Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) нь Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд зохион байгуулагдсан "Эрүүл хүнс, эрүүл хүн" арга хэмжээнд оролцлоо.
COP17 бага хурал нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх дэлхийн хэмжээний чухал форум, төдийгүй НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын 197 талуудыг нэгтгэж, тогтвортой газрын менежмент болон нөхөн сэргээх шийдлүүдийг боловсруулах зорилготойгоор 11 дэх өдрөө үргэлжилж байна.
Тус арга хэмжээний үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Олимпын хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл, идэвхтэй хэв маягийг дэмжих нь” сэдвээр илтгэл танилцууллаа. Тухайлбал, өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй хөдөлгөөний хомсдолын талаар дурдаж, Олимпын хөдөлгөөний үнэ цэнийг зөвхөн медалиар бус, олон нийтийн идэвхтэй амьдралын хэв маягаар хэмжихийг уриалсан юм. Түүнчлэн биеийн тамир, спортыг нэг удаагийн арга хэмжээ төдий бус, хүн бүрийн өдөр тутмын насан туршийн соёл болгон хэвшүүлснээр эрүүл нийгэм, тогтвортой ирээдүйг цогцлооно гэдгийг онцоллоо.


Баасан - 08 сарын 28,
2026
Сэтгэгдэл0