АН-ын дотоод зөрчил шинэхэн дарга О.Цогтгэрэлээр дуусахгүй л болов уу?
1989 оны 12 дугаар сарын 10-нд С.Зориг тэргүүтэй нийгмийн тогтолцооны эрс шинэчлэл хийх зорилготой залуус нэгдэн Монголын ардчилсан холбоо (MoAX) хэмээх улстөрийн шинэ бүлгэм байгууллаа. Дагаад Ардчилсан социалист хөдөлгөөн (санаачлагч нь Р.Гончигдорж, Баабар), Шинэ дэвшилт холбоо (санаачлагч нь Да.Ганболд) маш хурдан хугацаанд үүсэн бий болов. Зорилго нь бүгд ижил, нэг намын тогтолцоог халж улс орныг ардчиллын зам руу оруулахад оршиж байв. 1990 оны 2 дугаар сарын 18-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын ордонд болсон МоАХ-ны анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Нам (МоАН)-ыг байгуулж буйг зарласнаар улс орон олон намын тогтолцоонд шилжих эхлэл тавигдсан юм. МоАХ-ны илтгэлийг жүжигчин Д.Сосорбарам индэр дээрээс уншиж, ардчилсан үзэл баримтлалтай нам анх удаа байгуулагдаж байгааг Ц.Элбэгдорж хоолой цахируулан мэдэгдэж байлаа. Тухайн үед тоталитар дэглэмийг нураах нэгэн зорилготойгоо илэрхийлж байсан залуус яагаад тус, тусдаа өөр эвсэл холбоо, бүр нам байгуулан бие даасан тоглолт хийсэн нь сонирхолтой. Ардчилсан социалист хөдөлгөөний авторуудын нэг Р.Гончигдорж МоАН байгуулагдсаны дараа Монголын Социал-Демократ Нам (МСДН), Шинэ дэвшилт холбоог санаачлагч Да.Ганболд Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН) гэгчийг дор бүрнээ байгуулж дутахгүй амбицлав. МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч С.Зориг ч гэсэн хэсэг хугацааны дараа МоАН-ынхантай ганзага нийлэлгүй Бүгд Найрамдах Нам (БНН), дараа нь Нэгдсэн Нам (НН)-ыг үүсгэж, нэг хэсэг салан тусгаарласан удаатай.
Ардчиллын залуус тус, тусдаа улстөр хийж байсан ч эвсэл хэлбэрээр сонгуульд оролцохыг илүү үр дүнтэйд тооцож, 1992 оны УИХ-ын сонгуульд МоАН, НН, МҮДН хамтарч оролцож үзсэн түүх бий. Гэхдээ ердөө тавхан суудал (МСДН-ын нэг суудлыг нэмээд) авсан нь амиа бодож амбицлаад явахгүй нь гэдэг сануулга болсон юм.
Улмаар 1996 онд МоАН, МҮДН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-ыг байгуулсан бөгөөд Ц.Элбэгдорж анхны даргаар нь сонгогдсон. МҮАН 1996 оны сонгуульд МСДН-тай “Ардчилсан холбоо” эвсэл байгуулан оролцоод 50 суудал авч анхны түүхэн гэмээр ялалтаа байгуулсан. Гэхдээ дотоод зөрчил нь эрх баригчдыг хүчгүйдүүлж, улс орныг удирдан жолоодох чадамжийг нь сулруулж байлаа. Эдийн засаг, нийгэм ч дагаад туйлдсан. Үүнээс болоод нэр хүндээ алдаж эхэлсэн учир МСДН нь “амиа бодож” 2000 оны сонгуульд дангаараа оролцож билээ. Харин МҮАН нь МШАН /Монголын Шашинтны Ардчилсан Нам/ гэгчтэй эвсэл байгуулж оролцоод дөнгөн данган нэг суудал чангаасан юм. Ийм үр дүн эрх биш нэгийг бодогдуулсан нь лавтай бөгөөд олон жишиг намын хэлбэрээр салангид яваад амжилтад хэзээ ч хүрэхгүйг ухаарч, үр дүнд нь ардчиллын төлөө гэсэн тав зургаан нам нэгдэж АН-ыг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэгээд бодохоор одоогийн АН 2026 он гараад 26 жилийн нүүрийг үзсэн гэсэн үг. Хамгийн гол нь нэг намын зохион байгуулалтад орсноор эв нэгдэл нь бүрэн хангагдсангүй. Дотоод зөрчил нь байн байн хурцаар илэрч, дахиад л задарч, хуваагдах үйл явц өрнөж байв.
