Эх орныхоо амар амгалангийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж, өргөсөн тангаргийнхаа үнэ цэнийг үйл хэргээрээ баталсан цагдаагийн ахлах ахлагч Г.Базарсүрэнг “Зууны мэдээ” сонины “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урилаа.

Эх орондоо үнэнч байхыг их үйл хэрэг бүтээснээр хэмждэггүй. Эгэл жирийн, ажлаа эзэн хүний сэтгэлээр хийж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангаргаасаа няцалгүй нэгэн насны хөдөлмөрөө зориулна гэдэг өөрөө эх оронч үзлийн эрхэм дээд илэрхийлэл билээ. Төрийн сүлдэндээ залбирч, мөрдэстэй албаныхаа босгыг итгэл дүүрэн алхсан залуу цагдаагийн байгууллагад амьдралынхаа 22 жилийг зориулжээ. Тэр хугацаанд ололт амжилт, баяр бахдал ч байв. Халширч шантрах хүндхэн мөч, халуунд халж, хүйтэнд хөрсөн өдрүүд ч цөөнгүй тохиосон. Гэвч тэрээр аливаа бэрхшээлийн өмнө зорилгоосоо ухралгүй, төрийн албаны нэр төрийг өндөрт өргөж, тангарагтаа үнэнч зүтгэсэн юм.
Цагдаагийн ерөнхий газрын албаны нохой сургагчаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, гэмт хэрэг илрүүлэх хариуцлагатай албанд хүчин зүтгэн, улмаар Цагдаагийн автобаазад цагдаа жолоочоор ажилласан тэрээр ажилдаа эзэн, үүрэгтээ үнэнч явсан төрийн албан хаагчдын нэг билээ.
Мөрдэстэй албаны цаана амьдралын эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа эгэл даруу хүн бий. Тэр бол ханийнхаа түшиг, үр хүүхдийнхээ бахархал, өвгөдийнхөө сургаалыг сэтгэлдээ тээсэн ачлалт хүү ажээ. “Хоёр буурайгийн маань надад зааж, сургаж байсан үнэ цэнтэй сургаалын ачаар өдий зэрэгтэй яваа гэж боддог. Өвөө маань 98 насыг элээж буй, сайхан буурай бий” хэмээх эрхэм бол манай нийтлэлийн баатар Гянабазарын Базарсүрэн.Тэрээр Улаанбаатар хотноо айлын ууган хүү болон мэндэлжээ.

Өвөө Л.Даваасамбуу, ээж Д.Нямсүрэн, төрсөн дүү цагдаагийн хошууч Г.Жавхлантөгсийн хамт.
Бага насаа Гачууртад өнгөрөөсөн хүүг 8 дугаар анги төгссөн жил Цагдаагийн ерөнхий газрын албаны нохойн тасаг Гачууртад шилжин ирж малд дөртэй, мал маллах хүн хайж байв. Г.Базарсүрэн өөрийн санаачилгаар мал маллахаар болж, Гүнжийн хоолойн аманд өвөлжөө барин өвөөтэй хамт суурьшсан аж. Тэрээр бага ахуй цагаасаа мал амьтанд хайртай нэгэн байсан бөгөөд наадан тоглож, тэжээн өсгөсөн банхраа чарганд хөллөөд ус зөөдөг байсан хүүхэд насны дурсамж ч түүнд бий.
Ийнхүү жил гаруй хугацаанд мал малласны эцэст албаны нохойн тасагт ажиллахаар сэтгэл шулууджээ. Мөн тэрээр цагдаагийн албанд ажиллахын хажуугаар эчнээгээр аравдугаар ангидаа тууштай шамдан суралцсан юм. Ингээд 1994 онд албаны нохой сургагчийн сургалтад хоёр жил суралцаж, цагдаагийн дэд ахлагч цолтой төгсөв.
