэнд АНУ тэр улстай хамтран ажиллахаас өөр гарцгүй болжээ. Гэтэл улс төрийн итгэл төлөвшиж өгдөггүй. Хятадын реформ улс төр рүү орж ирдэггүй. Эндээс үүдэн Хятадыг итгэлгүй түнш гэдэг өнцгөөс Вашингтонд хардсаар өнөө хүрчээ. Хятадын асуудлаар нийгэмдээ консенсус явуулаад үзтэл гүн гүнзгий пессимизм харагдаадахлаа. Хятадыг гэгээтэй нүдээр харах мэлмий ийнхүү хаагджээ. Хятадын меркантилизмыг сөрөх худалдааны дайн хийгээд ялалтыг баттай хангасангүй. Улс төрийн элдэв шаардлага тавих тусам Хятад адарна.


Бүс нутагт холбоотнуудаа Хятадын эсрэг нэгтгэх гэсэн нь үр дүнд хүрсэнгүй. Хөзрөө дэлгэлээ–арай эцсийнх биш байх болтугай!–“Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” гэх үзэл санааг зарлалаа. АНУ 10 гаран жил мунгинаж байх хойгуур Хятад сэхсээр л байлаа.


2008-2009 онд өрнөдийг хүчтэй нэрвэсэн хямралын үед Дэн Сяопиныхээ нэг мэргэн сургаалиас Хятад татгалзлаа. “Бодлогоо нуу, тааламжтай цагийг хүлээ!” хэмээн Дэн сургасан ба тэр нь стратегийн заалт гэх шахуу мөрдөгдөж байсныг өөрчиллөө. Бээжинд ил зарлалаа. АНУ-ын санхүүгийн систем, Вашингтоны консенсусын үзэл санаа уналаа гэв. Юу консенсус вэ? Нээлттэй глобал зах зээл, эдийн засаг дахь төрийн оролцоог хумихад чиглэсэн макро эдийн засгийн бодлого дээрээ консенсус явуулах хэрэгтэй гэдгийг Хятад сөрөөд тэр үеийн Хятадын Төв Банкны тэргүүн Жоу Сяочуань дэлхийн гол резерв валютаар юанийг зарлах хэрэгтэй гэх нь тэр. Хятадаас дэлхийд, бүс нутагтаа эдлэх статусыг өргөнө гэлээ. 2009 оноос дэлхийн бодлого руу Хятад явж орлоо. Өмнөд Хятадын тэнгист цэрэг-улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй явууллаа.


Хятадын «Амин чухал ашиг сонирхол»-ын бүс хүрээгээ шинээр тодорхойллоо.


Өмнө нь Тайвань (1), Түвд (2) гэсгээд орхидог байсныг Дорнод Хятадын ба Өмнөд Хятадын тэнгисийн сав газар (3), мөн Шинжаан (4) хэмээн ил зарлажээ.


Өмнөд Хятадын тэнгист олон тоглогчид маргасаар ирсэн 3200 акр (1295 га) талбайд цэргийн баазаа байгууллаа. Бүр энэ хавийн тэнгис далай, арлуудын 90 хувьд нь санаархах эрхтэй гэлээ.


Хаага дахь Олон улсын шүүх НҮБ-ын Далайн эрхийн тухай Конвенцоор далайлган Хятадыг буруушаагаад нэмэргүй. Тэгж тэгж Хятад 2016 оноос Хаагын шүүхийн ажиллагаанд огт оролцохгүй хэмээн гүрийжээ. Японтой Сенкаку (Дяоюйдао) гэх арлын талаар нутаг дэвсгэрийн маргаанаа сэдрээлээ. Гималайн уулын районд Энэтхэгтэй газар нутгийн маргаан нь 2017 онд сэргээдэхлээ. Доклам хэмээх газрыг онилон байж хоёр гүрэн маргалдлаа. Докламын маргаанд Бутан татагдан орлоо. Доклам бол Бутаных ч биш, Энэтхэгийнх ч биш, эрт дээр үеэсээ Хятадын нутаг байсан болоод явчихлаа. Докламд зам тавих нь Хятадын бүрэн эрх гэлээ. Энэчлэн Хятадын бяр суултыг илтгэх өчнөөн төчнөөн баримт ярайна. Энэ бүхнийг бөөгнүүлж байгаад Вашингтоны стратегчид “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-н үзэл санаагаа сөргүүлж тавьжээ. Энэ нь АНУ-ынх уу, Японых уу гэдэг дээр манайханд эргэлзээ байж болох юм.