2003 онд М.Энхсайхан АН-ын анхны дарга Д.Дорлигжавын оронд намын дарга болсон ч улстөрийн хүчний хувьд төлөвших эхлэлийг тавьж чадаагүй. Түүнийг АН-ын дарга болоход “Ганцаарчилсан, дураараа, бие даасан тоглолт хийдэг М.Энхсайхан яг хэвээрээ байна” гэж дүгнэх гишүүд цөөнгүй байсан гэдэг.
Ийм уур амьсгалаас АН-ын хоёрдахь даргыг огцруулах хөдөлгөөн эхлэх болсон. М.Энхсайхан 2004 оны сонгуулийн өмнөхөн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан Монголын Ардчилсан Шинэ Социалист Намтай хамтран “Эх орон-Ардчилал” эвсэл байгууллаа. Хэдийгээр түүний энэ тактикийг Э.Бат-Үүл тэргүүтэн дэмжиж байсан ч Р.Гончигдорж нарын хуучин соцдекүүд таалаагүй билээ. Улмаар 2004 оны сонгуулийн өмнө Р.Гончигдорж АН-ын дарга М.Энхсайхан руу хэвлэлээр ил захидал дайж, баахан дайтсан. Хэдийгээр сонгуулийн өмнө АН-ын дотоод зөрчил илэрхий цухалзсан ч ард түмэн “Эх орон-Ардчилал” эвсэлд 36 суудал хайрласан нь өөр үр дүн хүссэний илэрхийлэл байлаа. Энэ нь мэдээж сонгуулийн штабаа удирдаж орсон М.Энхсайханы гавьяа мөн боловч Р.Гончигдорж тэргүүтэн түүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Улмаар тэдний зөрчил хурцдаж, М.Энхсайханыг гадаад томилолттой гэх хойгуур соцдекүүд Р.Гончигдоржийг АН-ын даргаар өргөмжилж, мөн оны 12 дугаар сард “Эх орон-Ардчилал” эвсэл задарлаа. М.Энхсайханы хувьд бууж өгсөнгүй, тамга тэмдгээ булаацалдсан хэрүүл болж, Дээд шүүхэд гомдол гаргахдаа хүрсэн түүхтэй. 2006 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Их эвслийн Засгийн газрыг огцорсны дараа М.Энхсайхан Үндэсний шинэ нам (2011 онд нэрээ сольж Монгол Үндэсний Ардчилсан Нам болсон)-ыг байгуулсан бол тэр цагаас АН-д “Кроун, “МоАХ, “Зүүн хойд Aзийн нийгэмлэг, “Алтан гадас, “Шонхор”, “МҮДН”, “Нэг ардчилал” зэрэг олон тооны бүлэглэл үүссэн билээ. 2020 оны сонгуулийн өмнө “АН-д задрал хуваагдал бус бүр сүйрэл нүүрлээд байна” гэж гишүүд нь халаглах нь ихсэв.
“Нэр дэвшихийг горилж байгаа бол заавал 100 сая төгрөг тушаах ёстой” гэдэг хатуу болзол тулгасан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, намдаа байр суурьтай залуус нь олноороо дайжих болсон.
