sonin.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН-аас нэр дэвших сонирхолтой гэх яриа улс төрийн хүрээнд гараад удаж байна. Өөрөө энэ тухай ил тод зарлаагүй ч сүүлийн үеийн байр суурь, улс төрийн нүүдлүүд нь ийм таамгийг улам өдөөж буй. Түүнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг нь сэтгүүлч шууд асуухад С.Амарсайхан: “Надад Ерөнхийлөгч болох тийм сонирхол байхгүй. Одоо ярих цаг биш. Надад тийм юм байхгүй...”хэмээн хариулсан билээ.


Өнгөц харахад Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолгүй гэдгээ хэлсэн мэт. Гэхдээ “одоо ярих цаг биш” хэмээн нэмж тодотгосон нь 2027 оны сонгуульд нэр дэвших боломжоо бүрмөсөн хаасан, хоёрдмол утгагүй үгүйсгэл гэж тайлбарлахад бас учир дутагдалтай. Улс төрд, тэр тусмаа сонгууль болоход багагүй хугацаа үлдсэн үед боломжит нэр дэвшигчид хөзрөө эрт дэлгэхгүй байх нь түгээмэл.


С.Амарсайханы сүүлийн үеийн улс төрийн байр суурь ч анхаарал татна.



МАН дотор “30”, “38” хэмээн нэрлэгдсэн хоёр талын хуваагдал бодитоор үүссэнийг тэр өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ аль нэг талд нь ил тод орж, нөгөөгөө сөрөхөөс илүүтэй эв нэгдэл ярьж, хоёр талын дунд тэнцвэр хадгалах байр суурь баримталж байна.


Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын даргын асуудал яригдах үеэр С.Амарсайхан:“30, 38 гэдэг талцал, хуваагдлаа зогсоогоод, улс орны төлөө нэг хүнийг нэр дэвшүүлээд явбал би ачаа үүрээд явж болно” хэмээн мэдэгдсэн. Мөн талцал, хуваагдлыг өөгшүүлж болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.


Сонирхолтой нь С.Амарсайханы нэр зөвхөн УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ярианд гараагүй. Тэрээр өмнө нь намын болон улс төрийн намын удирдлагууд түүнд Ерөнхий сайдад нэр дэвших санал тавьж байсан ч татгалзсан тухайгаа өөрөө ил болгосон.


Энэ бүхэн С.Амарсайханыг МАН доторх дараагийн том албан тушаалын өрсөлдөөнөөс ангид хүн гэж үзэхэд эргэлзээ төрүүлнэ.


Тэр тусмаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал намын дотоод хүчний харьцаатай шууд холбогдоно. Аль нэг бүлэгт хэт ойртсон улстөрч нөгөө талынхаа дэмжлэгийг авахад хүндрэлтэй. Харин хоёр талтай харилцаагаа хадгалж, “эв нэгдэл”-ийн байр суурийг тогтмол илэрхийлж чадсан хүн зөвшилцлийн кандидат болох боломжтой.


С.Амарсайхан яг ийм орон зайг онилж байна уу гэсэн асуулт эндээс гарч ирнэ.


Өнөөдрийн байдлаар түүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж баттай хэлэх баримт байхгүй. Өөрөө ч Ерөнхийлөгч болох сонирхолгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч улс төрийн хүрээнд нэр нь яригдсаар байгаа, МАН-ын хоёр талын аль алинтай нь ойлголцож байгаа байдал, томоохон албан тушаалын өрсөлдөөн бүрд нэр нь дуулдах болсон зэргийг нийлүүлээд харвал нэг зүйл анзаарагдана.


С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү.



Б.Намуун