Хүн үүсэж, хүмүүс сүрэглэн амьдрах болсон тэр эрт балрын цагаас л “сүргийг хэн удирдах, хэрхэн удирдах, хааш нь чиглүүлж удирдах вэ” гэсэн асуулт, асуудал анхдагч байдлаар, хар бярд түшиглэсэн хэлбэрээр тавигджээ. Амьдрал өөрөө, урсгалаар, аяндаа энэ асуулт, асуудлыг дэвшүүлжээ. Энэ нь мөнхүү цаг үедээ амин чухал хэрэгцээ, сонирхол байжээ.
Сүргийн удирдлага тэр цаг үеэс л өрсөлдөөнөөр шийдвэрлэгдэж, хүчирхийлэлд түшиглэж байв. Товчлоё. Сүргийн ахлагч, эхийн эрхт ёс, эцгийн эрхт ёс, аймгийн ахлагч, аймгуудын холбооны ахлагч, төр улсын тэргүүн, хаан гэх удирдлага, зэрэг, зиндаа, хэргэм буй болж, цаг цагтаа хэргээ хийж, үүрэг гүйцэтгэж иржээ.
Харин одоо бол ерөнхийлөгч, ерөнхий сайд, эрх барьж буй нам, парламент, мөн хаадууд байгаа билээ. Хөрөнгөтний төр, пролетарийн төр, ардчилсан төр, гүний төр засаг, тоталитар төр, авторитар төр, хэмжээгүй эрхт хаант төр, хэмжээтэй эрхт хаант төр, төр ба шашны эрхийг хослон баригч хаан, төр шашны тэргүүн далай лам, пап лам гэж ч байв. Одоо ч байцгааж л байна. Тэр бүхний зарим нь үлдэгдэл байдлаар, зарим нь нэр төдий, зарим нь түүхэн уламжлал, хуучны инерци болон оршсоор л байна. Дахиад товчлоё. Зөвхөн одоо түгээмэл байгаа хэдэн хэлбэрийн талаар л цөөн зүйл өгүүлье. Тэгэхдээ дэлхийд данстай судлаач эрдэмтдийн хийсэн дүгнэлтүүдэд түшиглэн саналаа хэлье. Бас зарим хаан, мөн Гитлерийн хэлсэн үгийг ч иш татъя.
“Хоёр хүний (олонхийн гэх утгаар) шийдвэр нэг хүнийхээс (цөөнхийн гэх утгаар) илүү зөв гэж үзэх баталгаа үгүй. Ардчилал гэх нэрийн дор эрх мэдэлд шунасан олон этгээдийн цадиггүй дэглэмийг “Ардчилал” гэж тооцож болохгүйг улстөрчид мэдэж, сэргийлж байх ёстой.” 1918-1920 онд Оросын дээд захирагч байсан адмирал Колчак энэ үгийг хэлжээ.
“Хүмүүс эрх мэдлийг олох хүртлээ нийтийн сайн сайхны төлөө гэж л попорцгоодог. Эрх мэдэлд хүрсэн хойноо ганцхүү өөрийн ашиг, сонирхлоо л гүйцэлдүүлэх гэж оролддог.” Энэ бол Черчелийн хэлсэн дүгнэлт. Ортой үг болохыг нь бид бүхэн мэдээд л авсан. “Хоёр чоно, нэг хонь хоосон ширээний ард суугаад оройн хоолондоо юу зооглох талаар хэлэлцээд олонхиороо шийдэхийг ардчилал гэнэ.” Энэ үгийг 200 гаруй жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Франклин хэлжээ. Энэ үгийг АНУ-ын бүгд найрамдах намынхан, ерөнхийлөгч Трамп үнэн үг гэж өнөөдөр үнэлж байна. Манай ардчилсан намын гишүүд энэ үгийг юу гэж үнэлдэг юм бол оо? “Манай хамгийн хорлонтой, аюултай дайсан бол харийнхан (колончлогчид, түрэмгийлэгчид) биш, харин тэдний тэжээврүүд, гар хөл нь болчихсон өөрийн хүмүүс юм шүү.” Энэ үгийг одоогоос 100 гаруй жилийн өмнө Махатма Ганди хэлж, баримтаар нотолж байжээ. Энэ үгний яалт ч үгүй үнэн болохыг нотолж буй жишээ, баримт өнөөдрийн Монголд байгаа билүү? “Олонхийн дарангуйлал бол хамгийн хор хөнөөлтэй дарангуйлал мөн. Тийм дарангуйлалд автсан улс орон уруудахаас биш өөдөлнө гэж үгүй.” Францын улстөр судлаач Токвиль ингэж үзэж байв. Сүүлийн зуун жилийн дотор энэ дүгнэлтийн үнэнийг олон улс орон нотолсон ба нотолсоор байгаа ажээ.
