sonin.mn

2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний Н.Энхбат тэргүүтэй 8 иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах "Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг хаасантай холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан байр сууриа илэрхийлэв. 


Тодруулбал тэрээр: Оюу Толгойтой холбоотой асуудлын хувьд хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж, засаж залруулах шаардлагатай олон зүйл байгаа. Энэ хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр Дамдинням сайд ажиллан тодорхой үр дүнд хүрсэн. Үүний үр дүнд 1.5 их наяд төгрөгийн хэмжээний бууралтыг бий болгосон. Харин миний хувьд зээлийн хүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.


Мэдээж зээлийн хүүг бууруулах, хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах чиглэлээр цаашид ажиллах шаардлагатай. Гэхдээ бид олон улсын өмнө хүлээсэн тодорхой үүрэг, хариуцлагатай улс. Нөгөө талаас энэ нь Засгийн газрын баримталж буй бодлогын нэг хэсэг юм.


Учир нь бид гаднын хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр эдийн засгаа тэлэх, хөгжлийн сууриа нэмэгдүүлэх боломжтой. Үүний үр дүнд татварын орлого нэмэгдэж, нийгмийн халамж, бүтээн байгуулалт болон бусад салбарт хөрөнгө хуваарилагддаг нь эдийн засгийн тогтолцооны үндсэн зарчим юм. Мэдээж Оюу Толгойг эсэргүүцэж байгаа иргэдэд өөрсдийн гэсэн тодорхой шалтгаан, байр суурь байгаа гэж ойлгож байна. 


Гэхдээ бизнесийн үйл ажиллагаа, хувь хүний эрх чөлөөнд халдах ёсгүй. Зам хаах нь зохисгүй үйлдэл. Оюу Толгой ХХК нь татвар болон бусад төлбөрөөр жилд ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Үүнийг ажлын өдөрт хувааж тооцвол өдөрт 4.1 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрч байна гэж үзэж болно.


Энэ орлого тасалдах нөхцөлд бидний ярьдаг тэтгэвэр нэмэх, цалин өсгөх, нийгмийн үйлчилгээ, бүтээн байгуулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудалд шууд нөлөөлнө. Монгол Улсын эдийн засгийн гол орлогын эх үүсвэрийн нэг нь уул уурхайн салбар гэдгийг бодох хэрэгтэй. Нэг талаас уул уурхайгаа зогсоох тухай ярьж, нөгөө талаас төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх асуудал ярих нь хоорондоо зөрчилтэй асуудал гэж харж байна гэлээ. 


Б.Төгсбаясгалан