sonin.mn

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар шийдвэрлэсний дагуу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нэг (6 дугаар) тойрог болгож энэ гурван аймгийг эдийн засгийн Зүүн бүс болгох талаар яригдах боллоо. Хэрэв газрын зураг харах юм бол энэ гурван аймаг газар нутгийн хувьд ерөнхийдөө дээр үеийн Сэцэн хан аймагтай давхцаж байгаа тул тус аймгийн үүсэл хөгжлийн түүхийн талаар сонирхож мэдсэн зүйлээ хуваалцъя гэж бодлоо.  Зарим ном болон интернэтээс үзэж сонирхвоос Чингис хаанаас хойш Монгол нутгийг Дорнод гар (Зүүн жигүүр), Өрнөд гар (Баруун жигүүр), Төв (Гол) гэж газар зүй –засаг захиргааны хувьд хувааж байжээ. Хожим нь Халхын 4 аймаг, Ховдын хязгаар гэх болсон. Дорнод Халхыг 17-р зуунаас 20-р зууны эхэн хүртэл Халхын Дорнод зам, Сэцэн хан аймаг, Хэрлэн Барс хотын чуулган, Хан Хэнтий уулын аймаг гэж нэрийдэж иржээ. Монголын 18 дахь хаанаар сууж байсан Батмөнх Даян хааны удмын Шолойг 1620-иод онд “хан” цолоор өргөмжилснөөр түүний хариуцаж байсан одоогийн Монгол Улсын Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр болон Дорноговь, Төв аймгийн зарим сум, түүнчлэн ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын өмнөд хэсэг, БНХАУ-ын Хөлөнбуйр орчмын газар нутгийг Сэцэн хан аймаг гэх болсон түүхтэй юм билээ. Ар Халхын хан нараас ганцхан Сэцэн ханы удмынхан энэ цол чимгийг тууштай хэрэглэж ирсэн байдаг. 


Халх нутаг 1691 онд Манжийн эрхшээлд орохоос өмнө тус аймаг харьцангуй бие даасан шинжтэй, дотроо гурван хошуутай байсан бол 1921 он гэхэд дор дурдсан хошуу, отогт хуваагдах болжээ:


  • Ачит засгийн хошуу
  • Ахай засгийн хошуу
  • Баатар засгийн хошуу
  • Бишрэлт засгийн хошуу
  • Бишрэлт бэйлийн хошуу
  • Дархан засгийн хошуу
  • Дарьганга хошуу
  • Дайчин засгийн хошуу
  • Далай дархан засгийн хошуу
  • Далай засгийн хошуу
  • Ёст засгийн хошуу
  • Жонон засгийн хошуу
  • Зоригт засгийн хошуу
  • Илдэн засгийн хошуу
  • Манлай засгийн хошуу
  • Онон голын шинэ буриад хошуу
  • Мэргэн засгийн хошуу
  • Саруул засгийн хошуу
  • Сүжигт засгийн хошуу
  • Сэргэлэн засгийн хошуу
  • Сэцэн ханы хошуу
  • Сэцэнэ засгийн хошуу
  • Үйзэн засгийн хошуу
  • Хурц засгийн хошуу
  • Хуучид засгийн хошуу
  • Хуучид засгийн хошуу
  • Эрдэнэ засгийн хошуу
  • Эрх засгийн хошуу
  • Эрхэмсэг засгийн хошуу
  • Егүзэр хутагтын шавь
  • Ялгуусан хутагтын шавь.


Хошуу нь сум, хондого, хамжлага гэж задардаг байж. Аймгийн ноёд нь Хэрлэн Барс хотод чуулдаг байв. Аймгийн чуулганы даргын тушаал хүлээж байсан ноёдыг дурдваас: 


