“Зууны мэдээ” сонин “Спорт” буландаа Монголд жюү жицүгийн спортыг хөгжүүлж буй “Sho gi jiu jitsu academy”-аас бэлтгэсэн сурвалжилгаа хүргэж байна. Өнөөдөр тус академи үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ой тохиож буй. Энэ хугацаанд тус клубт 100 гаруй хүүхэд хичээллэж, нийт 200 гаруй медаль хүртсэн байна. Тодруулбал, Азийн залуучуудын их наадмын хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр хүрэл, Азийн аваргын хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Цаашид тив, дэлхийн тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгах тамирчид эндээс төрөн гарахын зэрэгцээ хүүхдүүд спортын хүмүүжил, зөв дадалд суралцаж байна.

Л.Нандинцэцэг: Дэлхийн аварга болох зорилготой

-Би нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн 11а ангид сурдаг. Жюү жицүгээр хичээллээд долоон сар болж байна. Анх өөрийгөө завгүй байлгах зорилгоор энэ спортоор хичээллэж эхэлсэн. Эхний бэлтгэлдээ суухад гоё санагдаж, бэлтгэлдээ явах тусам улам дуртай болсон. Энэ спортоор хичээллэснээр тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болж, цагийг илүү сайн баримталдаг болсон. Бас ямар нэг зүйл хариуцаж авсан бол заавал дуусгах, зорилго тавьсан бол түүндээ хүрэхийг хичээдэг болсон. Энэ хугацаанд би “AJP Tour Dornogobi 2026” тэмцээнд оролцож, -44 кг-д алтан медаль авсан. Мөн ОХУ-д болсон “Baikal International Jiu Jitsu Championship” олон улсын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн.Миний цаашдын мөрөөдөл бол дэлхийн аварга болох. Тиймээс бэлтгэлээ сайн хийж, зорилгодоо хүрэхийг хүсэж байна. “AJP Tour Ulaanbaatar pro 2026” тэмцээнд оролцоод алтан медаль авсан.

Т.Номундарь: “Sho gi jiu jitsu academy”-д хичээллээд олон тэмцээнээс медаль хүртсэн

-Би нийслэлийн 126 дугаар сургуулийн 9б ангид сурдаг. “Sho gi jiu jitsu academy”-д хичээллээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд олон тэмцээнд оролцож, медаль хүртсэн. Саяхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль авсан. Энэ миний анх удаа оролцсон томоохон тэмцээн байсан болохоор их сандарсан. Өмнө нь өөр улсын тамирчидтай барилдаж үзээгүй учраас сандрах, догдлох гээд олон мэдрэмж мэдрэмж төрж байсан. Тэр дундаа БНСУ-ын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. Мөн Монголд зохион байгуулагдсан “U16” шилдэг тамирчин шалгаруулах тэмцээнд оролцож, цом хүртсэн. Үүний дараа Казахстаны Алматы хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Олон улсын тамирчидтай барилдаж үзээд бэлтгэлээ улам сайн хийж, илүү хүчтэй болох хэрэгтэй гэдгээ ойлгосон.

С.Ууганбаяр: Жюү жицүгээр хичээллээд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн

-Намайг С.Уранбаяр гэдэг. Би нийслэлийн 147 дугаар сургуулийн 11а ангид сурдаг. Жюү жицүгээр хичээллээд долоон сар болж байна. Миний оролцсон анхны тэмцээн “AJP Tour Dornogobi 2026” байсан. Эхний барилдаандаа хожигдсон ч тэр тэмцээнээс маш их зүйл ойлгож авсан. Тэр цагаас хойш оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртсэн. Тухайлбал, “Baikal International Jiu Jitsu Championship” олон улсын тэмцээнээс хүрэл медаль, Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Мөн “AJP Tour Ulaanbaatar pro 2026” тэмцээнд оролцож, хоёр алтан медаль авсан.
О.Сарангуа: Удахгүй анхны тэмцээндээ оролцох гэж байгаадаа баяртай байна