Энэ давалгаа намын хуучин лидерүүдээр нь үргэлжилж, АН-ыг 100 сая төгрөгөө өгсөн хүмүүсийн түр зуурын бүлэглэл мэтээр харагдуулах болов. Ардчиллын үйл хэргийг эхлүүлж, АН-ыг удирдаж явсан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, мөн С.Баярцогт нар бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн нь намаасаа нэр дэвших орон зай олдоогүйдээ биш удирдлагуудынх нь бодлого, үйл ажиллагаа таалагдаагүй болоод л тэр. Нэг ёсондоо хүлээн зөвшөөрөхөд хэцүү хандлагаас дайжиж хуучин лидерүүд нь арга буюу өөр сонголт хийсэн дээ. Товчхондоо З.Энхболд гэдэг хүн л АН-ыг удирдаж, ардчиллыг устгаж байна гэж тов тодорхой ганцхан юм хэлээд төрөлх намынхаа хаалгыг саваад гарцгааcaн. Гэхдээ бие дааж нэр дэвшихээр шийдсэн нь намаа бүрмөсөн хаяж байгаа хэрэг биш л дээ. АН-ыг ялагдуулж, улмаар С.Эрдэнэ, З.Энхболд нараас үүрд салах гэж байгаа улстөрийн акц. Э.Бат-Үүл ““Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” хэмээн заналтайхан мэдэгдсэн нь зөвхөн З.Энхболдын нэр хүндэд харш гэхээсээ АН-д халгаатай үйлдлэл. Үүнийг тэр өөрөө мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Гэхдээ намынхаа хувь заяагаар туг тахиад ч хамаагүй ардчиллын “дайснуудаасаа” салая, намаа цэвэрлэе гэж хатуу шийдэхэд хүрчээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын хувьд өөр рүү нь шууд чиглэсэн намын дотоод их үймээн самуун, эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоох ганц арга зам бол хуучин, шинэ гэлтгүй бүх эсэргүү этгээдүүдийг хөөн зайлуулах явдал гээд бүр итгэчихсэн. Энэ нь түүнийг хэзээ ч асуудлыг яриа хэлцэл, зөвшилцийн замаар шийдэхийг хүсэхгүй, өрвөлзсөн болгоныг нухчин дарахаас буцахгүй дарангуйлагч мэтээр зарим хүмүүст харагдуулж байлаа. Түүнд ардчиллын анхдагч, эсвэл АН-ын дарга байсан нь огт хамаагүй, намын удирдлагуудын тушаал шийдвэрийг үг дуугүй дагах ёстой гэдэг ганцхан зарчим л эрхэм болохоор АН самуураад байна гэсэн ойлголтыг төрүүлж байв. Э.Бат-Үүлийг мэдэгдэл гаргангуут З.Энхболд “Намаараа сонгуульд орохоо болиод, байгалийн баялаг хулгайлах зорилготой бүлэглэлээрээ сонгуульд ордог болоод удаж байгаа.
Сонгууль бол зүгээр л тэр баялгыг авахад нь саад бологсдыг зайлуулах операци” гэж цахим хуудсаараа дамжуулан хариу барьж байсан нь “Та нар зүгээр л алга бол” гэж хашгирч байгаатай агаар нэг сонсогдсон юм. Өөрөөр хэлбэл, хулгайч нар явж л байг, харин бид бол цэвэр хүмүүс гэж шулуухан хэлчих шиг болсон.
Үүнээс үзвэл АН-д эхэлсэн “их дайн” сонгуулийн дараа улам ширүүсч С.Эрдэнэ, З.Энхболд нар намдаа үлдэх үү, эсвэл одоо намдаа гомдож туниад байгаа хуучин зүтгэлтнүүд нь АН-д үлдэх үү гэдэг шийдвэрлэх тулаан өрнөх нь тодорхой болсон. Энэ нам яг дундуураа хоёр хуваагдлаа. Тийм болохоор л АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн Б.Галиндэв нар “Манай нам цаашдаа орших уу, эс орших уу? гэж бачууран асуугаад, байн байн хэвлэлийн хурал хийсэн биз ээ. АН учраа олох, эсэх нь хэнээс хамаарах бол? Яг ийм асуулт тухайн үед нэхэл хатуутай хариулт нэхэж байв. 2020 оны сонгуулиар АН дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан ч эвлэрэх бус эвдрэлцэх үйл явц нь улам ширүүссэн. С.Эрдэнийн, Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын гээд том том бүлэглэлүүдийн зөрчил ил болж бүгдээрээ АН гэдэг нэрийг өмчлөхийн төлөө цусгүй дайн эхлүүлсэн дээ.
