sonin.mn

1990 оноос хойш ердөө л 36 жил өнгөрчээ. Энэ богино хугацаанд Монголын нийгэмд, монгол хүнд, нийслэл хотод тун ч их өөрчлөлт гарлаа. Гарсан бүх өөрчлөлтийг 100 хувь гэж үзвэл эерэг өөрчлөлт нь бага, сөрөг өөрчлөлт их, бараг л 30:70 байгаа болов уу. Сонирхуулж зөвхөн нэгийг дурдъя. Эх оронч сэтгэл – энэ бол онц чухал үзүүлэлт, таван тивд хаана л бол хаана дээдлэгддэг, дээдэс доодсын аль алинд л яригдаж, дурсагдаж, хүнийг үнэлэх гол шалгуур болж ирсэн шинж чанар юм.


Хүмүүнлэг сэтгэл, хүний мөс чанар гэх үзүүлэлт ч эх оронч сэтгэлийг байнга дагалдаж явдаг. Улаанбаатар хот томорсон, олон хүн амтай, олон өндөр барилгатай, олон машинтай болсон гэхчилэн тоон талаас нь зарим хүн магтдаг. Гэхдээ гол нь хувь хүний амьдралын чанар доошилжээ.


Утаа, тоос, хөрсний бохирдол, их дуу чимээ, түгжрэл, бухимдал, гэмт хэрэг, өвчин халдвар, амиа хорлолт, мөнгөний ханш уналт, ажилгүйдэл, авлига гээд тоочвол эерэг зүйл бараг үгүй. Эх оронч сэтгэл, хүний мөс гэхэд л хүн амын зарим бүлэгт бүр алга болчихжээ. Хувиа хичээх үзэл, хүмүүжил бол харин цар тахал мэт тархаж энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүс “хүнээ алдлаа”. Гадаадад гарч ажиллаад жаахан мөнгөтэй болсон хүмүүсийн зарим нь Монголоосоо бүр хүнийсч, эх оронч сэтгэлээ бүрэн гээчихсэн байх ажээ. “Монгол өөдөлвөл эндээ үлдэнэ, эс өөдөлвөл хаяад явна” гэж ч ярих болжээ. Хэн нэгэн хүн, өөр хүмүүс л Монголыг өөд нь татаж өгөх ёстой мэтээр тэд сэтгэдэг болчихжээ. Өөрсөд нь Монголыг өөд нь татахад оролцох ямар ч сонирхол, сэтгэл, үүрэг байх учиргүй мэтээр тэд сэтгэдэг, тооцдог болоод эргэж ирсэн байх юм. Харьд гараад зөвхөн мөнгө л бодож зүтгэсээр сэтгэл, зүрх нь хөлдүүс болчихдог бололтой. Тэгээд л мөнгө хөөж л амьдрах эрмэлзэлтэй болцгоожээ. Зарим нь бүр эцэг, эх, үр хүүхдийнхээ өмнө хүлээх ёстой үүрэг, хариуцлагаа ч хэрэгсэхгүй шахам болтлоо хүнийрхүү болж хүнийссэн байх ажээ. Монголыгоо дэн буудал мэт, хооллож аваад л орхиод явах замын гэр-гуанз мэтээр жижигрүүлж, басамжилж ярихыг нь ч олонтой сонсож гайхширлаа. Яг л ингэж ярьж, сэтгэсээр зарим нь хаашаа ч юм дахиад л явцгаачихлаа.


“Нутаг, ус амьтай Монгол хүн” ингэтлээ өөрчлөгдөж орхих гэж! Боолын шахуу нөхцөлд байж, хүнд ажил хийж, их мөнгө мөрөөдсөөр зарим хүн сэтгэл санааны гажиг олж байна. Амьдрал богинохон болохоор үлдэх нас нь золгүй байдлаар л дуусна шүү дээ!


“Чөлөөт зах зээл”-ийг чөлөөтэй луйвар, хулгай гэж гажуудуулаад ойлгочихсон хүмүүс, мөн улстөрийн нам бол улсын төсөвд хачиг мэт шигдэж, хувалз болтлоо цуслах хамгийн богино зам гэж итгэчихсэн хүмүүс хөдөлмөрлөх биш зөвхөн л хов хутгах, хор найруулах, дарга нарын гар хөл болох, олигархиудад ил далд үйлчлэх хэрэгт л бүх цагаа зарцуулж байна. Ийм замаар орсон хүмүүст эх оронч сэтгэл, хүний мөс чанар нь хоёр сонгуулийн хооронд л алга болчихдог ажээ. Өөр олон янз байдлаар тун олон хүн эх оронч сэтгэл, хүний мөс чанараа гээсээр байна. Хүн дүрснээс нь өөр хүний гэгдэхээр юм юу ч үгүй болтлоо “ядуурчихсан”, яав ч эрүүл биш хүн ч олон болов. “Эх оронч сэтгэл, хүний мөс чанар” л хүмүүст хүндэтгэх сэтгэл төрүүлж, бахархаж дурсах, магтаж ярих сэдэв, баримт болж байдаг юм. Улстөрчид бол юуны өмнө л эх оронч сэтгэлтэй, хүний мөс чанар сайтай байх ёстой. Хэрэв тийм биш бол тэр хүн улстөрч биш, баг өмссөн, дүр эсгэсэн хулгайч, луйварчин мөн болно. Ийм шүүлтүүрээр оруулах аваас манай улстөрчдийн чухам хэдэн хувь нь үлдэх бол оо? Үлдэх хүн ер гарах болов уу? Дүр эсгэсэн эх оронч, дүр эсгэсэн ардчилагчдаар ихэнх улс орон дүүрчихсэн нь ч үнэн юм. Гэхдээ яг “ардчилсан” гэсэн нэртэй намтай улс орон бас цөөхөн... Монгол маань Ардчилсан намтай, Ардчилсан холбоотой.


Ахмад үеийнхний бүтээсэн, гэхдээ хүүхдүүдийн гэсэн тодотголтой байсан олон барилгыг “Алтан хараацай” нар л овжин, зальжин элдэв аргаар хувьчлаад авцгаачихсан. Одоо тэд хувийн өмчийг хамгаалдаг нам л жинхэнэ улстөрийн зөв нам, сайн нам мөн гэж лоозонгноод явцгааж байна.


Хүүхдийн ясли, цэцэрлэг, хороо хорины эмнэлэг, кинотеатр, хүүхдийн зуслангууд гээд л хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдэд үйлчилж байсан бүхнийг мөнөөх л “Алтан хараацайнууд” өмчилж аваад, дамлаж зараад, өндөр үнээр түрээслээд сууцгааж байна. Байгалийн алтан хараацайнууд бол мөн ч хөөрхөн, мөн ч ачлалтай, сүргээрээ амьдардаг, жинхнээсээ ардчилсан журам, дэглэмтэй шувууд юм шүү. Тэд хавар орой, элдэв шавьж, ялаа, шумуул ид ихсэх үед (5-р сарын 20-ны үед) Улаанбаатарт нүүдэллэн ирж өт хорхой, ялаа, шумуул мэтээс бид бүхнийг хамгаалж, өвчин халдвараас сэргийлүүлж байдаг ач ус ихтэй амьтад билээ. Гэтэл нийгмийн “алтан хараацайнууд”-ын нэр төр, зам, мөр яг амьдрал дээрээ ямар байгаа билээ? Тэдний ам хэл эхэндээ ямар байлаа? Ам, ажил, үг, мөр, хуурамч дүр, жинхэнэ нүүр ямар их зөрөөтэй байна вэ? Хөдөөгүүр гэхэд л хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, худаг усны мотор, сэлбэг мэтийг ч мөн л ардчилагчид нь хуваагаад авцгаачихжээ... “Социализмын үед хар шар феодалын хөрөнгийг хураасан бол Ардчиллын үед ард түмний (улсын) хөрөнгийг хураадаг юм байна” гэж л ойлголоо хэмээн ёжтой нэг нь даапаалж ч байв. “Демократууд (ардчилсан нам, ардчилсан холбоо) ч мөлжиж байна. Социал-демократууд (МАН) ч мөлжиж байна. Харин большевикууд (ахмадын холбоо?) л мөлждөггүй юм биш үү?” гэх хошигнол ч гарлаа. Жирийн хүмүүсийн үнэлгээ, ойлголт ийм л байна шүү дээ... Эх оронч сэтгэл бол (уг шагийн утгаараа) улс үндсээрэ бүгдээрээ л сайн сайхан амьдаръя гэсэн санаа, эрмэлзэл юм.


Энэ санаа, зорилго, эрмэлзэлд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүнээ л ард түмэн “эх оронч” гэх үгээр мялааж, алдаршуулж иржээ. “Хүн болгон л эх оронч байх юм бол тэр улс орон дорхноо л сэв хийгээд босоод ирдэг юм” гэх итгэл, үнэмшил ч байжээ.


Гэтэл өнөөдөр эх оронч сэтгэлтний тоо цөөрсөөр л байна. Бидний уналт, доройтол хаана хүрээд зогсох бол, хэн тэрхүү уналтыг зогсоох бол? Эх оронч сэтгэлтэн нь алга болоход үндэстэн, угсаатан өөрөө устдаг жамтай. Энэ замын эхэнд өнөөдөр бид зогсож байна. Бидний 80-90 хувь нь энэ байдлыг ер ойлгохгүй, огт тооцохгүй байгаа юм. Дэлхийн 90 гаруй оронд монголчууд тархаж, ажиллаж, сурч, амьдарч байна гэж яригдах болов. 50 жил, 100 жилийн дараа бидний угсаатны бүтэц ямар болох бол оо? Эрлийз, хурлийз иргэдийн тоо, хэмжээ, хувь арай 60-70, түүнээс ч их болчихгүй байгаа? Гэхдээ тийм болчихвол муу гэж би хэлэх гээгүй юм шүү. Үхрийн бөөр шиг алаг ард түмэн өнөөдөр ч байж л байна. Ирээдүйд тийм ард түмний тоо бүр ч их олшрох байх. Харин энэнийг дагалдаж гарч ирдэг сөрөг үзэгдлүүд гэж бас буй. Тийм үзэгдлүүддээ нэрвэгдээд зарим ард түмэн бутарч салсан тохиолдол ч цөөнгүй. Тун ч их бэрхшээл, зовиуртайгаар салцгаасан даа... Монголын маань ирээдүй монгол хүний сэтгэл, зүрхнээс л хамаарна, тэгэхдээ бүр Монголоо гэсэн хайр, эх оронч хичээл, зүтгэлээс нь л шалтгаална.


Эх орондоо “хоноцын сэтгэлээр” ханддаг хүний тоо өнөөдөр гэхэд л харамсахаар олон болчихлоо. Газар доорх баялгаа гадныхантай хамсан ухаж гаргаад зарсаар баяжсан хүмүүс нь гадаадад байр сууц авч Монголоо орхин дүрвэсээр байна.


Тэг тэгсээр цөлжсөн, ухсан нүх болон овоолсон шороогоор дүүрсэн, сэглэгдэж эзгүйрсэн нутгаа сахиад “улныхан” л үлдэх юм болов уу? Дунд сургуульд физикийн багшаар 60 гартлаа ажиллаад тэтгэвэрт гарсан нэг өвгөн (78 настай) “Эх орон, ард түмэн, МАХН-д итгэж байсан надад одоо итгэх, найдах юу ч үлдсэнгүй. Тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна. Эх орон худалдагдаад дуусах нь, ард түмэн зөвхөн хувь хувиа хичээх тахалд нэрвэгдлээ, МАХН-ын удирдах бүлэг авлигад автлаа, АН-д би бүр анхнаасаа итгээгүй юм” гэж хэлээд нулимсаа арчихыг харлаа. Чаддагсан бол 70-аас дээш насныхантай бүгдтэй нь ярилцах юмсан. Олонхийн нь санал, сэтгэгдэл ямар байх бол? Ядаж л талбай дээр суулт хийж байгаа хэдтэй нь Та нар ярилцаад үзээрэй. Ажлын 8 цагийн туршид ярилцахад л олныг ч сонсоно, үнэнийг ч сонсоно, Та бүхний мэдлэг ч өргөснө, бас гүнзгийрнэ. Харин хэрвээ Та өөрөө хүн дүрснээс чинь илүү гарах хүмүүнлэг зүйл юу ч үгүй бол энэ өвгөдийн тэнэгийг л гайхах байх... Тэр өвгөний товч намтар: Хүүхэд залууст шинжлэх ухааны мэдлэг олгох, иргэдийн боловсролыг дээшлүүлэх хэрэгт 40 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Насны эцэст эх орон, ард түмэн эрүүл мэндийг маань үнэгүй даана, амьдралд хүрэлцэх тэтгэвэр олгоно, бусад нь ч бас болчих байлгүй дээ гэж бодож явжээ. Гэтэл өнөөдөр юун үнэгүй эм, эмчилгээ, шинжилгээ, тэтгэврийн хэд нь хоёр долоо хоногийн хоол авахад ч хүрэлцэхгүй... Саарал ордон дахь хүмүүст энэ байдлаа ойлгуулах гэж л хэдэн сар суултанд оролцож буй...



Судлаач, профессор Д.Чулуунжав