Дадлагажих ажилтан байхдаа зургаан сартай гөлөг сургахаар болж, Макс гэж нэрийджээ. Максыг хоёр сар гаруй хугацаанд сургасны дараа эрүүл мэндийн шалтгаанаар албаны нохойны шалгалтад тэнцсэнгүй. Дараа нь тэрээр “Дик” гэх жижиг овчарк сургаж эхлэв. Арван сарын турш сургасны эцэст Дик шалгалтаа амжилттай өгч, албаны нохой болжээ. Энэ үеэр Г.Базарсүрэн хамгийн анх Дик нохойтойгоо илрүүлж байсан хэргээ дурсан ярьсан юм. “Нэг өдөр Цайз захын зогсоолд зогсож байсан тээврийн машинаас хоёр шуудай гурил алга боллоо гэх дуудлага ирсэн. Дуудлагыг хүлээн авмагцаа жижүүрийн бүрэлдэхүүнээрээ хэргийн газарт очиж, шинжилгээ хийлээ. Гэмт хэрэгтэн гурилаа зөөхдөө зам хөндлөн гараад цааш шороон зам руу орсон учир мөрийг тогтооход бэрх болсон. Тэгээд Дикээр хэрэгтний үнэрийг үнэрлүүлэн, мөрийг нь мөшгөхөд нэгэн барилгын гадна дөхөж очлоо. Барилга дотор ортол хонгилд өнөө хоёр шуудай гурилыг нуусан байв. Гэмт хэрэгтэн нуусан гурилаа ирж авах хүртэл нь нохойтойгоо цуг хүлээхээр боллоо.
Нар ч жаргаж, намрын оройн салхи жиндүүхэн үлээж байв. Хэсэг хугацааны дараа хоёр хүн барилгын эсрэг өнцгөөс гарч ирэх нь тэр. Хэсэг ажиглатал, шуудайтай гурилаа ачаад эхэллээ. Тэгмэгц нь нохойтойгоо дагуулж очоод, үйлдэл дээр нь таслан зогсоож, барьсан юм.
Ингэж л анх Диктэй гурилын хэрэг илрүүлж байлаа даа” хэмээх түүх тэдний эхлэл юм. Цагдаагийн албаны нохой ихэвчлэн дөрөв гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гардаг жишгээр Дик ч албандаа хичээнгүйлэн зүтгэсээр. Гэтэл нэг өдөр санаанд орохгүй зүйл болов. “Нэг өглөө би ажлаасаа буухдаа Дикийн хоолыг өгөөд, үүрэнд нь үлдээгээд явсан юм. Маргааш нь давтан сургуулилт хийх ёстой байлаа. Ажилдаа ирээд шүгэлдэхэд л Дик маань үүрнээсээ гараад ирдэг юм. Гэтэл тэр өдөр Дик гарч ирэх байтугай дуу нь ч сонсогдсонгүй. Үүрэнд нь яваад очтол, босож чадахгүй, цагариглаад хэвтэж байлаа. Яаралтай малын эмчид үзүүлж, тариа дусал хийлгэсэн. Удалгүй нохой маань их хэмжээний цус алдаж, нас барсан. Задлан хийж үзэхэд ходоодонд нь шилний хэлтэрхий байсан юм. Ходоодных нь хялгасан судас тасарч, цус алдсан гэж оношлогдсон. Хэн нэгэн хоолонд нь шилний хэлтэрхий хийж, хорлосон болов уу гэж боддог. Учир нь намайг оюутан байхад хүмүүс санаатайгаар нохойны хоолонд хурц мэс хийчихдэг байсан юм. Нохойгоо алдсаны дараа гэр бүлийнхээ хүнийг алдсан мэт санагдаж, сэтгэлийн хөндүүр хэсэгтээ арилаагүй. Өдөр бүр санана. Уйлна. Ажилдаа ирээд шүгэлдэхэд л Дик үүрнээсээ цухуйж “Аав, аав” гэх нь сонсогддог байлаа. Тэр л орон зай, дуу хоолойг ихэд үгүйлсэн дээ. Эхнэр маань намайг сэтгэлээр унахыг хараад “Гэр бүлийн хүнээ алдсан биш юунд уйлдаг юм. Сэтгэлийн тэнхээтэй бай” гэж загнаж, сэхээрэх хүч өгсөн. Ингээд хэд хоногийн дараа сэтгэл арай дээрдэж, өөр нохой сургах болсон юм” хэмээх дурсамж ярианаас тэдний нөхөрлөл хэчнээн гүнзгий байсныг харж болох мэт.
Зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэх хэрэгтэй
Цагдаагийн албаны нохойн төлөөлөгчид өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран гэмт хэрэгтний мөрийг хөөн, илрүүлэхээр ажилладаг. Тэдний хувьд нохой бол үнэнч нөхөр байхаас гадна гэмт хэргийг илрүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй амьтан юм. 1990-ээд онд Г.Базарсүрэн албаны нохойн төлөөлөгчөөр ажиллаад удаагүй байхад хотжилт эрчимжээгүй, хүн амын нягтаршил бага байсан учир гэмт хэрэг илрүүлэхэд хүндрэлгүй байсан аж. Харин 2000-аад оноос хойш замын хөдөлгөөн эрс нэмэгдэж, хүний хөл ч ихсэж нохой болон төлөөлөгчийн хувьд ур чадвараа сайжруулах шаардлага улам нэмэгджээ. Гэсэн хэдий ч албаны нохой байнгын бэлтгэл сургуулилтад хамрагддаг тул гэмт хэрэгтнийг амжилттай илрүүлдэг.
Мөн хэрэг тохиогоод удаан хугацаа өнгөрөөгүй байх тусам нохой хэргийн мөрийг хурдан бөгөөд амжилттай тогтоодог аж. Үнэр гэдэг гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл биш учир зөвхөн нохой л үнэрийг сайн ялгадаг. Хүний үнэр салхины чиглэлээс хамаарч тардаг болохоор нохойг зөв, буруу ялгалаа гэж төдий л мэдэх боломжгүй.
Анх Монгол Улсад албаны нохойн төлөөлөгчийг 1945 оноос бэлдэж эхэлжээ. Манай улсаас хорь гаруй хүн Оросын Ростов хотыг зорьж, нохой сургах сургалтад хамрагдаж байв. Г.Базарсүрэнгийн хувьд 1998 онд л гэхэд нохойгоор 38 хэрэг илрүүлээд байлаа. Ингээд тэрээр тухайн жилдээ Цагдаагийн ерөнхий газрыг ажил, мэргэжлийн аваргаар шалгарч байсан удаатай. Энэ тухай “Албаны нохойн төлөөлөгчид сард гурваас дөрвөн хэрэг илрүүлэх төлөвлөгөөтэй байдаг. Тэрхүү зорилго, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхийн тулд улам хичээж ажилладаг байв. Тиймээс хэргээ илрүүлэхийн тулд нохойгоо дагуулан ийш тийш явж, өдөр шөнөгүй хичээнгүйлэн ажилладаг байлаа” хэмээсэн юм. Мөн ээлжийн амралттай үедээ ч хулгай хийж, худал ярьж байгаа хүний үг, үйлдлийг ажиглаж, үйлдэл дээр нь таслан зогсоож байсан нь ч бий. Ийнхүү зургаан жилийн турш цагдаагийн албаны нохойн төлөөлөгчийн албан тушаалыг нэр төртэй хашсан тэрээр амьдралын зайлшгүй хэрэгцээ, шаардлагаар Солонгос улсыг зорьж, ажил хийхээр шийдэж, хүргэн ахынхаа хувийн компанид долоон жил ажилласан байна.
Буцаж ирээд албаны нохойн төлөөлөгчийн ажлыг хийх гэсэн боловч Цагдаагийн автобаазад цагдаа-жолоочоор ажиллахыг нагац ах нь зөвлөснөөр цагдаагийн албандаа эргэж иржээ. Гэхдээ түүнд сурсан зүйл нэгээр тогтохгүй бөгөөд машины эвдрэл, гэмтлийг засахдаа гаргууд аж.
