sonin.mn
Венецийн олон улсын урлагийн үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын павильоныг  Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж өчигдөр албан ёсоор нээлээ.
 
Венецийн Биенналийн үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны үзэсгэлэнгийн танхим ажиллаж буй бөгөөд  11 дүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
 
Венец хотноо 19 дүгээр зууны сүүлээс эхлэн хоёр жил тутамд зохиож ирсэн энэхүү үзэсгэлэнд манай улсын хувьд 2015 оноос оролцож байна.  “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” гэсэн сэдвийн дор зохион байгуулж буй энэ удаагийн Венецийн 58 дугаар олон улсын урлагийн үзэсгэлэнд Монгол Улс уран бүтээлч Э.Жанцанхоролын “Агшин зуур” хэмээх орон зайн баримлыг хөөмийн дуу авиатай хоршуулан абстракт дуу авиа гаргах онцлог уран бүтээлээр оролцож байна. Энэхүү дуу авианы куратороор Германы уран бүтээлч Карстен Николай ажиллаж буй ажээ.