sonin.mn

Н.Номтойбаяр УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн буюу тухайн оны эхээр “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан билээ. Тус эвсэл үндсэндээ дөрвөн хэсгээс бүрдэж байв. Тодруулбал, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Ногоон Нам болон МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Н.Номтойбаярыг дагасан хүмүүс гэсэн гурван гол хэсэгтэй байлаа.


Үүнээс гадна Д.Пүрэвдаваа тэргүүтэй бусад намаас ирсэн болон нам бус иргэдээс бүрдсэн харьцангуй жижиг хэсэг ч байв.


Гэвч тус эвслийн голлох хүчний нэг болох МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Н.Номтойбаярыг дагасан хүмүүс үндсэндээ “Үндэсний эвсэл”-ийг орхин, МАН-даа буцаж элсээд байгаа аж. Тэр бүү хэл Н.Энхчимэг тэргүүтэй шинээр нэгдсэн гишүүд нь ч МАН-д элссэн байна.


Н.Номтойбаяр өөрөө ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ МАН-д элсэх тухай яриа байгаа ч албан ёсны хэлэлцээр хараахан эхлээгүй хэмээн мэдэгдсэн билээ.


Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг гишүүнээр элсэх бус, харин МАХН-ын жишгээр тодорхой квот тохиролцож, улс төрийн нэгдэл хийхийг хүсэж байгаа аж. Тухайлбал, Н.Энхбаярын тэргүүлж байсан МАХН МАН-тай нэгдэхдээ 30 хувийн квотыг гэрээндээ тусгаж байсан юм. Иймээс Н.Номтойбаяр ч мөн адил тодорхой хэмжээний квот, улс төрийн оролцооны баталгаа бүхий тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаа бололтой.


Б.Намуун