sonin.mn
Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эхийг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас энэ сарын 16-нд хүлээн авав.
 
Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон 2 жилийн хугацаанд шаргуу ажилласны дүнд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдээс эхийг монголын ард түмэнд хүргэх боллоо. Эдгээр захидлууд нь олон нийтэд ил болоогүй, судалгаанд ороогүй байгаа нь Монголын түүхийн сурвалж бичгийн сан хөмрөгийг нэмэх, цаашлаад түүхийн шинэ судлагдахуун болох чухал ач холбогдолтой юм.
 
​Мөн үеэр Ватиканы нууц архивт хадгалж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгүүдийг нээн илрүүлэх, судлах чиглэлээр тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.