2021 онд АН-ын даргыг сонгох сонгууль цахим болон цаасан хэлбэрээр тус тусдаа явагдсан ч “цахим сонгууль”-д ялсан М.Тулгат, “цаасан сонгууль”-д ялсан О.Цогтгэрэл нарын хэнийг ч бүртгэж аваагүй.
2022 оны 4 дүгээр сарын эхээр Х.Баттулга том толгой гарган АН-ын даргыг сонгох сунгаа гэгчийг зохион байгуулсан ч бусад бүлэглэлүүд нь хүлээн зөвшөөрөөгүйгээс санал хураалт ганцхан хүн дээр (Ж.Батсуурь нэрээ татсан) явагдаж, Х.Баттулга өөрөө үнэмлэхүй олонхийн буюу 96.3 хувийн саналаар АН-ын даргаар “тодорсон” билээ. Гэвч Дээд шүүх мөн л бүртгэхээс татгалзсан. Х.Баттулга нар ийм шийдвэр гарахыг мэдэж байсан учраас Дээд шүүхийн гадна эсэргүүцлийн жагсаал хийгээд ч нэмэр болоогүй. АН-ын хууль ёсны дарга нь хэн бэ гэдгийг жирийн иргэд бүү хэл гишүүд дэмжигчид нь мэдэж ойлгож амжаагүй нэг хэсэгтэй л төөрсөн дөө. 2006 онд АН-аас хөөгдөж Үндэсний шинэ нам (дараа нь Монгол үндэсний ардчилсан нам гэж нэрээ өөрчилсөн) гэгчийг байгуулан М.Энхболдын тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газарт орж байсан М.Энхсайхан 2023 оны өмнөхөн АН-д элсээд “АН-ын хууль ёсны дарга бол С.Эрдэнэ” хэмээн мэдэгдэл хийгээд хэсэг гүйсэн. Түүнийхээр бол 16 жилийн дараа ардчиллын төлөөх намууд нэгдэж ардчиллын чанарыг дээшлүүлэх гэнэ. Гэхдээ тус намын шинэ залуу үе нь 30 гаруй жилийн өмнө ардчилал яриад явж байсан өвөө нараа хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуулт гарч байв. Үүнээс харвал АН доторх орон зайн төдийгүй үзэл санааны тэмцэлд цэг тавигдахад нэлээд хугацаа орох байх. АН-ын хувьд даргагүй удаан гэмээр хугацааг өнгөрүүлсэн нь үнэн хэрэгтээ бүлэглэл хоорондын зодооны үр дагавар байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Удирдлагагүй явж, явж 2024 оны сонгуулиас ганцхан жилийн өмнө буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Лу.Гантөмөрийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхийн саналаар АН-ын даргаар сонгож, Дээд шүүх ч тус шийдвэрийн дагуу Л.Гантөмөрийг бүртгэж авсан. Гэхдээ асуудал үүгээр дуусгавар болсонгүй. Нам доторх бүлэглэлүүдийн толхилцол намжих нь бүү хэл бүр цар хүрээгээ тэлэх нь тэр.
Албан ёсны даргатай боллоо гээд намын даргаа хүрээлж, нэг зарчим, нэгдмэл үзэл санаан дор төвлөрч чадсангүй. 2024 оны сонгуулийн нэр дэвшүүлэх үйл явц ямархуу ширүүн тэмцэл дунд өрнөснийг мартаагүй хүмүүс олон биз ээ.
Сонгуулийн сурталчилгаа дуусахаас нэг хоёрхон хононгийн өмнө намын даргаа муу муухайгаар дуудан огцрохыг шаардан жагсаж байсан улс шүү дээ. Тухайн үеийн нөхцөл байдал О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгогдсоноос хойш намжмал байдалд орсноос бус бүрэн илааршаагүйг өнөөдөр үе, үе цухалзах хандлагууд харуулж байгаа юм. “Х.Баттулгад найр тавилаа” гэх шүүмжлэлийг АН доторх Х.Баттулгын эсрэг үзэлтнүүд хэлээд байгаа нь үүний нотолгоо. Миний бие АН-ын үүх түүхийг сөхөхдөө заавал үл ойлголцсон асуудлыг нь онцолж байгаа нь тус нам доторх хүндрэлтэй асуудлууд нь өөр, өөр ашиг сонирхол, эрх ашигт захирагдсан бүлэглэл хоорондын зөрчлийн үр дагавар бөгөөд цаашид ч үзэл санааны нэг шугаман дээр гарч ирэхэд хэцүү гэдэг санааг илэрхийлэхийг зорьж байгаа хэрэг. Замын дунд салж сарних өөр олон үйл явц хүлээж байж ч мэднэ. Яагаад гэвэл эрх ашиг олон бүлэглэлд хувааж, энэ нь хүчтэй сөрөг хүчин байх боломжийг нь алдагдуулж байна.
МАН журмын нөхдөө хайр найргүй цээрлүүлснээр цэнгэлийн манлайд хүрч, цэгцрэх үү?
АН-ын зовлон МАН-ыг мөн л тойроогүй. Гэхдээ хамгийн эв нэгдэлтэй, хамгийн нэгдмэл санаа зорилготой цаг үе МАН-д байсан. 1990-2005 оны хооронд энэ нам үнэхээр зүү орох зайгүй тийм гайхаж бишрэм эв нэгдэлтэй байлаа. Ялангуяа Н.Энхбаярыг МАН-ын дарга байх үед намынхаа нэр хүндэд халдах нь бүү хэл даргынхаа өөдөөс ширүүхэн харах зүрх зоригтон тун ховор байсан. Мэдээж асуудалд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс байсан л байх. Гэхдээ л ил гарч ирж чаддаг нь цөөн байлаа. Харин 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялалт байгуулж, М.Энхболд МАН-ын дарга болсны дараа байдал өөрөөр эргэсэн. Ө.Энхтүвшин, Ц.Оюунбаатар нарын “гомдогсод” намын шинэчлэлийг эхлүүлэх нэрээр “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” хэмээх жигүүр байгуулж намаа ч, намынхаа шинэ дарга М.Энхболдыг ч шүүмжилж эхэлсэн. М.Энхболдын хувьд МАН-ыг зангарагтай, хатуу гараар барихаас зайлсхийж, асуудлыг яриа хэлцэл, ойлголцлын замаар буюу уян хатан шийдэх чиг шугам барихыг илүүд үзэж байлаа.
2006 оны 1 дүгээр сард Ц.Элбэгдоржийн танхимыг огцруулсны дараа МАН-ын шинэ дарга М.Энхболд Ерөнхий сайд болмогцоо Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилж, улмаар Хөвсгөлийн нөхөн сонгуульд илгээн УИХ-ын гишүүний сэнтийд залрах боломж олгосон нь ийм учиртай бөлгөө.
Гэхдээ жигүүрээс гадна өөр нэг аюул МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд М.Энхболдод заналхийлж эхлэв. Тэр бол нам дотроос гэхээсээ УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүдээс дэгдээсэн “түймэр”. Даргынхаа тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газрыг огцруулах санаачилгыг Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Т.Ганди, Ц.Шаравдорж, Д.Пүрэвдорж, Т.Очирхүү, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид тэргүүтэй 13 гишүүн гаргасан нь олон хүний дэмжлэгийг авч М.Энхболдыг намын даргаас нь мултлаад зогсохгүй Ерөнхий сайдаас нь огцруулж дөнгөсөн юм. Үр дүнд нь С.Баяр МАН-ын дарга, Ерөнхий сайд болж, улстөрийн өнгийг ингэж өөрчилсөн ба дээрх “дайснууд” “элсний 13” хэмээх нэр хочтойгоор улстөрийн түүхэнд үлдэх нь тэр ээ. Энэ талаар Л.Одончимэд “Хоржоонтой улстөр” номондоо “2007 оны хавар эрт нэг өдөр Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Д.Пүрэвдорж нар манай өрөөнд орж ирээд намын рейтинг урд хожид байгаагүй дор орлоо. Энэ чигээрээ байвал 2008 оны сонгуульд ялагдана. Бүгдээрээ зохион байгуулалтад орж шаардлага тавьж, намын Их хурал хийлгэж, намын дарга, Ерөнхий сайдын ажлыг тусгаарлая.