-Би нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 9б ангид сурдаг. Жюү жицүгээр хичээллээд хоёр сар болж байна. Тэмцээнд амжилттай оролцож байгаа ах эгч нараа хараад их урам зориг авдаг. Тиймээс мэхнүүдээ сайн сурч, өөрийн гэсэн мэхтэй болж, тэмцээнд амжилттай оролцох зорилготой. Удахгүй Өмнөговь аймагт болох говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Анхны тэмцээндээ оролцох гэж байгаа болохоор их баяртай байгаа. Манай гэрийнхэн намайг их дэмждэг.
Б.Цэлмүүн: Жүдо, жюү жицү хоёр хоорондоо салшгүй холбоотой спорт

-Намайг Б.Цэлмүүн гэдэг. Жюү жицүгээр хичээллээд гурван жил болж байна. Манай “Sho gi jiu jitsu” академийн нэр нь 2023 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан тэмцээний бэлгэдэл шувуутай холбоотой. Өнөөдөр Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна. Энэ өдрөөр нийт жудочдодоо баярын мэнд хүргэе. Мөн манай академи үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ой өнөөдөр тохиож байгаа учраас академийнхаа хамт олонд баярын мэнд хүргэе. Жүдо, жюү жицү хоёр хоорондоо салшгүй холбоотой спорт. Жүдо бөхийн босоо барилдааныг, жюү жицү хэвтээ барилдаанд илүү голчилдог. Жюү жицү бол бие хамгаалах урлаг юм.
“Тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргах сайн тамирчдыг бэлтгэх зорилготой”
-Энэ үеэр “Sho go jiu jitsu academy”-ийн багш Э.Идэрмөнхтэй ярилцлаа. Тэрээр “Би 2025 онд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг жюү жицүгийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа “Sho gi jiu jitsu academy”-д дадлага хийж, академи анх үүдээ нээхэд багшаар ажиллаж эхэлсэн. Одоо гурав дахь жилдээ ажиллаж байна.
Манай академи байгуулагдаад гурван жил болж байгаа ч энэ хугацаанд тив, дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг бэлтгэн гаргадаг Монголынхоо жюү жицүгийн томоохон клубүүдийн нэг болж чадсан.
Манай академи Ботаникт үйл ажиллагаа явуулдаг саяхан Сансарт салбар академиа байгуулаад үйл ажиллагаа эхлүүлсэн. Бидний зорилго бол хоёр салбартаа тамирчдаа илүү сайн бэлтгэхийн зэрэгцээ хүүхдүүдийн хөгжил, хүмүүжилд чиглэсэн сургалт, үйл ажиллагааг түлхүү зохион байгуулахыг зорьж байна.Ойрын хоёр жилийн хугацаанд тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргах сайн тамирчдыг улам олноор бэлтгэн гаргах зорилготой байгаа" гэлээ.



П.АМГАЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 10 сарын 28,
2026

Сэтгэгдэл1
Монгол улсын гуравдагч хөршийн бодлого америкийн хувьд нурсан. Америкчууд бидний эсрэг визний хориг, гааль татвар нэмсэн. Монгол-Америкийн худалдаа саарч, хүмүүсийн ирж очих боломж хумигдсан. Бусад улсын хувьд бид хэн билээ сайн бодох цаг болсон. Гадаад харилцааны яаманд маш муу дүн тавихад болно. Дэлхийн хуваагдал хэрээсээ хэтэрч байна. Оюутолгойн эзэд Англи, Канадын зүгээс Монголд дарамт үзүүүлж чадахгүй гэж бодвол тэдний тэвчээрийг мөнгө л хязгаарлаж байна. Манай улс дампуурлаа, монгол хүүхдүүд спортоор явах биш илүү стратегийн хатуу ширүүн математикч, технологич болох тухай ярилцах ёстой болсон.