Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.17/ Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүллээ.
Манай улсад ногоон байгууламжтай холбоотой ажил, үйлчилгээ эрхлэгчдийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Монгол Улсын хот, суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, бүх харилцааг зохицуулах зорилгоор анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Төслийг парламентын цахим талбарт байршуулж, олон нийтээс санал авч байгааг (төслийг үзэх) УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Хотын экологийн байдлыг тэнцвэржүүлэх, ногоон байгууламжтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж, ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.
Найман бүлэг, 36 зүйлтэй төсөлд иргэдийн оролцоог чухалчилж, шинжлэх ухаанч, экосистемийн тасралтгүй байдлыг бий болгох, агаарын чанар сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд орсон гэв.
Ногоон байгууламж нь нийтийн эзэмшлийн, хязгаарлагдмал хэрэглээний, тусгай зориулалтын, хотын хамгаалалтын бүс гэсэн таван үндсэн төрөлтэй. Саарал усны хэрэглээ, борооны усыг цуглуулж, дахин ашиглах байгууламж, ус хэмнэлттэй усалгаа, барилгын дээвэр, хана, хашааг ногоон байгууламжаар бүрхэх зэргийг дэд бүтцэд багтаасан. Иргэдийн эрүүл мэнд, амралт, чөлөөт цагийн хэрэгцээнд хангасан ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг 10-аас дээш жилийн хугацаатай, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, цахим мэдээллийн систем нэвтрүүэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан хэмээн Ажлын хэсгээс илтгэв.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэлд төдийгүй орон нутагт хот тохижилтын үйлчилгээ, бизнес эрхлэгчид, ойн инженерүүд, цэцэрлэгч, ногоон байгууламжийн асуудал эрхэлсэн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, санал, байр сууриа илэрхийллээ. Тэдний хувьд улирлын шинжтэй ажил, үйлчилгээ эрхэлдэг нь гол хүндрэлүүдийн нэгээс гадна эрс тэс уур амьсгалтай орны онцлог, санхүүжилт дутмаг байдал асуудал дагуулдаг.
Мөн Улаанбаатар хот дахь хуучны орон сууцнуудын дэргэдэх хэт өндөр ургалттай моддыг тухайн байрны Сууц өмчлөгчдийн холбоонд хариуцуулах шаардлагатай байна гэлээ. Хяналт, шалгалттай холбогдон үүсдэг нэлээд зүйлийг зохицуулж өгсөн төсөл болохыг, дулааны шугам сүлжээг шинэчлэхдээ олон жил тарьж ургуулсан ногоон байгууламжийг эвддэг, гэрэлтүүлэг хийснээр ургамалд хортой нөхцөл үүсгэдэг зэргийг онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл0