Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын даргын энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хаваржилт хүндэрсэн зарим аймагт Шуурхай бүлэг томилон ажиллуулахаар боллоо.
Шуурхай бүлэг баруун болон төвийн бүсийн 13 аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдлыг газар дээр нь үнэлж, дүгнэн, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх, үүссэн цагийн байдалтай холбогдуулан газар дээр нь шийдвэр гаргаж, авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах юм.
Тэр дундаа отроор хаваржиж, алслагдсан газарт байгаа айл өрх, малчидтай уулзан, отрын штабын үйл ажиллагаатай танилцан, өвс, тэжээл шаардлагатай байгаа сум, баг, малчдад хүргэх ажлыг удирдаж, чиглүүлэх юм.
Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг удирдлагаар хангах, сумдад байгуулж буй мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газар, сайдын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих зэрэг цаг үеийн олон шуурхай ажил хийж гүйцэтгэх юм. Шуурхай бүлгийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар ахалж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд гишүүдээр ажиллаж байна.
 
 
Энэ дашрамд мэдээлэхэд Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямд үнээр олгохоор шийдвэрлээд байгаа юм. Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.  
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг