Өмнөд Солонгосын шинэ үеийн улс төрийг тодорхойлж буй хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг бол Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён юм. 2025 оны зургаадугаар сарын 4-нд тэрээр тус улсын 21 дэх Ерөнхийлөгчөөр тангараг өргөж, улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлын дараах шинэ засаглалыг эхлүүлсэн билээ.
Ядуу айлын хүүгээс улсын тэргүүн хүртэл дэвшин гарсан түүний амьдралын замнал нь Өмнөд Солонгосын нийгмийн хөгжлийн нэгэн бэлгэдэл хэмээн үнэлэгддэг.
И Жэ Мён 1964 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өмнөд Солонгосын Кёнсанбүг мужийн Андун хотод төржээ. Амьдралын боломж хомс айлд өссөн тэрээр багаасаа үйлдвэрийн ажил хийж, хөдөлмөрийн ослын улмаас зүүн гартаа насан туршийн гэмтэл авч байсан гэдэг. Гэсэн ч хүнд хэцүү амьдрал түүнийг буулгаж чадаагүй бөгөөд оройн сургуульд суралцаж, улмаар их сургуульд элсэн орж хуульчийн мэргэжил эзэмшсэн байна. Өмгөөлөгч болсныхоо дараа И Жэ Мён хөдөлмөрийн мөлжлөг, хүний эрхийн зөрчилтэй холбоотой хэргүүд дээр ажиллаж, нийгмийн эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт хүчээ зориулжээ. Түүний энэхүү үйл ажиллагаа нь олон нийтийн дунд нэр хүндийг нь өсгөж, улмаар улс төрийн замналынх нь эхлэл болсон юм.
2010 онд тэрээр Соннам хотын захирагчаар сонгогдон ажиллахдаа өрийн дарамтад орсон хотын санхүүг тогтворжуулж, төсвийн сахилга батыг сайжруулсан нь олны анхаарлыг татав. Мөн хүүхэд, залуус, ахмадуудад чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлж, орон нутгийн удирдлагын шинэ жишгийг тогтоосон гэж үнэлэгддэг.
Үүний дараа Кёнги мужийн захирагчаар ажиллахдаа коронавирусийн цар тахлын үед иргэдэд шууд мөнгөн дэмжлэг үзүүлэх бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн удирдагчдын нэг болсон юм. Энэ нь түүнийг улс даяар танигдсан улс төрч болгож, дараагийн шатны сонгуулиудад хүчтэй өрсөлдөгч болоход нөлөөлсөн гэж ажиглагчид үздэг. И Жэ Мён 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, маш бага саналын зөрүүгээр ялагдсан ч улс төрөөс ухраагүй. Тэрээр Ардчилсан намыг удирдан, сөрөг хүчний гол лидерийн байр сууриа хадгалсаар байв. Харин 2025 онд өмнөх Ерөнхийлөгчийн огцролтын дараа болсон ээлжит бус сонгуульд ялалт байгуулж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Ерөнхийлөгчийн хувьд И Жэ Мён эдийн засгийн өсөлтийг сэргээх, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч зэрэг өндөр технологийн салбарыг хөгжүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих, залуучуудын орон сууц, ажлын байрны асуудлыг шийдвэрлэхийг тэргүүлэх зорилтоо болгожээ.
Мөн нийгмийн тэгш бус байдлыг бууруулж, бодит үр дүнд суурилсан төрийн бодлого хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна. Гадаад бодлогын хүрээнд тэрээр АНУ-тай байгуулсан стратегийн холбоотны харилцааг хадгалахын зэрэгцээ БНСУ-ын үндэсний ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих зарчмыг баримталж буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн Япон, БНХАУ зэрэг хөрш орнуудтай харилцаагаа тогтвортой хадгалж, Солонгосын хойгийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад дипломат аргыг түлхүү ашиглах бодлого баримталж байна. Өнөөдөр И Жэ Мён нь Өмнөд Солонгосын улс төрийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг болоод байна. Түүний амьдралын түүх зөвхөн нэг хүний амжилтын замнал биш, харин хөдөлмөр, боловсрол, тууштай байдлын үр дүнд ямар өндөрлөгт хүрч болдгийг харуулсан бодит жишээ юм. Гэвч түүнийг зөвхөн ядуу айлын хүүгээс Ерөнхийлөгч болсон түүхээр нь бус, улс орны эдийн засгийг шинэ шатанд гаргаж, нийгмийн хуваагдлыг багасгаж чадах эсэхээр нь түүх үнэлэх болно.
Н.Отгончимэг
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл3
Ерөнхийлөгч Трамп мягмар гарагт Туркийн хүндэт харуулыг "Мерхаба аскер" гэж угтан авлаа. Энэ нь "Сайн байна уу, цэргүүд ээ" гэсэн утгатай уламжлалт хэллэг бөгөөд төрийн албан хаагчид, хүндэт зочид болон командлагч нар хүндэт харуул эсвэл цэргүүдийн эгнээнд мэндлэхдээ хэрэглэдэг.
Solongoschuud iim sul doroi yum uu?Mongolchuud manius bor zurkheeree
Энэ хүний амьдрлын замналбн дэргэд Манай авилагчид ичиж үхмээр….. Ирэхэд нь найраа ярьж өөрийгөө илчлэх вий дээ