sonin.mn

Бишкек хотод Дамдинням сайд бид хоёр хуучилж явахдаа даян дэлхийн цэрэг-улс төр, геополитикоос эхлүүлээд бензин шатахууны асуудлыг хүртэл хөндөж ярилцсанаа хүргэе. Энэ яриагаа баяжуулаад “НЕФТЬ дөрөөлсөн их улс төр: буюу Oil Shock” сэдвээр би нийтлэл бичиж гурван сайтдаа мөд тавина. Харин миний бодлоор шүү, “Гуймтгай мөртлөө голомтхой” араншинтай монголчууддаа хэдэн үг хэлээд тавьчих уу? 


1. Даян дэлхийгээрээ бензин, шатах тослох материалын хямралд байна, ганц Монгол биш, ганц монголчууд биш.

2. ОХУ нь монголчуудын бензиний хэрэглээг цаг наргүй хангаж байх албагүй, бас боломжгүй. Одоо Орос нь нефть импорлогч улсуудын эгнээнд байна.


3. Хятад ч ялгаагүй, бас нефть импорлогч улсуудын эгнээнд байсан, байна. Юуны өмнө тэрбум хагас хүн амынхаа хэрэглээг арай ядан таслахгүй байх шиг. Юун манайд илүүчлэх.


4. Хоёр талын дээд түвшний уулзалтаар манай (монголчуудын) хүсэлтийг хичнээн сайн сайхнаар уламжлан гуйж гувшаад тэр хоёр улс даян дэлхийгээрээ бензин, шатах тослох материалын хямралд байгааг тайлбарлана, сонслоо хичээе л гэнэ. Өөр хариулт үгүй.

5. Монголчуудын бензиний хэрэглээ хомсдсон нь Монголын Улсын гадаад бодлогоос огтоос шалтгаалаагүй. Энэ талаар амаа билүүдэх хэрэггүй.


6. А-92 авчирлаа, зарлаа, оочерлолоо, дууслаа, дахин авчирлаа... Мөнхийн цикл. Машин унаж хий дэмий сэлгүүцэхээ азнаад нийтийн тээврээр, эсвэл хоёр зээрдээрээ нэг хэсэг таваргахад Та нараас юу уначих гээд байна вэ?


7. “Евро” стандартын бензин огтоос оочергүй байна. Үнэ өндөр, бас чанартай. Тийшээ хуйларвал ямар вэ? Шагийн бензин шагаар авах, колонкийн гадна хонон өнжин оочерлсны өртөг бараг тэнцэхээр юм биш үү?

8. Нэгэнтээ аваад оруулаад ирсэн бензинийг хэл үггүй авна уу. Чанар энэ тэр гэж гонгинох чинь ямар ч ач холбогдолгүй, зүгээр л хүрт.

9. Бензин, ШТМ-ыг хувьчлаад хувийн салбарт нэрэх, үйлдвэрлэх, худалдаалах эрхийг нь олгочихвол ямар бол? 


Нийтлэлч Д.Баярхүү