Дэлхий даяараар тоолох, тооцох аваас хаадын тоо хэдэн арван мянгад хүрэх байх. Гэхдээ тэдний дунд онцгой сайнаар үнэлэгддэг, дурсагддаг хаад олон буй. Тэдэнд зориулж босгосон хөшөө, дурсгал ч олон. Хаант засагтай хэрнээ баян чинээлэг аж төрж байгаа улс орон өнөөдөр ч олон байгаа.
Хааны титэм, эрх ямбаны төлөө л хаан болсон, тэр янзаараа л үлдсэн, хорвоог орхисон хаадын тоо тун ч олон. Тийм хаадын нэг төлөөлөгч нь Английн хаан Гейнрих VIII байжээ. Түүний үг, үзэл баримтлал: “Би ард олныг ядуу зүдүү байхыг нь хариуцая. Харин хамба ламтан та тэдний мунхаг, мухар сүсэгтэй байхыг нь дааж ав. Тэгж байж л бид хоёр урт удаан хугацаанд ард олныг захирч, эрхшээлдээ байлгаж чадна.” Энэхүү үзэл, баримтлалтай адилтгаж болмоор утга, санаа бүхий тушаалыг Адольф Гитлер хамсаатнууддаа өгч байжээ. Жишээ нь: “Шинжлэх ухаан, улс төр, бусад мэдлэг боловсролыг бие даан олж авах боломжийг жирийн иргэдэд бүү олго! Айл бүрд радио тавьж өгөөд түүгээрээ аль болох л зугаатай, хөгжилтэй, марзан, шалиг зүйлсийг байнга нэвтрүүлж бай! Бидэнд эзлэгдсэн ард түмэнд үнэн түүх, уламжлалыг нь ярьж огт болохгүй.” Иймэрхүү хаад, удирдагчдаас сайн сайхныг хүсэх, хүлээх нь илүүц байсан болохыг хожуу л ухаарцгаажээ...
Төр, засаг, удирдлагын шинж, байдал, ач тус, сайн ба муу үр дагавар нь тун олон зүйлээс хамаардаг. Тийм болохоор энэ нь яг сайн, тэр нь тун муу хэмээж онолын үүднээс хатуу үнэлэх боломжгүй үзэгдэл, хүчин зүйл юм.
Ардчилсан гэгдэх төр засаг нөхцөл нь бүрдэх аваас дүр эсгэсэн авлигачид, шинэ колончлогчид, элдэв зүсмийн хийрхэгчид, албан тушаал, эрх мэдэлд донтогчдоос бүрдэж улс орны амьдралыг самарч орхидог нь нотлогдсоор байна. Ардчилсан өөрчлөлтийг хийж байгаа нэрийдлээр төр, засгийн тогтолцооноос судлах шинжлэх, хянах, шалгах үүрэгтэй ажиллаж байсан бүх нэгжийг татан буулгаад (эрх барьж буй намын эгнээн дэх) бусармаг явдалтангууд хар хэргээ чөлөөтэй хийсэн жишээ, баримт тив бүхэнд л гарчээ. Зарим оронд авлигатай тэмцэх нэрээр авлигачдыг хамгаалах, үйлдсэн хэргүүдийг булах, далдлах байгууллагыг буй болгож ажиллуулсан тохиолдол ч буй гэнэ. Тэгээд л дүр эсгэсэн ардчилагчид том хөрөнгөтөн болох уралдаанаа эхэлж, хууль бусыг үйлдэж, хуульчид, цагдаа, прокуроруудыг хахуульдаж, луйвар, хулгайг байж болох бүх хэлбэрээр нь хийж эхэлдэг ажээ. Монголын жишээ гэхэд л ийм “уралдаан” 36 дахь жилдээ үргэлжилж, бүр үл үзэгдэх малгай өмссөн мэт ид шидтэйгээр хар хэргээ хийсээр байна. Өнөөдөр дэлхий дээр маань коммунист намаар удирдуулаад эрч хүчтэй хөгжиж чадсан орон ч буй. Хаант засгийн удирдлагаар хөгжиж, баяжиж чадсан ард түмэн ч буй. Ардчилал, либеральчлалыг дагаж давхисаар, дүр эсгэгчдэд нь хууртсаар ядуурсан, самуурсан орон ч буй. Харин ардчиллыг жинхэнэ ёсоор хэвшүүлж, нутагшуулж чадсан улс орон гэвэл тун ч цөөхөн бололтой. Мөн олон салаа замын дөтөөр нь, бартаа багатайгаар нь орж чадахгүй будилсаар “салам төөрч орхисон” улс орон ч бас буй. Тэдний нэг нь Монгол маань юмуу даа. Адольф Гитлертэй адилтгаж болохоор үг хэлж, үйлдэл хийж байгаа хүн баруун Европын зарим оронд өнөөдөр ч бас байж л байна. Төр засаг, гүнийн төр засгаа гэж...
Төр, засгийнхаа эрхийг зөв намд, зөв хүмүүст өгч чадах хэрийн мэдлэг, боловсрол, мэдээлэл хот, хөдөөгийн сонгогч олон түмэнд байхгүй бол тэр улс орон өөдөлнө гэж үгүй юм байна. Энэний нэгэн тод жишээ нь өнөөдрийн Монголын арчаагүй байдал, нүүр царай.
Нийслэл хот нь шавааралдсан барилга, оршин суугчид нь баялаг шинээр бүтээх хөдөлмөр-үйлдвэрлэлээс хол хөндий, хөрс, агаар, ус нь бохирдсон, төрийн албан хаагчид нь баяжих, хөрөнгөжихийн төлөө хууль бусыг буруу, солгойгүй хийцгээдэг, сонгогчид нь саналаа мөнгөөр худалддаг... гэхчилэн дандаа сөрөг, муу үзүүлэлтүүд ноёрхдог. Татвар төлөгчдийн мөнгө-төсвийн хөрөнгийг хот, хөдөөгүй л хэрэггүй зүйлд их зардаг, төрийн аппарат нь улам л томорсоор, өндөр цалинтай дарга нар нь тансаглах өвчинд гүнзгий нэрвэгдсэн, өндөр настан болон хүүхдүүдийн байдал өрөвдмөөр дорой, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, эмч хүрэлцээгүй, эмийн үнэ өндөр, чанар нь эргэлзээтэй... Хөөрхий дөө, монголчууд бид хөөрхий! Бид XXI зууны шаардлагын түвшинд амьдарч чадахгүй байгаа ард түмнүүдийн нэг нь юм даа.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Даваа - 07 сарын 27,
2026
Сэтгэгдэл3
Энэ 126 бие үнэлэгчийг төрийн ордонтой нь хамт галдан шатаачих юмсан.
Тийм ухаантай хүн няат
Шашны солиотнуудад эзлэгдсэн Иран Афганистан улс гэж байдаг шиг МАН ын дээрэмчидэд Монгол улс гэж улс Төв Азид байдаг юм ! Энэ дээрэмчидээс мөддөө салахгүй ёстой наалдан пад гэдэг чинь эд нар байхгүй юу ! Нэг дээрэмчин Нямбаатар нь 38 их наядын төслүүдээс 2 их наяд 300 тэрбумыг дээрэмдээд хулгайлаад гадаад ру зугтчихаад одоо ирэхгүй байна ! Дээрэмчидын ахлагч гамингийн бага дарга хар мантуу Хүүк дээрэмчидийг одон мeдалиар шагнахаас өөр ажил хийхгүй байна ! Гар хөлүүдээ төр засгийн өндөрлөгүүдэд нь тавьчихсан болохоор өөр дээрмийн бүлгийг нэвтрүүлэхгүй байна ! Их замын шударга дээрэмчингээс долоон доор цагаан гартан дээрэмчингүүд !