УИХ-ын гишүүн О.Номинчимэг цаг үеийн ноцтой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр энэ үеэрээ: "Тамхины хэрэглээтэй тэмцэхийн оронд тодорхой бизнесийн бүлэглэлүүд эрх ашгаа хамгаалахын төлөө нам дамнасан сүлжээ үүсгэсэн нь ил болж байна. Янжуур тамхи болон электрон тамхины импорт, худалдаатай холбоотой компаниуд өөрсдийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд төрийн байгууллагад нөлөөлөх оролдлого хийж, нийтийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг гацааж байна гэж хардаж байна.
Төрийн ордноор тамхины компаниуд УИХ-ын гишүүдийн өрөөнүүдээр явж байна. Үнэхээр сүүлчийн сумаа тавьж байна. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй бичиг миний гарт байна. Тамхины асуудлыг ярьснаас хойш Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна.
Тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна. Энэ албан даалгавар нь төрийн бодлого болох гээд явж байна. Ж.Энхбаяр ХХААХҮ-ийн сайд байхдаа Евразийн гэрээ хэлэлцээрт тамхин бүтээгдэхүүнийг оруулах зөвшөөрлийг өгөөд бүх тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглүүлсэн хүн. Үүнийгээ онцгойг татвараар нөхчихнө гээд үлгэр яриад сууж байсан хүн. Үнэхээр гутаж байна. Бид яагаад цөөн хэдэн бизнес эрхлэгчийн ашиг сонирхлын өмнө буулт хийх ёстой юм бэ?
Яагаад Монгол Улсын хүүхэд, залуусын эрүүл мэндээс илүүтэйгээр электрон тамхины бизнесийг хамгаалах асуудал яригдах ёстой гэж? Электрон тамхи бол гаднын цөөн үйлдвэрлэгчдийн нийлүүлдэг бүтээгдэхүүн. Тэдний ашгийг нэмэгдүүлэхийн төлөө Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус эрүүл мэндээрээ хохирох ёсгүй.
Хууль санаачлагчийн хувьд би энэхүү төслийг улс төрийн оноо авахын тулд бус, нийтийн эрх ашиг, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чин хүсэл, хариуцлагын үүднээс өргөн барьсан. Тиймээс энэ хуулийн төлөө тууштай тэмцэх болно. Энэ санаачилгыг дэмжиж байгаа иргэд, УИХ-ын гишүүд олон бий. Харин үүнийг янз бүрийн арга замаар эсэргүүцэж, гацаахыг оролдож буй хүмүүс ямар байр суурь баримталж байгааг иргэд та бүхэн анхааралтай ажиглана гэдэгт итгэлтэй байна.Хүүхдийн эрүүл мэндээс дээгүүр тавигдах бизнесийн ашиг сонирхол гэж байх ёсгүй. Энэ хууль хаврын чуулганы хугацаанд батлагдах ёстой. Цаашлаад энэ нь 126 гишүүнтэй УИХ үнэхээр иргэдийн эрх ашиг, хүүхдийн ирээдүйг хамгаалж чадах уу гэдгийг шалгах мөн чанарын сорилт болно" гэв.
Н.Отгончимэг
Пүрэв - 06 сарын 18,
2026
Сэтгэгдэл3
Энэ авгай одоо болиочээ
Ж.Энхбаяр угаас шившиг болсон гуйлгачин мөн. Одоо гуйлгачин хүнээр эдийн засаг яриулах хэрэг байна уу?
Ийм аймшигтай болчихсон эрх мэдэлтнүүдийг чөлөөлж байж, зөв хүн нь цаашид ажиллана. Номинчимэгийг дэмжиж байна.