2007 онд Энэтхэгийн парламентэд Синзо Абэ Хүндэтгэлийн үг хэлэхдээ анхлан нэр томъёог гаргаж ирсэн гэдэгтэй маргах зүйл байхгүй:


–Эдүгээ Номхон ба Энэтхэгийн хоёр далай харилцан нөхцөлдөж, хоёул эрх чөлөө, хөгжил цэцэглэлийг хангаж байна. Газар зүйн хил хязгаараасаа “Их Ази” хальж, дахин шинээр зурагдлаа. Түүнийг улам тэлүүлэхийн төлөө сэтгэл гаргах их боломж нь манай хоёр улсад байна. Хоёр далайн энэ их орон зайг төлөвшүүлэн баяжуулж, нээлттэй орон зай болгох нь бидний үүрэг хариуцлага мөн хэмээн Абэ мэдэгдэж байжээ. 2016 онд энэ нь Японы албан ёсны үзэл баримтлал болжээ. Аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалт нь ч үүндээ захирагджээ. Сүүлдээ хүчирхийлэл, албадлагаас ангид зон бүс байх тухай ч ярьдаг болжээ. Тэр бүс нь зах зээлийн эдийн засагт захирагдсан, хөгжил цэцэглэлийг хангасан байх болно гээд түүнийхээ зарчмуудыг ардчилал, эрх зүйт төр, чөлөөт зах зээл, бие хүн ба институцчилэлийн хэлхээ холбоо, аюулгүй ба тогтвортой байдал, далайд чөлөөтэй зорчих эрх гэхчлэн зааж өгчээ. Яг үүнийг нь АНУ өлгөөд авах нь тэр. Австрали ч 2017 онд гадаад бодлогынхоо тэргүүлэх нэг чиглэл болгоод дэмжчихлээ.


Америкийн хувьд Япон, Австрали, Энэтхэгийнхтэй хослуулсан 4 чухал сэдэв байна хэмээн “Шангри-Ла яриа хэлэлцээ” хэмээх олон улсын хурал дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис зарлалаа.


1)Далай тэнгист чөлөөтэй зорчих эрх;

2)Энх тайвны төлөө зэвсэгт хүчнүүдээ интеграцчилах;

3)Хууль дээдлэн, иргэний нийгмийн бэхжүүлэх;

4)Хувийн секторын үндсэн дээр эдийн засгаа хөгжүүлэх гэхчлэн.


Энэхүү үзэл баримтлалаа Үндэсний аюулгүй байдлын ба Үндэсний батлан хамгаалахын хоёр стратегидаа тунхагласнаар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г хэрэгжүүлэгч ба зохион байгуулагч нь АНУ болж хувирах нь тэр. Moнгoл маань “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-д Америкийн хамгийн үнэнч найдвартай чадварлаг түнш нь (хэрэг дээрээ холбоотны нэг) болчихсон үнэлэгдэж яваагаа бид мэдэх болов уу? АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан 55 хуудас бүхий “Indo-Pacific Strategy Report” гэх илтгэл-номд дурайтлаа бичээтэй байна. Д.Трампын Засаг захиргаанаас Энэтхэгийн ба Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын чиглэлээр явуулж буй бодлогын “Түншлэлийг бэхжүүлэх” хэсэгт “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн Сингапур, Тайвань, Шинэ Зеланд, Монгол гэсэн 4 улстай түншлэлээ улам бэхжүүлнэ”, “Дээрхи 4 улс бол дэлхий дахинд АНУ-ын явуулж буй ажиллагаануудад оролцож, олон улсад нээлттэй, чөлөөт дэг журам тогтоож буй үйлсийг идэвхтэй дэмждэг, найдвартай, чадварлаг түншүүд” хэмээн үнэлсэн байх аж.


