sonin.mn

БРАЗИЛИА, 2026 оны аравдугаар сарын 28 /TASS/. Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан сенатч Флавиу Болсонару шүүхээс хилээр гарахыг нь хориглосон хэдий ч гэр бүлийнхээ хамт эх орноо орхин явсан тухай "CNN Brasil" суваг эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна. Тус сувгаар мэдээлснээр, Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн хүү Ф.Болсонару гэр бүлийнхээ хамт АНУ руу явжээ. АНУ-ын Төрийн департаментаас BBC сувагт мэдээлэхдээ, түүнд болон түүний гэр бүлийн гишүүдэд виз олгож, тус улсад нэвтрэхийг зөвшөөрнө гэсэн байна.


Бразилын парламентын хэд хэдэн гишүүн түүний сенатчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг уриалж, түүнд олгодог цалин хөлсийг нэн даруй зогсоохыг шаардсан тухай тус суваг мөн мэдээлжээ. 


Энэ оны зургаадугаар сард Ф.Болсонаруг Либерал намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлжээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа хүрээнд олон улсын түвшинд явуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай уулзсан байна. Энэ сарын 25-нд Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж, Ф.Болсонару тус улсын одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силватай өрсөлджээ.


равдугаар сарын 26-нд Лула да Силва Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон байна. Ингэснээр тэрбээр сонгуулийн эхний шатны санал хураалтад өрсөлдөгчөөсөө цөөн санал авсан ч хоёр дахь шатанд ялсан Бразилын орчин үеийн түүхэн дэх анхны улстөрч болжээ.


Лула да Силвагийн бүрэн эрхийн шинэ хугацаа 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Ташрамд сануулахад, Ф.Болсонаругийн эцэг, Бразилын Ерөнхийлөгч асан Ж.Болсонару төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 27 жил хоригдох ял сонсож, 2025 оны 11 дүгээр сараас ялаа эдэлж эхэлжээ. Түүнийг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Луис Инасиу Лула да Силваг үүрэгт ажилдаа ороход нь саад учруулах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутай гэж үзсэн байна. Тухайн үед прокуроруудын мэдэгдсэнээр, уг хуйвалдаан цэргийн дээд удирдлагын дэмжлэгийг авч чадаагүйн улмаас бүтэлгүйтжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг