sonin.mn
Монгол Улсад нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс зүй бус үйлдэл, хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч буй “шүгэл үлээгч”-ийг болзошгүй эрсдэлээс хамгаалах болон урамшуулах бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Мэдээлэл өгч байгаа иргэн, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх”-ээр тусгасан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бий болгох хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлыг ярилцаж, хэлэлцэх зорилгоор “Мэдээлэгчийг хамгаалах бодлого, арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Олон нийтийн төвд зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус конвенцийн 33 дугаар зүйлд “Мэдээлэгч улс бүр энэхүү конвенцид тодорхойлсон гэмт үйлдлийн талаарх аливаа баримт нотолгоог шударга ёсны үүднээс эрх бүхий байгууллагад үндэслэлтэй мэдээлэл өгсөн этгээдийг шударга бус хандлагаас хамгаалах зохих арга хэмжээг дотоодын эрх зүйн тогтолцоондоо нэвтрүүлэх асуудлыг авч үзнэ” гэж тунхагласан байдаг. Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх үүргийг хүлээж байгаа юм. хэмээн онцолж байв. Нөгөө талаас мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх ажлыг олон улсын шинжээчид хангалтгүй гэж үнэлэн холбогдох зохицуулалтыг бий болгох талаар зөвлөмж өгсөөр байгаа юм.
 
 
 
Нээлттэй хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газраас гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Глоб интернэшнл төв, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ, АНУ-ын Азийн сан, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, Авлигатай тэмцэхэд шүгэл үлээгч буюу мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал, Шүүмжлэгчийг хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, онцлог, үр нөлөө, Авлигатай тэмцэх үйл ажиллагаа ба шүгэлдэгчийн хамгаалалт, Сэтгүүлчийн аюулгүй байдал ба эрх зүйн хамгаалалт, Шүгэл үлээгчийг хамгаалах Австралийн хууль тогтоомжийн онцлог, туршлага  зэрэг илтгэлүүдийг сонсож, хэлэлцэв.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Нийтийн ашиг сонирхлын төлөө зүй бус үйлдлийг мэдээлж, шүгэл үлээхийг ардчилсан нийгэмд иргэний хүлээх ёстой үүрэг  гэж үздэг. Гэтэл Монгол Улсад зүй бус үйлдлийн талаар шүгэл үлээсэн иргэнийг хамгаалах механизм бүрдээгүйн улмаас үйлдэл, эс үйлдэхүйг мэдээлсний дараа гарах эрсдэлээс болгоомжлон иргэд мэдээлэл өгдөггүй, өгөхийг хүсдэггүй байдал ажиглагдаж байна. Хэлэлцүүлгийн оролцогчид мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчин, зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Зөвхөн мэдээлэгчийг хамгаалахаас гадна мэдээлэгчийг урамшуулах асуудлыг хамтад нь авч үзэж, шийдэх хэрэгтэй талаар санал гаргалаа. Хэлэлцүүлгийн эцэст мэдээлэгчийг хамгаалах асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллах, ажлын хэсгээс гарсан саналыг УИХ дахь Авлигын эсрэг бүлэг зэрэг эрх бүхий субъектэд хүргүүлэхээр тогтлоо” хэмээн дүгнэв.