  1. Сэцэн хан Цэвдэнбанжуур 1728-1733 он
  2. Сэцэн хан Чойжав 1733-1736 он
  3. Сэцэн хан Дамиран 1736-1750 он
  4. Дэмчиг/Илдэн Жюн ван/ 1750-1753 он
  5. Сэцэн хан Маньбадар 1753-1767 он
  6. Засаг ван Базарсад 1767-1768 он
  7. Сэцэн хан Цэвдэнжав 1768-1782 он
  8. 3асаг ван Гончигжав/Дархан ван/ 1782-1790 он
  9. Санзайдорж/ИлдэнЖюн ван/ 1790-1800 он
  10. Бэйл Дагдандорж /Сэцэн ван/ 1800-1802 он
  11. Гомбожав /Жонон засаг/ 1802-1805 он
  12. Сэцэн хан Махшир 1806-1807 он
  13. 3асаг ван Дарамшир /Дархан ван/ 1807-1813 он
  14. Сэцэн хан Энхтөр 1813-1817он
  15. Сэцэн хан Арта-сэд 1817-1830 он
  16. Дархан ван Цэрэндорж 1830-1846 он
  17. Сэцэн ван Гончигжав 1846-1856 он
  18. Бэйс Дэжиддорж 1856-1857 он
  19. Тогтох төр /Илдэн Жюн ван/ 1857-1868 он
  20. Гүн Эрдэнэ-тогтоол 1868-1875 он
  21. Манжбазар /Илдэн ван/ 1875-1882 он
  22. Сэцэн хан Цэрэндорж 1882-1892 он
  23. 3асаг ван Намжилдэндэв 1892 он
  24. Сэцэн ван Цэрэнсандүй 1893он
  25. Сэцэн хан Дэмчигдорж 1896он
  26. Илдэн ван Доржпалам 1897-1910 он
  27. Гомбосүрэн 1910-1914 он
  28. Цогбадрах /Жонон ван/ 1915-1919 он
  29. Навааннэрэн Эрдэнэ далай ван 1920-1921 онуудад энэ албыг эрхэлж байжээ.


Тэр үеийн Сэцэн хан аймагт одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баянжаргалан, Баян сум, Дорноговь аймгийн Иххэт, Даланжаргал, Дэлгэрэх сум, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын газар нутаг харьяалагддаг байсан юм билээ. Сэцэн хан аймаг нь мал сүргээр арвин, Халх голын орчим буюу То вангийн хошуунд бага зэрэг тариалан эрхэлдэг байжээ. Сан бэйсийн хүрээ, Сэцэн ханы хүрээ, Бэрээвэн хийд, зүүн, баруун Чойр гэх томоохон хүрээ хийдтэй, тэдгээрийг дагаад орос, хятад худалдаачид олноор суурьшиж худалдаа хийдэг байснаас аян жин тээх ажил ч ихтэй байсан гэдэг.  Хаант Оросын болоод Зөвлөлтийн судлаач И.М.Майский (хожим нь СССР-ийн Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж Ялтын болон Потсдамын бага хуралд оролцож байсан) Ардын хувьсгалын өмнө манай оронд ирж 1918 оны Автономит Монголын Засгийн газраас анх удаа явуулсан улсын хэмжээний хүн ам, мал, хөрөнгийн албан ёсны тооллогын материалд тулгуурлан тэр үеийн Монголын эдийн засаг, нийгмийн амьдралын гол, гол асуудлаар зохих дүгнэлт, таамаглал, санаанууд дэвшүүлж байжээ. Тухайлбал, түүний судалгаанд Сэцэн хан аймгийн талаар дараах зүйлийг бичсэн байна. 


Хан Хэнтий чуулганы Сэцэн хан аймаг (1918 он) д/д Хошууны нэр Өрхийн тоо Хүний тоо Газар нутаг (бээр)


Нэгэн зүйлийг дурдмаар байна. 1727 онд Хаант Орос болон Манж гүрний хооронд байгуулагдсан Буурын гэрээний дараагаар манай хойд хилийн дагуу хилийн харуулууд байгуулагджээ. 1910 он гэхэд 101 суман болон өрх гэрийн харуултай болсон байна. Эдгээр харуулын 63 нь өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт (бусад нь одоогийн Тува-Оросын хил дагуу гэж ойлгосон) байрлаж байв.


Сэцэн хаан аймгийн хойд талын хилээр дараах харуулууд байжээ:


  1. Бэрх
  2. Хурц
  3. Тоосог
  4. Хорин нарс
  5. Тогтор (байцаан өнгөрүүлэх)
  6. Түрхнэг
  7. Дорлог
  8. Уулинт (байцаан өнгөрүүлэх)
  9. Ухаа овоо (байцаан өнгөрүүлэх)
  10. Муу гэзэг
  11. Зээрэнт
  12. Мөнхтолгой
  13. Хөвөлзөх.


Харуулын үндсэн үүрэг нь хилийн овоо, хайчийн замын бүрэн бүтэн байдлыг хянах, хилийн зөрчлийг магадлан шийдвэрлэх, хяналт тавих, туршуул явуулах, зэргэлдээ орны хилийн харуултай мэдээ солилцох, хилийн уулзалт хийх, тогтоосон боомт гарцаар ачаа, хөсгийг шалган нэвтрүүлэх, дагалдан хүргэх, орон нутгийн хүн, мал амьтныг сэргийлэн хамгаалах үүрэгтэй байв. Харуул нь занги 1, хүнд 1, харуулын цэрэг 28, бүгд 30 хүнээс бүрддэг байж (зүйрлэвээс, одоогийн хилийн цэргийн отряд, заставтай адилтгаж болох ч юм шиг). Занги, хүндийг 3 жилийн хугацаагаар ээлжлэн алба залгуулдаг байсан гэнэ. Манжийн хуулиар Хүрээ сайд харуулыг 10 жилд 1 удаа шалган байцааж алба сайн гүйцэтгэснийг нь шагнадаг эсвэл арга хэмжээ авдаг байжээ. Харуулын цэргийг Халхын 4 аймгаас гаргаж, зэвсэг, цалин, агт, бусад хангамж, хүнсийг нь бүх аймаг, хошуудаас дайчлан гаргадаг байв. Харуулын алба нь тухайн үеийн хүндхэн албын нэг байсан бөгөөд 1914 оноос эдгээр хилийн харуулыг татан буулгасан байна. Харуулын айл өрхүүдийн олонх нь төрсөн нутаг руугаа нүүсэн боловч зарим нь дассан газраа үлдэцгээсэн юм билээ. 

 

1921 онд Ардын хувьсгал ялсны дараагаар 1923 онд улсын хэмжээнд аймаг, хошуудын нэрсийг уул усны нэрээр солиход Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг гэх болсон байна. Ингээд 1931 оны 3 дугаар сард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид болон Засгийн газрын шийдвэрээр тус аймаг нь Дорнод (аймгийн төв нь Баянтүмэнд), Хэнтий (аймгийн төв нь Өндөрхаанд) гэсэн 2 аймаг болон хуваагдаж улмаар 1942 онд Сүхбаатар аймгийг нэмж шинээр байгуулсан байна. Мөн зарим хошуу, сумын нутгийг Дорноговь, Төв аймгийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ. Энэ дашрамд сонирхуулахад зөвхөн 1942 оны Үндсэн хуульд аймгуудын нэрийг заасан байдаг юм билээ. Бас Дорнод аймгийг 1945 оноос Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Чойбалсан аймаг гэж нэрлэх болсон бөгөөд 1963 оноос эргээд хуучнаар нь буюу Дорнод аймаг гэх болжээ. 

 

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн тойрог, мандатын тоо


Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болж хуучны Сэцэн хан аймагт багтдаг байсан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг нэг бүс болгохоор шийдвэрлэсэн тухай дээр дурдсан. Хэрэв энэхүү бүсчлэл эдийн засгийн хувьд ч үр ашигтай гэдгээ харуулах юм бол цаашдаа түүнийг албан ёсны засаг захиргааны нэгж болгох шаардлагатай болно. Гэхдээ үүний тулд мэдээж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж таарах байх. Энэхүү нийтлэлийг бэлтгэхдээ Г.Жаргалын “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь”, И.М.Майскийн “Орчин үеийн Монгол: XX зууны гараан дээр”, “Britannica Монгол” нэвтэрхий толь зэрэг ном болон интернэтэд нийтлэгдсэн материалуудыг ашиглав. 



Х.Алтай