Энэ үнэлгээ манай хоёр хөрш улсад төдийлөн таатай биш сонсогдож байж болно. ШХАБ-ын жинхэнэ гишүүн болгочихвол АНУ-ын энэ үнэлгээ аяндаа лөөлөө болно. Итгэлцэлийг бэхжүүлнэ гэдгээрээ барьцаалаад Монгол-Америкийн цэргийн харилцааны алхам бүрийг хянаад, эмзэглээд өөлөөд эхэлнэ. Тэр мэдээж. Харин нөгөөх Энэтхэг, Номхон далайдаа АНУ нь Хятадын хэрхэн үзэж үнэлдэг вэ гэвэл, “Энэтхэг-Номхон далайгаас АНУ-ыг арчиж хаяхыг Хятад хүсч байна”. “Номхон далай дахь бүс нутгийн дэг журмыг өөрийнхөө төрийн тулгууртай эдийн засгийн загвараар өөрчлөх гэж байна” гэх элдэв хардлага (маш олон) байнга гаргадагийг энд нуултгүй. 


АНУ-ын илт дэмжлэгээр Япон энэ том орон зайд нь чөлөөтэй “сэлж” эхэллээ. “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай” үзэл санаагаа илээр сурталчиллаа. Монгол түүнийг нь дэмжчихсэн. Одоо Вьетнам, Филиппин хоёрыг талдаа татаад цаашаа их далайд АСЕАН-тай хорших зам руугаа орлоо.


Энэтхэг, Сингапур, Тайваньтай зэрэг түншиллээ. Аюулгүй байдал, эдийн засгийн салбарт Япон-Энэтхэгийн гүнзгийрүүлсэн түншлэлээ 2016 онд зарлалаа. Энэтхэгийн Нарендра Моди олон талын тоглолт хийлээ. Вьетнамтай далай тэнгист холбоотон (500 caя ам.долларын цэргийн тусламж гэхчлэн) болоод явчихлаа. 2017 онд АНУ-Япон-Энэтхэг-Австралийн “Quad” хэмээх 4 талт яриа хэлэлцээний механизм буй боллоо. «Азийн НАТО» үүслээ гэх хардлага дагууллаа. “Нэг бүс-Нэг зам”-тай түүнийгээ сөргүүлнэ болоод явчихлаа. ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг энэ “сүлжээн”-д ийм тоглолт хийж байгаад Орос, Хятад хоёр мэл гайхлаа гэсгээд тайлбараа азная. Энэ лут “сүлжээн”-д Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа гэдгээрээ манай улс орж явчихав аа. ШХАБ-ын хурлууд дээр бид юугаа хэлж хуйхаа маажих вэ гэдгийг ШХАБ-аар төмөр зам, нефть хийн хоолой тавиулахаар горьдож буй улс төрчдөөсөө асууя?


Монгол Улс, БНЭУ хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх хамтарсан мэдэгдэл-ээс эшлэе: 


-Энэтхэгийн тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа” санаачилгаа танилцуулж, энэхүү үзэл санаа нь Энэтхэг, Номхон далайн бүс нутагт олон улсын хууль, дүрмийн удирдлага дор тус бүс нутаг дахь бүхий л улсуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр, тухайн улсуудын хууль ёсны эрх ашигт нийцсэн, нээлттэй, чөлөөтэй бөгөөд хүртээмжтэй бүтцийг цогцлооход оршино хэмээн тайлбарлав. 


-Монголын тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа”-г хамтын хүчин чармайлтад суурилан Энэтхэг, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал болоод бүхий л улсад хүртээмжтэй хөгжил цэцэглэлийг авч ирэхэд чиглэсэн хэмээн үзэж, дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн хувьсан өөрчлөгдөж буй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь интеграцчлал, түүний дотор Зүүн Азийн дээд түвшний уулзалтад идэвхтэй оролцох сонирхлоо нотлов. 


-Талууд чөлөөтэй, нээлттэй, хөгжингүй бөгөөд хүртээмжтэй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг нь тус бүс нутгийн бүх орны төдийгүй дэлхий дахины урт хугацааны эрх ашигт нийцнэ гэдэгт санал нэгдэв гэжээ.


“Засгийн газрын мэдээ”

Д.Баярхүү