Намын даргад зөвхөн Их хуралд бэлтгэх ажил даалгаж бүгдээрээ туслая! Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, боловсон хүчний бодлогод өөрчлөлт оруулъя гэсэн сэдвээр бид хэд ярилцаж санал нэгдээд, маргааш нь би Женев руу олон улсын хуралд оролцохоор явсан юм. Долоо хоноод ирсэн чинь тэд 13-уулаа болчихсон байсан.
Ц.Шаравдорж, Д.Пүрэвдорж, Т.Очирхүү гурав дээр Т.Ганди, Ч.Улаан, Б.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид нар нэмэгдэн орж бас Р.Раш, Раднаа, Д.Дэмбэрэл, Н.Болормаа нарын олон дэмжигчидтэй болчихсон байлаа. Ингээд бид анхны хурлаа хийж Ч.Улааныг ахлагчаар сонгов” хэмээн тодорхой бичсэн байдаг. Н.Энхбаярыг намын даргын суудлаа шилжүүлсэнээс хойш тус нам хөдөлгөөнд орж, хөдөлгөөн нь зөрчилд хүргэх хэмжээнд хүртлээ өөрчлөгдөх болсныг энэ ганцхан жишээ харуулж байна. Тус нам доторх хоёрдахь том “төрийн эргэлт” дээрхээс 10-аад жилийн дараа буюу 2017 онд болсон. Автор нь У.Хүрэлсүх. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараа намдаа нөлөө бүхий байр суурьтай, бас амбицтай залуусыг нэгтгэж, нэгдмэл зорилго дор зангидаж чадсаныхаа хүчинд 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, өөрөө Ерөнхий сайд, МАН-ын дарга болоод зогсохгүй М.Энхболдыг УИХ-ын даргын өндөр сэнтийгээс буулгаж дөнгөсөн.
М.Энхболдыг МАН-ын дарга байх үед Удирдах зөвлөл нь Засгийн газраа огцруулах шаардлагагүй гэж үзсэн ч өөр ашиг сонирхол бүхий журмын нөхөд нь удирдах дээд байгууллагынхаа шийдвэрийг тас зөрж мэргэжлийн гэгдэх танхимынхаа хувь заяаг эргүүлэхээр барахгүй лидерээ намын дарга, Ерөнхий сайд болгосон юм.
Үүнээс болоод МАН-ын УИХ дахь гишүүд хоёр хуваагдсан, талцсан дүр зураг нэг хэсэгтээ л ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, намын удирдлага, удирдах бүтцийнхээ үгээр явдаг “аялдан дагагчид”-ын эсрэг тодорхой эрх ашиг, зорилгын төлөө намынхаа нэр хүндээр дэнчин тавигч “эрэмгий зоригтнууд” төрөн гартлаа эрх баригч МАН-ын дотоод асуудал өөрчлөгдсөн хэрэг. Хамгийн гол нь МАН-ын удирдах байгууллага л улстөрийн бодлогоо тодорхойлдог тогтолцоог хэсэг нөхөд нь ийнхүү хазаарласан. Нэг ёсондоо эрх баригч намын удирдлага, удирдах дээд байгууллага нь улстөрийн асуудал болоод Засгийн газрын хувь заяаг шийддэг уламжлалыг У.Хүрэлсүх нар эвдэж эрх мэдлийг гартаа авсан гэсэн үг. Тухайн үед У.Хүрэлсүхийн “дүү нар” аргагүй л бяртай ахтай гэсэн шиг том дуугарч байв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга М.Энхболд та ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагад нөлөөлж ийм дүгнэлт гаргачихаад УИХ-ын чуулганыг удирдана гэдэг бол өөрөө ёс зүйн хувьд боломжгүй юм. Энэ бүх зүйл цэгцлэгдтэл та үүрэгт ажлаасаа сайн дураараа түдгэлзэж, албан тушаалаасаа огцрох шаардлагыг таньд албан ёсоор бичгээр өгөх болно” хэмээн мэдэгдэж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Та бид хамтдаа энэ нийгмийн сайн сайхны төлөө, хурдтай шуурхай, шударга, өндөр хариуцлагатай ажиллах шаардлага байна.
