Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, холбогдох мэдээллүүдийг сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
* Наймдугаар сарын 14-өөс хойш шатахууны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж байна. Гэвч нэр бүхий ШТС-ууд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулахгүй байх, ганцхан хошуугаар шатахуун олгох, иргэдэд бус гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх зэргээр дур мэдэн хязгаарлалт хийж, шуурхай штабын шийдвэрүүдийг зөрчсөн тохиолдлууд гарсаар байна.
* Иймд АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын зүгээс шатахууны хомсдол үүссэн онцгой нөхцөлд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж, шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлээгүй шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авах үүргийг өглөө.
* Энэ хүрээнд бүх ШТС-уудыг 24 цагаар үйл ажиллагаа явуулах, боломжит бүх хошуугаараа шатахууныг олгох, гэрээт байгууллага, талоноор олгоно гэсэн хязгаарлалтууд хийхгүй байхыг санууллаа. Хэрвээ энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол тухайн нефть импортлогч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу санууллаа.
Даваа - 08 сарын 17,
2026
Сэтгэгдэл2
Өнөө өглөө 6 цагт хойд зуслангаас хот руу ороод 9 өнгөрч байхад буцаж явахад 7 буудлаас хойшх Шадивлан хүртэлх колонкууд ажиллаж эхлээгүй, зам дагуу урт оочер үүсгэсэн хэвээр л байна лээ!!! Түгээгч нар нь хүртэл хүнд суртал гаргаж таашаал авдаг юм биш байгаа даа гэж бодогдмоор???
Төрийн өмчийн бензин түгээх сүлжээ байгуулах, ОХУ-ын бензин түгээх сүлжээ байгуулах нь гарцаагүй зөв зүйл болохыг хувиа бодсон хувийн өмчийн Петровис, Шунхлай, Сод Монголын бензин түгээх хувийн сүлжээний дампуу үйл ажиллагаа сүүлийн 20 хоногт яруу тодоор батлан харууллаа. Одоо энэ бүхэн нэгэнт хөдөлбөргүй батлагдсан тул төр Петровис, Шунхалай, Сод монголоос тусгай зөвшөөрлийг нь хураан авч, төрийн өмчийн бензин түгээх сүлжээ, ОХуын бензин түгээх сүлжээ яаравчлан байгуулах ажилдаа орох хэрэгтэй.