sonin.mn

Монгол орны зүүн хязгаар дахь биологийн олон янз байдлын чухал бүс нутаг болох Нөмрөгийн дархан цаазат газар гал түймэрт өртсөн харамсалтай явдал боллоо. Олон зуун мянган га талбайг хамарсан түймэр зөвхөн ой мод, өвс ургамлыг сүйтгээд зогсохгүй, ховор амьтдын амьдрах орчин, экологийн тэнцвэрт байдалд ямар хэмжээний хохирол учруулсан нь анхаарал татаж байна.


Дорнод аймгийн нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-нд гарсан гал түймрийн улмаас урьдчилсан мэдээллээр 468,965 га талбай шатаж, тусгай хамгаалалттай газар нутгийн 79.8 орчим хувь нь түймэрт өртсөн билээ.


Уг түймэр нь “Мобиком” корпорацийн удирдлагуудын зорчиж явсан автомашинаас үүдэлтэй байж болзошгүй бөгөөд галын шалтгаан, байгаль экологид учирсан хохирлыг холбогдох байгууллагууд шалгаж байна. Гэвч түймрийн хор уршгийг зөвхөн шатсан газрын хэмжээгээр төсөөлөх боломжгүй. Учир нь Нөмрөг бол Монгол орны ховор амьтдын амьдрах чухал орчин, ой, хээр, ус намгархаг газрын экосистем нэг дор бүрэлдсэн байгалийн өвөрмөц бүс нутаг юм. Тэгвэл гал түймэрт ихээхэн өртсөн энэ нутагт ямар амьтад амьдардаг вэ?

 

Хандгай, хүрэн баавгай, шилүүс зэрэг ховор амьтдын өлгий нутаг

 

Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны зүүн хязгаарт, Хятадтай хил залгаа оршдог. Ой мод, уудам хээр, голын хөндий, ус намгархаг газар хосолсон байгалийн тогтоц нь олон зүйлийн зэрлэг амьтан амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлжээ. Ялангуяа Монгол орны бусад бүс нутагт хязгаарлагдмал тархацтай хандгай, хүрэн баавгай, шилүүс, голын халиу зэрэг амьтад энэ нутагт амьдардгаараа онцлогтой.Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний сэтгүүлд 2023 онд нийтлэгдсэн Г.Довчиндорж нарын судалгаанд Нөмрөгийн дархан цаазат газрын хөхтөн амьтдын зүйлийн бүрдлийг шинэчлэн нэгтгэсэн байна. Уг судалгаанд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны судлаачид мөн оролцжээ.


Судалгаанд бүртгэгдсэн хөхтөн амьтдыг үндсэн бүлгээр нь авч үзвэл:

 

Туурайтан амьтад: Хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр.

Том болон дунд биетэй махан идэштэн: Хүрэн баавгай, саарал чоно, шилүүс, мануул, үнэг, хярс.

 Бусад махан идэштэн: Нохой элбэнх, дорго, голын халиу, өмхий хүрэн, үен, цагаан үен, солонго.

 Жижиг хөхтөн амьтад: Монгол тарвага, төрөл бүрийн мэрэгч, туулай хэлбэртэн, зараа, атаахай, сарьсан багваахай.

 

Эдгээр амьтан бүгд ижил түвшинд ховордсон гэсэн үг биш. Гэхдээ тэдгээрийн дунд Монгол орны хэмжээнд тархац хязгаарлагдмал, амьдрах орчны өөрчлөлтөд эмзэг, хамгааллын онцгой ач холбогдолтой зүйлүүд бий.


Нөмрөгийн онцлог амьтан бол хандгай

 

Нөмрөгийн дархан цаазат газрын хамгийн онцлог амьтдын нэг нь хандгай юм. Хандгай бол бугын овгийн хамгийн том биетэй төлөөлөгч бөгөөд ой мод, голын хөндий, ус намгархаг газрыг түшиглэн амьдардаг. Монгол орны хэмжээнд тархац нь хязгаарлагдмал учраас түүний амьдрах орчныг хамгаалах нь онцгой ач холбогдолтой. Түүнчлэн Нөмрөгийн ой модонд хүрэн баавгай, шилүүс зэрэг махчин амьтад амьдардаг. Эдгээр амьтан нь экосистемийн хүнсний хэлхээ, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.Харин гол мөрөн, эргийн дагуух орчин нь голын халиу зэрэг усны экосистемээс шууд хамааралтай амьтдын амьдрах нутаг болдог.Өөрөөр хэлбэл, Нөмрөгийн ой мод, хээр тал, гол мөрөн нь тус тусдаа орших байгалийн тогтоц бус, олон зүйлийн амьтны амьдралыг тэтгэдэг харилцан уялдаатай нэгэн цогц экосистем юм.