Албаны нохойн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа яаралтай үед машинаа бариад үүрэг гүйцэтгэхээр явдаг байсан тул 2014 онд Цагдаагийн авто баазад тээврийн үйлчилгээний хэсэгт томилогдов. Энэхүү албан тушаал нь ачааны машин, автобус зэрэг тээврийн хэрэгслийг жолоодож, цагдаагийн алба хаагчдыг очих шаардлагатай газар нь шуурхай хүргэх үүргийг хүлээдэг чухал ажил юм. Тухайлбал, наадмын хамгаалалтын үеэр хашлага, алба хаагчдын байрлах майхан, асар зэргийг зөөж цагдаагийн албаны арыг дааж ажилладаг байна.
Давхар баяр тохиосон бахархалт мөч
“Цагдаагийн цолыг таван жилийн зайтай олгодог байлаа. Тухайн үед цагдаагийн хэлтэст ажиллаж эхлээд дөрвөн жилийн дараа буюу хугацаанаасаа өмнө ахлах дэслэгч цол авахад сэтгэл бахдаж, тууштай хөдөлмөрлөж, үүргээ давуулан биелүүлснээрээ бахархсан. Өөрийн хүсэл, мөрөөдөл, зорилгоо биелүүлэхээр цагдаагийн албаны босгоор алхсандаа хэзээ ч харамсдаггүй учраас өдийг хүртэл тууштай ажиллаж, мэргэжилдээ улам дурлаж ажиллажээ.
Зуны халуунд халж, өвлийн хүйтэнд хөрж, олон хоногоор хөдөө томилолтоор явна. Хоол, нойроо хугаслан байж, хүнд нөхцөлд ажиллаж байхдаа ямар ч бэрхшээлийг даван туулж, ард нь гарахыг эрмэлздэг. Тухайн үед шантарч, цөхөрмөөр үе цөөнгүй. Гэвч зорилгоо умарталгүй өнөөг хүртэл тууштай ажиллаж байна даа.
Энэ мэргэжлээр ажилласан минь хэзээ ч буруу сонголт байгаагүй” хэмээн ажил мэргэжлийнхээ үнэ цэн, ажилч хөдөлмөрч байхын сайхныг залуу хойч үе бидэндээ үлгэрлэсэн юм. Мөрдэс зүүсэн алба хаагчийн хувьд Цэргийн хүндэт медаль хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг юм. Харин манай нийтлэлийн баатар орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ойгоор буюу энэ жилийндолоодугаар сарын 17-ны өдөр “цагаан морио унаж”, энэ албандаа 20 гаруй жил тууштай зүтгэсэн бахархалт мөчийнх нь нэг тохиосон юм. Энэхүү хүндэт медальд цагаан морь унаж буй хүнийг дүрсэлсэн байдаг тул цэргийн хүндэт медалиар шагнуулахыг “Цагаан морио уналаа” хэмээн бэлгэшээж ярьдаг тухай ч бидэнтэй хуваалцсан юм. Мөн Цагдаагийн авто баазын түүхт 100 жилийн тэгш ой тохиож, Г.Базарсүрэн “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр шагнагджээ. Түүний хувьд давхар баяр тохиож буй бэлгэшээлтэй жил болж байгаа нь энэ аж.
Хүмүүс ихэвчлэн цагдаагийн алба хаагчдыг ууртай, ширүүн гэж бодох нь бий. Тэгвэл тэд ажил үүргээ биелүүлэхдээ цолны эрэмбэ дарааллаар шулуун шударга, дүрэм журмаараа харьцдаг ч ажлын бус цаг, амралтын үед илүү нээлттэй харьцдаг аж.
Энэ тухай Г.Базарсүрэн “Бидний залгамж халаа болох залуу албан хаагчдадаа олон зүйлийг зааж, зөвлөхийг хичээдэг. Сэтгэлээр унасан үед нь ярилцаж, дэмжиж тусална. Цагдаагийн мэргэжлийг хүмүүс харилцан адилгүй дүгнэдэг. Ихэвчлэн цагдаагийн дүрэмт хувцас, гадаад төрх байдлыг нь хараад сайхан мэргэжил гэж боддог. Дүрэмт хувцас гэлтгүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд сонгосон ч хүмүүс бий” гэсэн юм. Эрчүүдийн нөхөрлөлийг онцгой гэдэг. Харин түүний хувьд эрчүүд нэгэндээ итгэж, хөгшин, залуу гэлтгүй бүгдтэй нь дотносож, найзалж нөхөрлөдөгт нөхөрлөлийн онцлог оршдог ажээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажилдаа чин сэтгэлээсээ хандсан маань өдий зэрэгт хүргэсэн
18 настайдаа “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ...” хэмээн тангараг өргөсөн цаг мөчөөс амьдралынхаа 22 жилийг энэ албанд зориулжээ. Тиймдээ ч бидний ярилцлагын үеэр цагдаагийн албанд ажиллаж эхэлсэн цагаас нь зааж, зөвлөж байсан дарга, багш нар, түшиг тулга болсон хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд бүхий л хүмүүст талархал илэрхийлэв. Тэрээр “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажилдаа чин сэтгэлээсээ хандсан маань өдий зэрэгт хүргэсэн гэж боддог.
Төрийн албанд үүрэг гүйцэтгэж буй хүн ажилдаа хуумгай хандах нь зохисгүй. Энэхүү албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй минь эх орон ч үзлийн минь илрэл юм. Эр хүн үг дааж, тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй гэж боддог. Мөн төрд зүтгэж буй алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, тууштай, шударга зангаар ажиллах хэрэгтэй.
Нийгмийг амар амгалан, энх тайван байлгахад цагдаагийн алба хаагчдын оролцоо хамгийн чухал байдаг. Цагдаа хуулиа мөрдүүлж, иргэн нь үүргээ хүлээдэг байх хэрэгтэй” гэсэн юм. Тэрээр энэ сайхан ааваараа бахархах дөрвөн сайхан үртэй. Халамжит ханьтай. 25 насандаа анхны үрийнхээ зулайг үнэрлэж, амьдралыг харах өнцөг нь ихэд өөрчлөгдсөн гэнэ. Өдгөө том охин нь их сургуулиа төгсөж, амьдралын их далайд хөл тавьсан бол хоёр охин нь бага, дунд сургуульд суралцаж байна. Тэрээр “Хүү маань дунд ангидаа над шиг цагдаа болно гэдэг байв. Тухайн үед хүүдээ, сонирхол чинь өөрчлөгдөж магадгүй, сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй гэж хэлж байлаа. Удалгүй хүү маань ахлах ангид ороод сонирхол нь өөрчлөгдөж, IT инженерээр сурахаар болсон. Хүүхдүүддээ би хүн бүртэй адилхан хүндэтгэлтэй харьцаарай. Худлаа хэлж болохгүй гэж үргэлж захидаг” гэв. Тэрээр тангарагтаа үнэнч албан хаагчаас илүүтэй өвөг дээдсээс уламжилж ирсэн үнэт сургаалаар үр хойчоо хүмүүжүүлж, хийж бүтээсэн ажил хөдөлмөр зүтгэлээрээ үлгэрлэж эх оронч сэтгэлгээтэй Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг төлөвшүүлж буй эцэг хүн юм.
Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 10 сарын 28,
2026

Сэтгэгдэл1
Монгол улсын гуравдагч хөршийн бодлого америкийн хувьд нурсан. Америкчууд бидний эсрэг визний хориг, гаалийн татвар нэмсэн. Монгол-Америкийн худалдаа саарч, хүмүүсийн ирж очих боломж хумигдсан. Бусад улсын хувьд бид хэн билээ сайн бодох цаг болсон. Гадаад харилцааны яаманд маш муу дүн тавихад болно. Дэлхийн хуваагдал хэрээсээ хэтэрч байна. Оюутолгойн эзэд Англи, Канадын зүгээс Монголд дарамт үзүүүлж чадахгүй гэж бодвол тэдний тэвчээрийг мөнгө л хязгаарлаж байна. Манай улс дампуурлаа, монгол хүүхдүүд спортоор явах биш илүү стратегийн хатуу ширүүн математикч, технологич болох тухай ярилцах ёстой болсон.