Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.03.27/ хуралдааны эхэнд хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ” гэж заасныг УИХ-ын дарга танилцуулав. Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн учир Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг .. үзэл бодол .. -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад .. сонгогдох эрхтэй. .." гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан бөгөөд Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, 1992 онд Үндсэн хуулиа баталж сонгуулийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Бие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулах квот тогтоох зохицуулалт нь тогтчихсон ойлголт гэж бодож байна.
Хүн нэр дэвших хүсэлтэй байж болох ч иргэдийн сонголтын үр дүнгээр гарч ирдэг. Өнгөрсөн жилийн сонгуулиар хамгийн багадаа 45 мянган хүний санал авч байж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 801 хүн дэмжиж гарын үсэг зурсан нь сонгуульд өрсөлдөх хэмжээнд хүлээн зөвшөөрч буйн илрэл бөгөөд ингэж хүлээн зөвшөөрөгдөж байж бие даан нэр дэвшигчийн хариуцлагын асуудал яригдах ёстой. 801 хүний гарын үсэг бол хүний сонгогдох эрхэд нөлөөлж байгаа зүйл биш гэж үзэж байгаа учир Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн саналтай байна гэлээ.
Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, 1992 оноос хойш парламентын есөн удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчид 801-ээс доошгүй тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулна гэсэн хуулийн заалт хэрэгжсэн. Парламентын сонгуульд бие дааж нэр дэвших эрхээ хязгаарлуулсан нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар гомдол гаргасан байна. 2016 онд дөрвөн хүн, 2020 онд 14 хүн, 24 онд гурван хүн, сүүлийн гурван удаагийн парламентын сонгуульд нийт 21 бие даан нэр дэвшигч сонгуулийн тойргийн хорооноос баталсан маягтад 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулах асуудлаас болж сонгуульд оролцож чадаагүй гэсэн тоо баримт байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн гол агуулга нь шалгуур тавьж байгаа нь буруу биш. Гэхдээ тухайн тойргийн сонгогчдын тоотой харьцуулахад босго шалгуур нь өндөр байна гэж байгаа юм. Мөн бүртгэл маягтыг долоохон хоногийн хугацаанд сонгуулийн хорооны ажилтнууд түүврийн аргаар судалж, асуудалд хэлбэр төдий хандаж хүний сонгогдох эрхийг хязгаарлаж байна. Энэ үйл ажиллагаа нь хуульчлагдаагүй, журмаар зохицуулагдаж байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн гол агуулга нь ийм байгаа. УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авна гэдэг нь бие даан нэр дэвшигчдэд шалгуур, босго огт тавихгүй гэсэн үг биш. Улс төрийн намыг байгуулахад 801-ээс доошгүй иргэний гарын үсгийг цуглуулахтай адилтгасан нь хэт өндөр шалгуур байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна гэсэн хариултыг өгсөн.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг батлав.
Дараа нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.
Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.
Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.
Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван шатны баримт бичиг байгуулахаар тохиролцжээ.
Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн гэлээ.
Хэлэлцээрийн хувьд Монголын талаас:
1/ төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр зам ашиглалтад орсны дараа гуравдагч талын ачааг тээвэрлэх,
2/ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэнэ,
3/ суурь үнийг хамгийн сүүлд баталгаажсан үнээр тогтооно гэсэн зарчмын саналыг Хятадын талд хүргүүлсэн гэж сайд мэдээлсэн.
Хятадын талаас эхний санал буюу өөр өөрийн царигийн стандарт, дүрэм журмыг баримтална гэдэг саналыг хүлээн авч, нүүрсний анхны үнийг “урт хугацааны гэрээний хамгийн өрсөлдөхүйц үнэ”-ээр тогтоох саналыг ирүүлсэн байна.
Хоёрдахь санал буюу барилга угсралтын ажлыг нэг гүйцэтгэгчээр хийлгэх асуудлыг Хятадын тал хүлээн аваагүй тул ойрын үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд өгөв.