 

Гал түймэр амьтдын амьдрах орчинд хэрхэн нөлөөлөх вэ?

 

Нөмрөгийн дархан цаазат газар зөвхөн хөхтөн амьтдаар баялаг биш. Энд олон зүйлийн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан, загас амьдардаг. Тэдгээрийн зарим нь ой модноос, зарим нь хээрийн ургамал, гол мөрөн, ус намгархаг газраас шууд хамааралтай.Иймээс өргөн хүрээг хамарсан гал түймэр амьтдын амьдрах орчныг олон хэлбэрээр өөрчлөх эрсдэлтэй. Түймрийн үед хөдөлгөөн удаантай амьтад, жижиг хөхтөн, мөлхөгчид болон зарим шувуу шууд өртөх аюултай. Харин галаас зугтаж чадсан том амьтад ч идэш тэжээл, хоргодох байр, усны эх үүсвэрийн өөрчлөлтөөс шалтгаалан удаан хугацааны хүндрэлтэй тулгарч болзошгүй.


Тухайлбал, хандгайн амьдрах орчны ой мод, бут сөөг, голын хөндийн ургамал түймэрт өртсөн бол идэш тэжээл болон хоргодох газрын хүртээмжид нөлөөлж болно. Харин хүрэн баавгай, шилүүс зэрэг махчин амьтдын хувьд идэш тэжээлийн амьтдын тархац, тоо толгой өөрчлөгдөх нь амьдрах орчин, шилжилт хөдөлгөөнд нь нөлөөлөх эрсдэлтэй.


Мөн хөрсний ургамлан бүрхэвч устах, үнс нурам усанд урсаж орох, голын эргийн ургамал доройтох зэрэг нь усны болон хуурай газрын экосистемд дам нөлөө үзүүлж болзошгүй юм.Гэхдээ түймэрт өртсөн талбайн хэмжээ нь тухайн нутагт амьдардаг амьтдын мөн адил хувь нь устсан гэсэн үг биш. Зэрлэг амьтдын бодит хорогдол, амьдрах орчны өөрчлөлтийг зөвхөн газар дээрх нарийвчилсан судалгаагаар тогтоох боломжтой.

 

Хэдэн га газар шатсанаас гадна хэдэн амьтан хохирсныг тогтоох шаардлагатай

 

Нөмрөгийн түймрийн экологийн хохирлыг үнэлэхэд хамгийн чухал асуудлын нэг нь ховор амьтдын амьдрах орчинд учирсан өөрчлөлтийг бодитой тогтоох явдал юм.Үүний тулд зөвхөн шатсан ой мод, өвс ургамлын хэмжээг тооцох бус, түймэрт өртсөн бүс дэх амьтдын тархац, тоо толгой, идэш тэжээлийн нөөц, үржил төлжилт, нүүдэл шилжилтийн өөрчлөлтийг судлах шаардлагатай.

 

Ялангуяа хандгай, хүрэн баавгай, шилүүс, голын халиу зэрэг хамгааллын ач холбогдолтой амьтдын амьдрах орчин хэр хэмжээгээр өртсөн, түймрийн улмаас амьтад шууд хорогдсон эсэх, цаашид хэвийн амьдрах нөхцөл нь хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоох нь чухал.

 

Нэгэнт устсан ой мод, өвс ургамал тодорхой хугацааны дараа нөхөн сэргэж болох ч амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийн хэлхээ, экологийн харилцан хамаарал бүрэн сэргэхэд олон жил шаардагдаж мэднэ. Тиймээс Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг зөвхөн хэдэн зуун мянган га газар шатсан, хэдий хэмжээний мөнгөн хохирол учирсан гэдгээр хязгаарлаж болохгүй.


Хамгийн гол нь Монгол орны зүүн хязгаар дахь ховор амьтдын амьдрах орчинд ямар гарз учирсан, түүнийг нөхөн сэргээх боломж хэр байгаа, байгалийн энэ үнэт өвийг цаашид хэрхэн хамгаалах вэ гэдэг асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгөх шаардлагатай байна.


Учир нь Нөмрөгийн түймрийн жинхэнэ хохирол зөвхөн шатсан газрын хэмжээгээр бус, тэрхүү нутагт оршин амьдардаг зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчинд учирсан гарзаар хэмжигдэх учиртай.

 



М.Чойжал