Нэг үгээр хэлбэл Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон” гэж намынхандаа хандан уриалж байв. Ямартаа ч МАН-д задрал авчрах хэмжээний үл ойлгогдох “драм’ тавигдсан үе байлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдал У.Хүрэлсүхийг намын дарга болсноор шийдэгдээгүй гэсэн үг. Уг нь тэр хүн улстөрийн хамгийн том намын даргын тамгыг гардаж авсныхаа дараа “МАН бол эв нэгдэлтэй нам. Монгол гэдэг айлын ууган хүү юм. Би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг ч надад оногдож байгаа. 32/33-ын хагарал энэ цагаас эхлэн эцэс болж байгааг зарлая. Би чөмгөө дундартал зүтгэнэ. Хичээж зүтгэж ажиллана. Монгол Улс мандан бадраг. Ардын засаг мандан бадрах болтугай” хэмээн их л бардам итгэлтэй бөгөөд хийморь цог золбоотойгоор зарлан тунхагласан юм шүү дээ. Түүнтэй өрсөлдөөд ялагдсан Д.Хаянхярваа ч “Бид өнөөдөр эв эеэ ололцсон. Энэ цаг мөчөөс хойш бид эв нэгдлээ эрхэмлэж, МАН гэх их нэрийн дор явах болно. Журмын нөхөддөө эвгүй үг хэлж байсан бол уучлалт хүсч байна. Намынхаа хамгийн том эрхэм дээд байгууллагын өмнө үг хэлэх гэж байхдаа сэтгэл өвдөж байлаа. Би намын даргад өрсөлдөх чадамжтай юу гэдгээ бодож суухдаа сэтгэл догдолж байлаа. Энэ цаг мөчөөс эхлээд хэвлэл мэдээллээр нэг нэгнээ элдэв долоон зүйлээр дайрдагаа зогсооё. Алдагдсан үнэт зүйлээ эргэж сэргээе.
Бидэнд үнэт зүйл гэж бий. Би ахмадаа хүндэлдэг, залуусаа хүндэлж, хайрладаг, алдаа оноогоо засч залруулдаг байгаасай гэж хүсдэг. М.Энхболд дарга улс төрийн амаргүй ачааг үүрч ирсэн. Танд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу. У.Хүрэлсүхэд би итгэж байна.
Эвлэрүүлж явна гэдэгт бүр их итгэлтэй байгаа. Унаж доройтсон эдийн засгаа ч сэргээнэ гэж итгэж байгаа. Бид хамтдаа бүтээж, хүрээлж явах ёстой” хэмээгээд нам, засгийн шинэ тэргүүндээ нялуунаар үнсүүлж байв. Гэвч тэрбээр жилийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-нд Ерөнхий сайдыгаа огцруулах бичгийг өргөн барих “хувь тохионо” гэж хэн ч санаагүй. Үүнээс болоод намын дотоод эв нэгдэл бүр долоон уулын цаагуур далд орсон мэт харагдах болж итгэлцэл, ойлголцол нэг хэсэгтээ сарнисан. Сонин хэвлэл, сошиалаар хэрэлдэх нь хэтэрч, бүр уралцах хэмжээнд хүрсэн. М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр дээр хуваагдсан “60 тэрбумынхан” болоод “Ждү”-чид нь нэг хэсэгтэй л ширүүхэн мөчөөрхөлцсөн дөө. Гэхдээ У.Хүрэлсүхийн зангараг илүү хүчтэй байсан болохоор өөдөөсөө өрвөлзсөн “намын эсрэг бүлэг”-ийг дарж чадсан. Тэр намаа үнэхээр базаж, зарим нэгний хандыг хага дарж чадсаныг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль батлан харуулсан. Түүнээс өөр хүнийг нэр дэвшүүлэх ямар нэгэн хэл үг гараагүй, бүх зүйл төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн. Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд байх үед намынх нь эв нэгдэл бүрэн хэмжээнд хангагдаж чадаагүй. Энэ нь түүний өөрийнх нь хэлсэнчлэн МАНАН-гийн эсрэг, авлигын эсрэг хийсэн тэмцэлтэй нь холбоотой байсан нь “ойлгомжтой”. Танайх, манайх гэлтгүй авлигын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг өршөөхгүй хэмээн баахан хүмүүсийг нүүрсний гэх мэт олон хэрэгт нэр холбогдуулан зарласнаас олон асуудал үүссэн гэж боддог. Ямартай ч түүний унасан шалтгаан нь сөрөг хүчинд бус МАН дотор байсан нь хэнд ч ойлгомжтой байлаа. Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэнэ, нам дамнасан бүлэглэлүүдтэй тэмцэнэ, шударга ёс тогтооно гэж яриагүй биш ярьсан. Гэхдээ л 20 сая төгрөгийн үнэ бүхий цүнхнээс “болж” огцорсон юм даг. Г.Занданшатарыг Ерөнхий сайд болсон ч энэ намын эв нэгдэл сайжирч нэг гарт төвлөрч чадаагүй нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнийг огцруулах саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд өргөн барьсан үйл явцаас харагдсан юм.
Өөрөөр хэлбэл, эрх баригч намын хоёр хуваагдал Засгийн газрын хувь заяанд нөлөөлөх хэмжээнд хүртлээ хүндэрсэн гэсэн үг. Угаасаа эрх баригч намын зөрчилдөөн хурцадвал Засгийн газрыг огцруулах акц болж хувирдаг жишиг Монголд тогтсон шүү дээ.
Сүүлийн 8 жил тасралтгүй засаглалсан МАН үндсэндээ хоёр хуваагдсан дүр зураг улстөрийн хүрээнийхнээс гадна энгийн иргэнд ч тун ойлгомжтой харагдаж байна. 2026 оны 2 дугаар сарын 27-нд болсон МАН-ын Бага хурлын II хуралдаан дээр энэ үзэгдэл бүр ч яруу тод ажиглагдав. МАН-ын дарга Н.Учрал “Танилын нүүр халуун хэдий ч Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэж түс тас мэдэгдсэн нь дан ганц намын даргын байр суурь биш нь дэндүү тодорхой. Үүнийг дагаад ямар өөрчлөлт гарахыг УИХ дахь МАН-ын бүлгийн 66 (Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг хасаад) гишүүний хандлага аяндаа хэлээд өгөх биз. Өнгөн дээрээ МАН дотор шударга ёсны тэмцэл өрнөж байгаа мэт боловч яг бодит үнэн нь юунд байгааг цаг хугацаа аяндаа харуулах буйзаа. Улстөрийн нам гэдэг нэг зорилго, нэгдмэл үзэл санаатай хүмүүсийн нэгдэл. Гэтэл тодорхой эрх ашиг дийлсэн нөхцөлд бүлэглэлд хуваагдан, улмаар зөрчилдөөн үүсдэг бөгөөд нь энэ нь төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүрсээр ирлээ. Нам доторх бүлэглэлүүдийн зөрчил тэмцлийн үр дүнд БОДИТ ҮНЭН л ялж байх ёстой. Өөрөөр хэлбэл, нам, төрийн дээр байгаа хүмүүсийн байнга ярьдаг шударга ёс л ард түмэнд жинхэнэ мөн чанараараа хэрэгтэй байна!
Дажсүрэнгийн Лхагвадорж
Мягмар - 08 сарын 18,
2026
Сэтгэгдэл4
Арчаагүй эзэнгүй төр засагтаа биш арчаагүй эрх баригчиддаа биш арчаагүй мунхаг хүлцэнгүй эв нэгдэлгүй монголчуудад бүх буруу байгаа.
Нямбаа өөрийн намын хэдээ хөдөлгөөд наад Учралаа огцруулаач. Юугаа хүлээсэн юм
хамгийн гол нь дарангуйлал тогтож болохгүй!
үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхагласан Үндсэн хуулийн үзэл санааг хангах намыг л сонгоно